Англи, Францын тэнгисийн цэргийн хүчин тулалдсан түүх

1940 оны 05 дугаар сарын 10-нд Германы арми тухайн үеийн Европ тивийн хамгийн хүчирхэг цэрэг армитай Франц руу гэнэт довтлож 6 долоо хоногийн дотор эзлэж авсан юм. Байлдааны үндсэн ажиллагаа 1940 оны 06 дугаар сарын 06-нд дууссан хэдий ч 1940 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Герман, Франц хоёр улс эвлэрлийн гэрээ байгууллаа. 

Энэхүү шинэ нөхцөл байдал нь хэмжээ, далайцаараа дэлхийд дөрөвт орох хүчирхэг Францын тэнгисийн цэргийн хүчний хувь тавиланг шийдэх асуудал Англи орны хувьд амин чухал асуудал болсон юм. 

Английн ерөнхий сайд В.Чөрчиль болон түүний Засгийн газрыг хамгийн айлгаж байсан зүйл бол хэрвээ Францын тэнгисийн цэргийн хүчин эсрэг талын дайсан болох Герман, Италийн гарт орвол Хойд тэнгис, Атлантын далай, Алс дорнод, Газар дундын тэнгисийг дамнасан хилийн шугамыг хамгаалахад Эзэн хааны тэнгисийн цэрэг хүчрэхгүй гэж бодож байлаа. 


Хэдийгээр эвлэрлийн гэрээнд Францын тэнгисийн цэргийг Герман эсвэл Италийн аль нэг нь ашиглахгүй гэсэн заалт байсан хэдий ч англичууд үүнд огт итгэсэнгүй. Нөгөө талаар Францын тэнгисийн цэргийн сайд, адмирал Жеан Дарлан нь англичуудад таагүй ханддаг хүн байсан ба өөрийн захиргаанд байсан дарга нартаа ямар ч тохиолдолд Германчууд ашиглахад бэлэн байлгах зааварчилгаа өгсөн байв. 
Энэ үед Францын тэнгисийн цэргийн хүчний ихэнх хэсэг нь Газар дундын тэнгис, Англи орон болон Кубын ойролцоох Баруун францын арлуудын боомтуудаар тараан байрлаж байлаа. 
Гэхдээ францын Газар дундын тэнгисийн хамгийн том бүлэглэл Алжир дахь Мерс-ел-Кебир боомтод зангуугаа хаяад байсан ба энд 26,500 тонн түрцтэй хоёр нэгж шинэ, 2,189 тонн түрцтэй хоёр нэгж хуучин байлдааны усан онгоц, нэг нэгж 10,000 тонн түрцтэй усан онгоц тээвэрлэгч хөлөг онгоц, мөн 6 нэгж том хэмжээний байлдааны хөлөг багтаж байв. 
Үүнээс гадна ойролцоох Оран нэртэй боомтод 7 нэгж байлдааны усан онгоц, 4 нэгж шумбагч завь байсан юм. Түүнээс гадна бүрэн баригдаж дуусаагүй 38,000 тонн түрцтэй нэг хөлөг францын "Марокко"-ын Касабланкад, бас нэг хөлөг францын мэдлийн Баруун Африкийн Дакарт, мөн 22,189 тонн түрцтэй нэг хөлөг, бас 4 нэгж усан онгоц нь Английн мэдлийн газар дундын тэнгис дэхь Александр хотын боомтод зогсож байсан юм. 
Ерөнхий сайд В.Чөрчиль болон тэнгисийн цэргийн штаб нь газар дундын тэнгист францын үлдээсэн орон зайг нөхөх зорилгоор хүчирхэг эскадриль байгуулах, шаардлагатай бол Францын тэнгисийн цэргийн бүлэглэлийг устгахаар төлөвлөж байлаа. Энэ санааг Батлан хамгаалах яам хүлээн зөвшөөрч, дөнгөж саяхан зэвсэгт нэгт ахан дүүс байсан улсынхаа усан онгоцнуудыг устгах байлдааны төлөвлөгөө боловсруулах ажилдаа оржээ. 
Ингээд 1940 оны 06 дугаар сарын 28-нд Францын газар дундын тэнгис дэхь тэнгисийн цэргийн бүлэглэлийг аюулгүй болгох эсвэл устгах зорилготой "Н" томилгоот хүчийг Гибралтарын хоолойд хүч хуралдуулсан бол францын тэнгисийн цэргийн хүчийг буулгаж авах ажиллагааг "Catapult" гэж нууц нэрээр нэрлэв.
"Н" томилгоот хүчний бүрэлдэхүүнд 22,000 тонны түрцтэй "Ark Royal" хөлөг онгоц тээвэрлэгч, 42,100 тонн түрцтэй "Hood" флаг шип, 2 нэгж байлдааны хөлөг, 29,150 тонн, 30,600 тонн, 5,220 тонн, 7,550 тонн түрцтэй онгоц тус бүр нэг нэгж, 11 нэгж сөнөөгч усан хөлгөөс бүрдэж байв. 
Томилгоот хүчний командлагчаар 57 настай дэлхийн нэгдүгээр дайны ахмад дайчин, хашир, туршлагатай дэд адмирал Жэймс Сомавилле томилогдсон ба түүний байлдааны туг нь английн хамгийн хүчирхэг "Hood" хөлөг дээр мандаж байлаа. 
"Catapult" ажиллагаа 1940 оны 07 дугаар сарын 03-нд эхлэх үед байлдааны усан онгоц, мина тавигч, мина шүүрдэгч, шумбагч завь, шумбагч завь эсэргүүцэгч, торпед харвагч, чирэгч, чиргүүл зэрэг 200 гаруй францын усан онгоцнууд хөлгийн багийн гишүүдийн хамтаар английн усан боомтуудад зогсож байсан билээ. Эдгээр францын онгоцнуудыг эзлэж авах арга хэмжээг цэргийн давуу хүч ашиглан нууцаар гэнэт хэрэгжүүлсэн юм. Францын ихэнх далайчид англичуудад өөрсдийн усан онгоцоо найр тавин өгч, тэднийг дагасан боловч зарим нэг зэвсэгт тулгаралт болж байжээ. Эдгээр францчууд хожим чөлөөт францын бүрэлдэхүүнд багтаж, германы эсрэг тулалдсан байдаг.
1940 оны 07 дугаар сарын 03-нд дэд адмирал Ж.Сомавиллийн командласан "Н" томилгоот хүчин Алжир дахь Мерс-ел-Кебир боомтыг чиглэн хөдөлгөөн үйлдэж, францын командлагч адмирал Марсел Женсоултой холбоо тогтоон уулзах санал тавьжээ. Францын адмирал М.Женсоул уг саналыг хүлээж аваагүй тул хоорондоо зөвхөн захидлаар харилцаж байжээ. 
Английн тэнгисийн цэргийн штабаас францын адмиралд дараах 4 сонголтыг тулгасан байдаг.

Үүнд:

 Задгай далайд гарч Эзэн хааны тэнгисийн цэрэгт нэгдэх;

Хөлгийн багийн гишүүдийн тоо багасгаж английн боомт руу хөдлөх, тэнд нь усан онгоцнуудыг шилжүүлж өгөх ба багийн гишүүдийг буцааж явуулах;

Дакар дахь боомт руу цөөн тооны багийн гишүүдтэй хөдөлгөөн үйлдэж, усан онгоцнуудаа ашиглах боломжгүй болгох;

Бүх усан онгоцнуудаа 6 цагийн дотор живүүлэх;

1940 оны 07 дугаар сарын 03-ны өглөөний 09.10 цагт английн "Н" томилгоот хүчин Мерс-ел-Кебирт дөхөж ирээд боомтын зогсоолд буй Францын усан онгоцнуудыг харахуйц зайд зогсож байраа эзлэв.

Англичууд хуучин Парист тэнгисийн цэргийн атташе байсан хурандаа Холландыг хэлэлцээр хийхээр илгээсэн боловч франц адмирал түүнийг хүлээж авсангүй. Ингээд англичууд радиостанцаар тулган шаардах бичгээ дамжуулаад хариу мессеж хүлээлээ. Өдрийн 12.00 цагт дэд адмирал Ж.Сомавилле нь "Францчуудын хариуг 15.00 цаг хүртэл хүлээнэ, түүнээс цааш цаг байхгүй. Мөн францын усан онгоцнууд боомтоос гарах оролдлого хийвэл гал нээх болно" гэсэн утгатай мессеж дамжуулжээ. Харин 15.00 цагт францын адмирал уулзахаар болсон тухай хариу ирүүлснийг английн тэнгисийн цэргийн штабт дамжуулсан ба францчууд зөөлөрч байна гэж бодож байв. 
Гэвч английн цэргийн тагнуулыхан францчуудын хоорондоо харьцаж байсан радио долгионыг барьж аваад кодыг нь тайлж уншиж чадав. Францын адмирал хэлэлцээр хийх тухай ярьж цаг хожиж байх хооронд ойролцоо байрлаж буй бусад тэнгисийн цэргийн хүчнээс тусламж авах, английн тулган шаардлагын хариуг "Галаар хариулах" тухай ярилцаж байжээ. Тийм учраас английн тэнгисийн цэргийн штабаас "Асуудлыг яаралтай шийдэхгүй бол эсрэг талд туслах хүч удахгүй ирэх болно" гэсэн чиглэл өгсөн байна. 
17.15 цагт англичуудаас "Манай тавьсан болзолыг 17.30 цагт хүлээж авахгүй бол гал нээж, усан онгоцыг нь живүүлэх болно" гэсэн сүүлийн анхааруулгыг францчуудад илгээв. Гэвч 17.55 цагт францчууд ямар ч хариу өгөөгүйгээр барахгүй мина тавигч хөлөг нь хамгаалалтын шугамын дагуу соронзон мина тавьж эхэлсэн байна. 
Үүнийг харсан английн байлдааны үндсэн хөлөг нь өөрийн 38,1 мм-ийн калибрын 6 нэгж их буугаар францын усан онгоцуудыг 16 мянган метрийн зайнаас буудаж эхлэхэд бусад хөлгүүд нь мөн адил гал нээсэн ба францын хөлгүүд ч гэсэн хариу гал нээжээ. Энэ бол дэлхийн хоёрдугаар дайнд тэнгисийн цэргийн анхны тулалдаан болж түүхэнд үлдсэн билээ. Англичууд давхар далавчтай онгоц хөөргөж, тулааны талбарыг ажиглаж, төвдөө мэдээлэл дамжуулж байлаа. 

Английн тэнгисийн цэргийн хөлгийн их буунууд 10 минут орчим үргэлжилсэн буудлагын дараа боомт битүү утаа, галд автаж, суманд оногдсон хөлгүүд шатаж, живж эхэлсэн тул 18.04 цагт дэд адмирал Ж.Сомавилле гал зогсоох тушаал өгчээ. 
Энэ үед францын тэнгисийн цэргийн 1 онгоц живж, 7 хөлөг гэмтэл авч, 1,297 цэргийн алба хаагчийн амь үрэгдсэн байлаа. Харин энэ хугацаанд францын толгой усан онгоц нь 5 нэгж усан онгоц боомтоос гарч амжаад эрэг даган зугтаж явааг нисэх онгоц ирүүлж, ар тал руу мэдээ дамжуулсан байна. 


Төв штабаас дэд адмирал Ж.Сомавиллийн томилгоот хүчийг францчуудын араас нэхэх шаардлагагүй талаар зааварчилгаа өгсөн тул тэдний араас торпед зүүсэн 6 нэгж онгоцыг 20.55 цагт араас нь нисгэсэн боловч алдсан байна. Гурав хоногийн дараа, 1940 оны 07 дугаар сарын 06-нд уг боомт руу дахин онгоцнууд илгээж, усан дээр тогтож үлдсэн францын усан онгоцыг торпедоор бүрэн живүүлсэн байна. 
Харин 07 дугаар сарын 07-нд английн Эзэн хааны тэнгсийн цэргийн хүчнээс францын "Марокко"-ын Касабланка болон баруун Африкийн Дакар дахь боомтуудад зогсож байсан францын усан онгоцнуудыг устгах ажиллагааг явуулсан бол 07 дугаар сарын 18-нд Суэцийн суваг дахь францын бүх худалдааны усан онгоцнуудыг бүрэн хяналтад оруулж чадсан байна. 
Ажиллагааны үр дүнд английн Эзэн хааны тэнгисийн цэргийн хүчин, францын тэнгисийн цэргийн ихэнх хүчийг устгаж, стратегийн зорилтоо биелүүлж чадсан ба энэ явдлыг ерөнхий сайд В.Чөрчиль "Бидний хувь тавиланг эргүүлсэн үйл явдал болсон" гэж дүгнэсэн байдаг. Үүнээс болж Францын засгийн газрыг толгойлж байсан маршал П.Петайн, англи улстай дипломат харьцаагаа таслаж, германчуудтай илүү ойр, идэвхитэй ажиллах бодлого баримтлах болсон. Гэвч англичуудын энэ алхам нь америкуудад нөхцөл байдлыг огт өөрөөр харах боломжийг олгож, улмаар газар дундын тэнгист ноёрхолоо тогтоох тулалдааны эхлэх нь болсон юм.



avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3252

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%