Германд хүүхэд асрагчаар амьдарсан нэг жилийн тэмдэглэл

Намайг Оюунцэцэг гэдэг. Би Герман улсад “AUPAIR” буюу хүүхэд асрагчаар  ажилласан дурсамж мөн туршлагаасаа энд хуваалцья гэж бодлоо.

Aupair гэдэг нь улс  орон бүрт байдаг залуучуудад зориулсан соёлын солилцооны хөтөлбөр бөгөөд тухайн зочилж буй орныхоо хэлийг сурах зорилгоор хийгддэг тусгай программ.

Би анх 2004 онд Герман улсыг зорьсон юм. Тухайн үед хэлний бэлтгэлд тийм ч их ач холбогдол өгөлгүй хэл мэдэхгүй шахуу хүн Берлины нисэх онгоцны буудал дээр буугаад гарах гарцаа олохгүй анхныхаа  хүнд асуудалтай тулгарч байлаа. Тэндээс гараад 24 цагийн турш замд явж байж  шөнийн 12 цагт  хүүхэд асрагчаар ажиллах айлдаа очиж билээ.

Маш их ядарсан байсанаа өөрийн өрөө болон тусгай ванн болон нойлын өрөөгөө хараад бараг мартаж орхисон доо. Зөвхөн киноноос л харсан бүхэн нүдэн дээр минь бүгд биеллээ олоход эрхгүй нэг л итгэмээргүй санагдаж билээ.

Гурван давхар хаус, тансаг гоё том өрөө, хүүхэд болгоны тусдаа өрөө, миний дуртай голдоо ширээтэй гал тогоо гээд бүгд цаанаа л цэмцгэр сайхан. Би тэр айлд гурав дахь aupair  нь болж очиж байсныг хүүхдүүдийнх нь ярианаас анзаарлаа. Нэг сарын дараа гэхэд л би тэр айлд аль хэдийнээ удчихсан юм шиг дотно болсон. Гэрийн хөнгөн ажлын хажуугаар хүүхдүүдээ сургуулиас нь ирэхэд нь үдийн хоол хийж өгөөд хичээлийг нь хийхэд туслах л миний үүрэг байлаа.

Хэл маань тийм сайн биш ч гэсэн ерөнхийдөө ойлголцоод даалгаварыг нь хараад мэддэг зүйлээ хэлж өгөх нь 5-р ангийн хүүхдэд ч надад ч зугаатай байлаа. Үдийн хоолондоо бид ихэнхдээ л бэлэн юм хийж иддэг байсан. Тэр нь ч надад амар, ажлыг минь их хөнгөлж өгдөг байсан санагдана. Миний тэр үед хийх хамгийн дуртай зүйл бол орой хүүхдүүдээ оронд нь оруулчихаад ном уншиж өгөх байлаа. Бүх л өдөржин би яг тэр мөчийг л тэсэн ядан хүлээдэг. Учир нь хүүхдүүд намайг үг буруу уншвал засаж өгдөг эсвэл заримдаа шоолж инээлдээд их л хөгжилтэй байдаг байлаа.

Зугаатай таатай өдрүүдийн хажуугаар надад хэцүү санагдсан зүйл цаг агаар дээр нь хэл муутай болохоор ойлголцохгүйн бэрхшээл байлаа. Анх би тийм бүрхэг тэнгэр хараад л Монголын тэнгэрийн цэлмэгийг гадаадынхан хараад гайхдаг байсныг ойлголсон юм. Би бодохдоо тэнгэр л бол тэнгэр, хаа сайгүй ижилхэн цэлмэг гэж боддог байж билээ. Түүнээс гадна миний хэлний түвшин маш бага болохыг яс махандаа шингэтэл ойлгож герман хэлээ улам их шимтэн сурж эхэллээ. Миний зорилго бол их сургуульд орох. Тэгэхийн тулд би хэлний шалгалтандаа тэнцэх ёстой.

Миний ажилладаг айл хэлний курсын мөнгийг төлөхөөс гадна намайг байнга хүргэж өгч эсвэл авна. Хааяа би өөрөө автобусаар явна. Хамгийн анхны автобусаар явах сэтгэгдэл маань маш их айдас байсансан. Яагаад гэдгийг мэдэхгүй, би зүгээр л  төөрчихвөл яанаа л гэж бодсон байх л даа. Гэтэл би тэнд олон нийтийн тээвэр нь сохор хүн ч төөрч эсвэл бараг бүдэрч унахааргүй тогтсон сайхан системтэйг дараа нь ойлгож билээ. Сүүлдээ бүр очиж үзээгүй хотдоо ч төөрхөөргүй болсон.

Энэ нэг жил миний амьдралын хамгийн үр өгөөж өндөртэй хамгийн богино хугацаанд их зүйлийг сурж авсан чухал жил байлаа. Би дараа нь хэлний шалгалтандаа тэнцээд хүссэн их сургуульдаа орсон. Хамгийн гол нь би ийм том алхамыг тэр үед хийж өөрөө өөртөө тэр бүх боломжыг нээж чадсандаа баярладаг. Хүн өөрөө хичээвэл бидэнд маш их нөөц байдаг гэдгийг би энэхүү туршлагаараа ойлгосон юм.

 

MMLand

Оюун Цэцэг

 

 


avatar
    • Otgoo
    • 172.69.252.*

    sain baina uu. saihan niitlel baina aa. ene hotolboroor yawahiin tuld haana handaj, yu hiih estoi talaar medeelel ogch boloh uu

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4840

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%