НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА: Гадаад дахь Монгол сургуулиудыг дэмжих талаар бодож үзээч САЙДАА

Баруун Европын Бельги хэмээх хөгжингүй улсад амрах зуураа Монголчуудынхаа шинэ жилийн баярт оролцож олон шинэ мэдээлэл авлаа.

Харь хол амьдран суугаа хаа газрын Монголчуудын сэтгэлийн уяа болсон нэг зүйл байдаг нь үр хүүхдээ хэрхэн монгол хэл соёлтой нь ойр байлгаж өвлүүлэх асуудал байдаг нь энд ч мөн ялгаагүй бололтой.

 Бельги улсад 27 сурагчтай, Голландад 19 хүүхэдтэй "Ирээдүй 1", "Ирээдүй 2" нэрт монгол сургууль байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь одоохондоо сайн дурын үүсгэл, сэдэл дээр тулгуурласан аж.

 Гадаадад амьдран суугаа Монгол хүүхдүүдэд "Монгол хүүхдэд" л байдаг онцгой нэгэн од хийморь илт харагддаг л даа. Бельги улсад сурч боловсорч байгаа хүүхэд багачуудад ч тэр чанар бас л харагдаж байна. Гадаадад гарсан монголчуудын маань хүүхдүүд өсөж томроод их дээд сургуулиа нарийн мэргэжлээр амжилттай дүүргэн ажил амьдралынхаа гарааг эрчтэй эхлэж байгаа нь бахтай.

 Европын 2-3 хэлтэй тэр залуустаа багаас нь монгол хэл соёлоо өвлүүлж чадвал алсдаа монгол зүрх сэтгэлтэй, тэдгээр чадварлаг залуус эх орныхоо бүтээн байгуулалтанд том туслалцаа үзүүлж таарна. Энэ арга хэмжээг үр бүтээлтэй зохион байгуулж чадах бөгөөс маш хямд төсөр атлаа асар том оюуны хөрөнгө оруулалтыг хүүхэд залуустаа оруулж байгаагийн нэг илрэл болох юм шүү.

Энд байх зуур засгийн газрын зүгээс энэ асуудлыг анхаарч гадаадад байгаа Монгол сургуулийн байрны түрээс болон багшлах боловсон хүчний зардлыг төрөөс даахаар эрчимтэй яригдаж байгаа тухай сонслоо. Энэ бол тун сайн хэрэг. Гэхдээ миний санахад эхлээд 1-2 улс оронд ажиллаж байгаа Монгол сургуулийг сонгон аваад түүнд түшиглэсэн хөрөнгө оруулалт хийж, богино хугацаанд үр дүн гарсан хойно тэрхүү шилдэг арга туршлагыг бусад улс орнууд руу түгээх нь оновчтой шийдэл байж болмоор санагдана. Хэрвээ энэ асуудал нааштай шийдэгдвэл гадаадад ажиллах Монгол сургуулийн багш нарыг ил тод, нарийн хяналт шалгалтаар сонгон шалгаруулах нь зүйтэй юм.

Үүний тулд эхлээд Бельги улсад байгаа Монгол сургуулийг үлгэр жишээ түшиц бааз болгон шалгаруулваас боломжтой санагдав. Бас Монголчууд сүүлийн үед олон зуу мянгаараа ажиллаж амьдрах болсон Чех улсад шинээр Монгол сургууль байгуулаад хүчтэй дэмжлэг үзүүлж яагаад болохгүй байх билээ. Хэрвээ энэ асуудлыг төр засгийн зүгээс нааштай шийдэж өгвөөс миний бие өөрийн арга туршлагаа харамгүй зориулахад бэлэн байна.

Санхүүжилтийн хувьд манай улсад сайн ухваас нөөц бололцоо хангалттай байгаа. Жил болгон Кэмбрижийн боловсролын үйлчилгээний зардал нэртэй гадаад руу урсаж байдаг олон арван тэрбум төгрөгийн ердөө 1 хувийг энэ үйлсэд зарцуулж болно. Бас хэдэн арван сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуулиудад олгоод байгаа урсгал зардлын тодорхой хэсгийг энэ үйлс рүү чиглүүлэхэд яагаад болохгүй байх билээ? Монгол соёлыг дэмжих сан нэртэй ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой бус байгууллагад овоо олон тэрбум төгрөг байршчихаад байгааг жинхэнэ зарцуулах ёстой объект нь гадаад улс орон дахь Монгол сургууль байлтай санагдах юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа шийдэмгий зоримог алхмууд олон түмний талархлыг зүй ёсоор татах болсон. Тэгвэл Гадаад дахь Монгол сургуулиудыг дэмжих талаар бас л нэг шийдэмгий алхмыг даруй эхлүүлвэл улс орныхоо ирээдүйн хөгжилд тустай маш том оюуны хөрөнгө оруулалт болж мэдэхээр байна шүү гэдэг санааг энэ бичлэгээр уламжласу.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3522

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%