Тоо зүй

Тоозүй? Ийм үг Монгол хэлэнд байхгүй дээ гэж та гайхаж байж магадгүй. Үнэхээр ийм үг байхгүй нь үнэн. Ямар ч байсан Я. Цэвэл гуайн "Монгол хэлний товч тайлбар толь"-д байхгүй.

Гэхдээ энэ бол байх хэрэгтэй үг гэж би боддог. Утгыг нь та шууд тааж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна (математик). Бид шинэ ойлголтыг авч хэрэглэхдээ Монгол хэлэнд маань утга агуулагын хувьд яг тохирсон үг нь байсаар байхад яагаад тэр үгээ хэрэглэхгүй (эсвэл тоозүй шиг таарсан үгийг нь зохиохгүй), харин гадаад үгийг монголчилж хэрэглэх ёстой билээ? Ингэсэн жишээ миний мэргэжил болох тоозүйд лав маш их байдаг. Зөвхөн тооны төрөл дээр гэхэд

  • натурал тоог байгалийн тоо
  • рационал тоог харьцаан тоо
  • комплекс тоог нийлмэл тоо

гэж нэрлэхэд болмоор санагдаж байна. Мэдээж "бүхэл тоо", "бодит тоо" гэх мэт Монгол үгээ хэрэглэсэн жишээнүүд ч байна. Бүхэл тоо гэхийн оронд интижер тоо, бодит тоо гэхийн оронд реал тоо гэж бага дунд ангийнхан маань хэлж байна гээд төсөөлөөд боддоо. Аль нь илүү ойлгомжтой байх вэ? Өнөөдөр 8 дугаар ангийн хүүхэд "функцын композиц" гэж хэлээд сууж байна. Энэ нь тухайн ойлголтыг ойлгоход дөхөм болно гэж итгэхэд тун бэрх. Яг юу гэж орчуулах нь зөв бэ гэдэг дээр хэлзүйчид, тоозүйчид маань хамтран ажиллах нь зүйтэй болов уу. Миний хэлэх гэсэн гол санаа бол ямар ч байсан орчуулах нь зүйтэй.

Үе үеийн тоозүйчид маань маш олон ойлголтыг оновчтой орчуулсан гэдгийг би энд үгүйсгээгүй, харин нэмээд бидэнд хийх хэрэгтэй, дутуу үлдсэн ажил их байна гэх гэсэн юм.

Амжилттай орчуулж чаддаг жишээ бол миний мэдэхээр Япон хүмүүс. Жишээ нь Японоор "парабол" гэхийг үгчилж орчуулбал "юм шидсэн муруй" болно. Амьдрал дээр (агаарын эсэргүүцэлийг эс тооцвол) шидэгдсэн биет үнэхээр парабол муруйгаар нисдэг тул үүнийг оновчтой орчуулга гэхээс аргагүй. Матриц гэхийг "мөр багана" гэх жишээтэй. Өөрөөр хэлбэл нэр нь маш их ойлголтыг өөртөө агуулж байна гэсэн үг. Мэдээж ханз үсэг хэрэглэдэг учраас ийм орчуулга хийхэд харьцангуй хялбар л даа. Гэхдээ бид ч гэсэн функц гэхийн оронд харгалзаа гэж яагаад болохгүй гэж? Угаасаа (тоозүйн) функц гэж тоонд (яг нэг) тоог харгалзуулдаг эд гэж тодорхойлдог биз дээ?

Эцэст нь энэ бүхэн зөвхөн тоозүйд хамааралтай биш гэдэг нь илэрхий тул бусад мэргэжлийнхнийгээ ч гэсэн Монголоороо бичиж Монголоороо ярья гэж уриалъя.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4343

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%