Түүхийн гашуун сургамж

Миний санахад 15-17 дугаар зууны эхэн хагас хүртэл Монгол угсаатны чамгүй хүчирхэг үе байсан санагддаг. Та бүхэн доорх газрын зурагнаас тухайн үеийн Мин улс ямар бага газар нутагтай байсныг харж байна уу? Зүүн хойд хэсгээр орших зүрчдүүдийг эс тооцвол одоогийн Шинжаан, Сибирь тэр чигээрээ Монгол угсаатны эзэмшилд байсны зэрэгцээ Гүүш хааны угсааныхан Төвдийг бүрэн эрхшээлдээ оруулж, Доголон Төмөрийн угсааны Могулчууд Энэтхэг, Афганистаныг ид эзлэн захирч байсан үе билээ. Ер нь тухайн үед нийт Монгол угсаатны тоо 12 сая байсан тухай бичлэгүүддээ нэлээд дурддаг.

Тэгвэл Манжууд Нурхач баатрынхаа тугийн дор нэгдэн нягтрахад хүн ам нь дөнгөж долоон зуун мянга хүрэхтэй үгүйтэй байсан гэдэг. Зарим Хятад судлаач бүр 300 мянга орчим хүн байсан ч гэж үздэг юм билээ?

Нэгэн сонирхолтой жишээ хэлэхэд

Нурхач баатрын 16 хатангийн хоёр нь Монгол, Амбагай сэцэн хааны 15 хатны 7 Монгол гэх мэтээр олшроод байсан нь бас л нэгийг хэлж хоёрыг сануулаад байгаа биз? Тэдний дундаас Бумбардай хатан хэмээгч Хорчин язгууртны охин Манжийн төр самуурахын даваан дээр ирчихээд байхад төрийн удирдлагыг гартаа бүрэн авч нялх бага Энх-Амгалан хааныг хүмүүжүүлэн төрийн жолоог төвөггүйхэн найр тавьж байсан удаатай юм.

Ер нь Манж Цингийн төрийн эхэн үед Монгол Манжийн язгууртнууд төрийн үйл хэрэгт бараг ижил оролцоотой нэгдмэл зорилготой байж чадсан нь Мин улс хэмээх 80 сая хүнтэй том гүрнийг эрхшээлдээ оруулах боломж олгоод түрүү үеийн ноёд түүний ашиг тусыг ханатлаа хүлээсэн нь ойлгогддог. Гэвч засгийн эрхийг авсаны дараа Манжууд туст хамтрагч нь байсан Монголчуудыгаа мөхөөн доройтуулах бодлогыг ураг барилдах, шарын шашны дэг ёсонг гажуудуулан хэрэглэх, цалин пүнлүү зэрэг олон арга хэрэгслээр явуулж ирсэн юм. Тэр дундаа Монголчуудын хүчирхэг байхын үндэс болсон чөлөөтэй өвс усны соргог тунгалагийг дагалдан нүүдэллэж ирсэн уламжлалыг таягдаж аймаг, хошуу, сум, отог баг гэх мэт хуваарьт шилжүүлэн суулгаж өөрийн дураар шилжин суурьшихыг чанад хатуу хориглосон нь хамгаас хорлонтой. Бас Монголчуудын аюумшигт хүчит зэвсэгт тооцогддог «Эвэр нум» болон хат сайт илд сэлмээ үйлдвэрлэх боломжуудыг ч хааж байжээ.

Дээр өгүүлсэн шарын шашны гажуудлын тухайд манай ардын засагтай нэлээд хамтран ажиллаж Жан Зуо Линьг тогтооход гол үүрэгтэй байсан Умард Хятадын цэргийн эрхтэн Фэн Юй Сян генералын «Миний дурдатгал» номонд сонирхолтой баримт олон бий. Иймэрхүү зүйл бичих гэхээр марган эсэргүүцэгчид олон байдаг тул төвөгшөөгөөд бага сага хойрго болсныг зарим гярхай уншигчид анзаарсан байх аа. Түүнд өгүүлснээр:

Халх, Өвөрмонголд нэг малчин өрх хэдэн ч эрэгтэй хүүхэдтэй байсан хамаагүй ганц нь мал хариулаад гэртээ үлдэж бусад нь лам болох албатай шахам байжээ. Өөрөөр хэлбэл 7 эрэгтэй хүүхэдтэй айл байсан ч зургаа нь лам болох тохиолдол олон гэсэн үг л дээ. Угтаа бол шашны цэвэр ариун сурталд дээдийн багш буюу лам болох хүүхдийг угсаа гарал, царай зүс, оюун билиг гээд маш нарийн шалгуураар авч үздэг.

Тэр ч утгаар Бурханы шашны хөгжлийн түрүү үед хаан язгууртай болон бярман угсааны дээдийн сайн багш нар олон байсан нь тийм учиртай байж таарна.

Дээр нь Тэтгэсэн хааны үеэс улбаатай алтан бумбанд нэр дэвшигч хүүхдүүдийн нэрсийг бичиж хийгээд сугалаад гарч ирснийг нь Манжийн хаан батламжилдаг байсан зэрэг нь эрүүл ухаанаар бодвол бас байж боломгүй бодууштай хэрэг. «Нэг ламын сүм буман цэрэг лүгээ тэнцмүй.» хэмээн Тэнгэр тэтгэсэн хааны өөрийн гараар бичсэн уран бичлэг өнөө хэр Чэндө хот дахь сэрүүн лаврингийн үүдэнд байсаар байгаа нь бас л энэ тухай нэгийг хэлээд байж таарна.

Гэхдээ Манжийн төрийн бодлогын харгислал болон Оросуудын түрэлтийн хор уршгийг тухайн үедээ гярхай ажиглан хараад хамтран сэргийлэхээр тухайн үеийн ухаалаг улс төрчид хамтарч байсны жишээ олон юм шүү. Эдний тоонд Лигдэн хааны нэрийг дурдахгүй байх аргагүй. Лигдэн хаан Манжуудын далд санаархал бодлогыг сайтар мэдэж байсан болохоор Мин улсыг дэмжих бодлого явуулж байгаад сүүлд нь Манж Өвөрлөгч ноёдын хамтарсан хүчинд цохигдон Хөхнуур руу Цогт тайж лугаа хүч нийлэхээр 100 000 хүнээ аваад дутаажээ. Энэ хоёр эрхэм уулзаад эхний үеийн үйл ажиллагаагаа тухайн үеийн Төвдийн улааны урсгалыг баримтлагч ноёдтой хамтарч эхлүүлсэн юм байна лээ. Харин удалгүй Лигдэн хаан бодоо өвчин тусаж тэнгэрт хальсаныг бид бүхэн мэднэ.

Ойрд Зүүнгарын хаант улс гэхээр биднийг дунд болон их дээд сургуульд сурч байхад одоогийн Увс Ховд аймагт л оршиж байсан төдийхнөөр ойлгуулж заадаг байсан даа. Би л хувьдаа тэгж ойлгодог байснаа одоо санахад ичмээр. Үнэндээ Ойрдын уугуул нутаг бол одоогийн Шинжаан тэр чигээрээ юм. Бараг одоогийн манай улсаас ч том байсан байх шүү. Гэтэл Ойрдын хүн амын тоо өсөж олшроод Хоо өрлөг ноён 250 000 хүн амыг дагуулан ижил Мөрний сав газар очиж суурьшсан нь нүүдэлчин угсаатны түүхэн динамик хөгжлийн бодит зүй тогтол юм. Гол нь нутаг бэлчээрээ булаацалдаад хүчтэй нь үлдэж хүчгүй нь өөр шинэ нутаг орныг тэмцэн явах учиртай байсныг л харуулж байгаа хэрэг юм. Энэ нь хувь хүмүүсээс хамааралтай хэрэг биш нүүдлийн маш аж ахуйн дотоод зүй тогтол буюу нутаг бэлчээрийн хүчин зүйлтэй холбоо бүхийг ойлгож байна уу?

Би «Цогт тайж» киног багаасаа олон удаа үзэхдээ Гүүш хааныг эсрэг муу талын дүр мэтээр төсөөлсөөр ирсэн. Гэтэл харин түүхэн сурвалжуудад олонтоо тэмдэглэсэнчлэн Казах, Киргизүүдтэй хийсэн олон удаагийн дайныг бүр 12 настайгаасаа оройлон удирдаж байсны сацуу 1640 оны гэдэг байх аа «Халх Ойрадын цааз» нэрт тунхаглалыг гаргахад маш чухал үүрэгтэй оролцсон тул Гүүш буюу «Улсын багш» хэргэмээр шагнагдаж байсан аж. Тэгээд Цогт тайжтай хийсэн тулалдаанд ялсаны дараа Шинжаантай залгаа орших Хөх нуур Төвдийн өндөрлөгийг өөрийн хошууд аймгийнхан лугаа хамтран эзэгнэж итгэлт хамтран зүтгэгч Эрдэнэбаатар хунтайж тэргүүтэй үлдсэн хүмүүс Зүүнгарын хаант улсын уугуул нутгийг эзлэн суужээ.

Зөвхөн Зүүнгарын хаант улс л гэхэд ийм хөлтэй том хөдлөж байгаа юм чинь бусад Буриад, Халх, Өвөрлөгч нар хүчээ нэгтгэсэн бол Монголын түүх одоогийнхоос тэс өөр байж ч мэдэх юм. Гэхдээ түүхэнд «Хэрвээ» гэдэг сонголт байдаггүйг яалтай гэсэн хэллэг байдаг л даа. Увш хааны ноёрхлын үед Оросууд торгууд залуусыг олон арваар дайчилж эзлэн Турк болон Кавказын улсуудтай хийсэн дайны үеэр амь үрэгдэгсдийн тоо 70-80 мянгаар тоологдож байсан гэхээр хүн ам нь наанадаж 500-600 мянга шахам болтол өсөөд байсан болов уу. Увш хаан 170 мянган торгуудыг удирдан тэрслээд дорно зүг рүү буцдагийн гол шалтгаан дээрх амь эрсдэлтэй холбоотойн зэрэг Оросын хатан хаан тэднийг Үнэн алдартны шажиндаа орохыг хүчлэн шаардах болсон нь ч уугуул эх нутгаа тэмцэх шалтгаан болжээ.

Түүнээс өмнөхөн Зүүнгарын хаант улсын хүн ам ч олноороо өсөн нэмэгдсээр Даваач хааны үед хамгийн багадаа 600 мянгад хүрээд байсан гэж зарим түүхчид үздэг. Энэ нь нүүдэлчдийн хувьд бас л асар их хүч байв. Гэвч Монгол угсаатанд нүүрлэсэн эрх мэдлийн төлөөх тэмцэл хямралаас гадна Манжийн хааны зүгээс Өвөрлөгч, Халх ноёдод ханаж цадтал өгч байсан эд мөнгө, хэргэм зэрэг нь Зүүнгарын цөөнгүй ноёдыг өөрийн талдаа урвуулан татах болсон юм. Ямар сайндаа Даваачийг дайлан эзлэх цэргүүдийн олонх нь Зүүнгарын урвагч ноёдын албат байгаад үлдсэн маш цөөхөн хувь нь манж, хятад цэргүүд байсан тухай хятадын түүхийн номуудад бичсэн байхав дээ? Бас Халх, Өвөрлөгч цэргүүд ч олон тоогоор уг дайнд оролцсон нь тодорхой. Даваач хаантай эрх мэдэл булаацалдан ялагдаад Тэнгэр тэтгэсэн хаанаас тусламж гуйн урвагч ноёдын их хүчийг дагуулан дэд жанжин цолтойгоор буцаж ирсэн Амарсанаагийн хаан суурийг санагалзах «Сэрүүн зүүд» цаашлан хөвөрсөөр үндэс угсаатнаа хүйс тэмтрэх аймшигт хядлага болон хувирах юм гэж тухайн үед хэн ч бодоогүй байх аа. Ер нь Монгол угсаатны дундаас өөрийн хүч чадал, уламжлал, соёл тэргүүтнийг хадгалан үлдсэн Зүүнгарчуудыг хядах сэдэл Тэнгэр тэтгэсэн хаанд тэр даруй төрж хүч тэнхээтэй Ойрад эрчүүдийг толгой дараалан хядахын сацуу бүсгүйчүүд, хүүхдүүдийг цэрэг дайчдын олз хишиг болгон хуваасан гэдэг. Дээр нь бас дайны хажуугаар дажин гэгчээр айхтар өвчин тахал дэлгэрсэн нь ч Зүүнгарын хаант улсын хүн амыг аймаглан устгах нэрмээс болсон байж таарна. Бараг ганц ч хүн хар үлдээгүй шахам Ойрдын уугуул нутаг дэвсгэрийг «Синьзян» буюу Шинэ хязгаар хэмээн нэрлэснийг та бүхэн мэдэх байлгүй.

Ер нь түүхийн хүрдийг буруу эргүүлж үндэс угсаатнаа толгой дараалан хядуулах шалтгааныг үүсгэсэн Амарсанаа бол аргагүй баатар хүн мөн. Гэхдээ түүхийн үнэн мөний үүднээс «Аруухан баатар» уу? Аль эсвэл «Зальхай баатар» байсан уу гэдгийг ч ултай судлууштай юм. Монголын түүхэнд энэ мэт ултай судлаж тодлууштай зүйл захаас аван замаар дүүрэн байдгийг яалтай.

Увш хаан торгууд угсаатнаа дагуулаад зүүн зүгийг зорьдог нь өөрийн уугуул нутгаа эзлэн суурьших анхны зорилготой байсан нь тодорхой юм. Өрнө зүгийн хүчирхэг их буу, цахиур буу зэрэг технологийн дэвшил эзэмшиж түүнийгээ Туркуудтай хийсэн олон удаагийн дайн тулаанд туршиж үзсэн тэдний хувьд энэ нь тун боломжтой хэрэг байж таарна. Даанч зам зуур тохиосон тэсгим хүйтэн, өлөн зэлмүүн болон ус ундаа дутагдсанаас үүдэлтэй байгалийн аюул гамшгийн зэрэгцээ Оросын Хасаг, Казах, Киргиз зэрэг үндэстний хүч хамтарсан тулааны өмнө хүчин мөхөсдсөн хэдий ч далан мянган Торгууд хүн Синьзянд хүрэлцэн ирвээс манжууд өөрсдийн уламжлалт хүн амыг хувааж засаглах, ноёд сайд нарын сэтгэлийг эдээр урвуулах, отго жинс олгох зэрэг арга мэхээр цаламдан авчээ. Увш хаан нутагтаа тэмцэн ирсний дараа жил хүрэхгүй хугацааны дотор цэл залуугаараа өөд болсон нь ч бас л сэжигтэй хэрэг байж таарна.

Би өнөөдөр чамгүй урт түүх нуршдагийн учир юу гэвэл тухайн үеийн Монгол угсаатны ноёд сайд нар эв нэгдэлгүй, эд ашигт дурлаж урваж шарвадаг зангаас болоод 300 000-700 000 мянган хүн амтай гэгддэг цөөнхи тоот үндэстэн болох манжуудын өгөөш болж нийт үндэстнээрээ хоцрогдон доройтох үндсэн шалтгаан байсныг л өгүүлэх гэсэн хэрэг болохыг мэргэн уншигч та эрхбиш ойлгоо буй за. Мөн энэ бичлэгт Буддын шашны шарын болон улааны урсгалын аль нэгийг дөвийлгөн баримтлах санаагүй бөлгөө гэдгээ тодлосу! Энэ бичлэгийг тэрлэх санаатай түүхэн баримтыг сөхөж байх зуур Өвөрхангай аймгийн гурван ч сумын нутагт улааны урсгалыг баримтлагч ард иргэд суудаг нь Цогт тайжийн хойч угсааны хүмүүс байж болох юм гэсэн сонирхолтой мэдээллийг хятад хэл дээрх нэг түүхийн номон дээрээс уншлаа. Энэ тухай барим тавим мэдэх хүмүүс байвал дор коммент хэсэгт тэр тухай тодруулж өгүүлбэл сайн байна.

Манж нар өөрсдөө нэгдэн нягтарч Монголчууд цацсан элс шиг тархай бутархай байгаа нь тэдний хувьд хожоотой давуу тал болохыг аль эрт гярхай ажиглан мэдсэн байдаг. Ямар сайндаа Нурхач баатар нь: «Монголчууд эрчилсэн дээс мэт нэгдмэл хүчтэй болсон цагт тэднийг дийлнэ хэмээн саналтгүй. Гагцхүү тэднийг элсэн ширхэг лүгээ адил тархай бутархай байлгаж чадсан цагт л сая дийлж болмуй.» хэмээн хэлж байх билээ дээ. Энэ төрийн бодлогоо үр ашигтай хэрэгжүүлэхийн тулд Манжийн эрх баригчид нангиадын эртний «Гурван улсын үлгэр» сонгодог романыг яаралтай орчуулуулж хааны угсааны агь ноёдод зааж сургасан нь санамсаргүй хэрэг биш байж таарна. Түүний зэрэгцээ Монголчуудын бичиг соёлоос идэвхитэй суралцаж байсан атал монголчууд өөрсдөө түгээмэл сурч хэрэглэх явдлыг элдэв аргаар цаазлан хориглодог байсан нь бас л халтай хорон муухай төрийн бодлого шүү.

Улс орны нөхцөл, цаг төрийн байдал ороо бусгаа энэ цаг үед дээрх гашуун сургамжийг хүн бүр сайтар ухаарч байх нь хамгаас чухал хэмээн санагдана. Анх Хятадын Жоу улс ердөө 300 000 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрт оршиж байсан бол бусад өргөн уудам нутаг дэвсгэр тэр аяараа нүүдэлчин угсаатны эзэмшилд байсан юм. Гэтэл 300 000 манж нарын төрийн бодлогын хүчээр одоогийн есөн сая гаруй хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй болсон нь Манжуудад 300 гаруй жил дарлуулсанаас хавьгүй давах үнэ цэнэт зүйл гэж Хятадын сул түүхчид энд тэнд бичсэн байдгийг ч бодууштай.

Улс орны нөхцөл, цаг төрийн байдал ороо бусгаа энэ цаг үед дээрх гашуун сургамжийг хүн бүр сайтар ухаарч байх нь хамгаас чухал хэмээн санагдана. Манай улсад өнөө цагт оюунлаг эрдэм мэдлэг, эв нэгдэл, маш ухаалаг төрийн бодлого ус агаар мэт үгүйлэгдэж байгаагийн зэрэгцээ тэр бүхний хүчээр гуравхан сая хүн амаа гар амар, хөл хөсөр сайхан жаргалтай амьдруулаад байж болох бус уу гэсэн санаа сэдлээр «Түүхэн гашуун сургамж» нэрт энэ бичлэгийг тэрлэвэй.

 


avatar
    • Рэгзэн Санга
    • 172.68.255.*

    Сайн бна уу? Хүү минь Ах нь уншлаа хууллаа, баярлалаа. Бэсүд Ч Эрдэнэ бээр 'Монгол хэзээ ч байсан' Тиймээ Монгол байсан, байх ч болно. Шарын шашин Гэлүгвагийн шашин бол Монголыг мөхөөхийн тулд ХҮЧ-ээр дэлгэрүүлсэн 'Хар тахал'. Ах нь 'Монголчуудын ЭВ НЭГДЭЛ задарч, үндэсний УХАМСАР бөхөхийн учрыг түүхийн шар ХУУДАС-наас ЭРЭХ аваас...' хэмээх судалгаа ном бичиж байгаа. Цаг завтай бол ярилцвал болох уу. messenger Regzen Sanga

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%