Нийтлэл 05 сарын 09, 2019

Польшийн даяаршил ба дангааршил

ДАЯАРШИЛ 

Польш Улс 1999 онд НАТО-д элсэж, 2004 онд Европын холбооны гишүүн болсноос хойш Европын нийгэм, эдийн засагтай интеграцид орж, хуулийн засаглал, мөнгөний хараат бус бодлого, зах зээлийн өрсөлдөөн, чөлөөт хэвлэл, нийгмийн харилцааны ардчилсан хэв маяг, техникийн стандарт норм гэх мэт “барууны” туршлагыг амжилттай нэвтрүүлжээ. Үүнийхээ “хариуд” зөвхөн Евро сангаас (Euro Fund) гэхэд л 100 гаран тэрбум Еврогийн хөрөнгө оруулалтыг татаж чадсан байдаг. 

Польшууд Европын холбооны эдийн засгийн гол хөдөлгүүр болох Германы бизнестэй нягт холбогдож тэдний салбар компаниудыг нутагтаа байгуулж, ханган нийлүүлэлтийн сүлжээг эрчимтэй хөгжүүлсэн. 

Польш бол газар тариаланд тохиромжтой нутгийнхаа хэмжээгээр Франц, Герман, Испанийн дараа Европд дөрөвдүгээрт ордог. Тус улсын хилээс 1,000 км тойрог дотор 200 сая хүн амьдарч байна. Европын холбооны гишүүн болсон энэ давуу талаа ашиглан бүс нутгийн хүнсний гол нийлүүлэгч болох зорилтыг тэд тавьжээ.

Барууны ертөнцөд нээлттэй болсноор залуучууд нь улс дамнасан корпорацуудад санхүү, инженерчлэл, хууль, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгдөг болов.

Хүний хөгжилд анхаарч, боловсролыг үнэ төлбөргүй олгодог бодлогоо авч үлдсэний үр дүнд өндөр боловсролтой, хэлний мэдлэг сайтайн дээр газарзүйн хувьд ойр, сэтгэлгээний хувьд ойлголцоход хялбар зэрэг нь Баруун Европын компаниуд бизнесийн мэргэжлийн үйлчилгээг Польшоос авах шалтгаан болж байна. Энэ нь алсдаа Польшийн үндэсний боловсон хүчин, компаниуд олон улсын бизнесийн тэргүүний эгнээнд шилжин орох суурь болно. 

ДАНГААРШИЛ

Польшийн эдийн засгийн өсөлтийн амжилтын нэг шалтгаан нь аж үйлдвэрийн харьцангуй хямд өртөг буюу энэ өрсөлдөх чадвараа хамгаалсан мөнгөний бодлого юм. Тэд 2004 онд Европын холбоонд элсэн орсон боловч өдийг хүртэл өөрийн мөнгөн тэмдэгт болох Злотыг ашиглаж иржээ. 

2015 онд Европын холбооноос Ойрх Дорнодоос ирэх цагаачдыг хүлээн авах тухай гаргасан шийдвэрийг Польш дэмжихгүйгээ илэрхийлсэн нь олон орны дургүйцлийг хүргэсэн боловч өөрийн үндэсний эрх ашгийн үүднээс шийдвэр дээрээ бат зогсож байна. 

Дэлхийн цаг уурын өөрчлөлт, байгаль орчны нөлөөлөл зэрэг асуудлаас үүдэн Европын холбооны шаардлагаар Польшийн уул уурхай, тэр дундаа нүүрсний салбарт тавих шаардлагыг өндөрсгөх, олон уурхайг хаах алхмууд хийгдэж байгаа хэдий ч зохистой хэмжээнд уламжлалт салбараа хадгалж үлдэн, Европдоо уул уурхайн үйлдвэрлэл, техник технологиороо тэргүүлэх улс болох зорилт тавьсан байдаг.

Өнөөдөр Польш улс зэс, мөнгөний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд нүүрсний үйлдвэрлэлээр Европд тэргүүлж байна (2016 онд 134 сая тонн нүүрс олборлосон).

Зэвсгийн үйлдвэрлэл, хүн машин механизм, тоног төхөөрөмж, төмөр зам, агаар, авто тээврийн хэрэгсэл зэрэг олон улсад танигдсан уламжлалт бүтээгдэхүүнээ мөн орхилгүй сайжруулан авч үлдсэн. 

Ийнхүү польшууд Европын холбооны хүрээнд эрчимтэй даяаршиж, нийгэм эдийн засгийн өөрчлөлтөө хурдасгаж, хөрөнгө оруулалтын үр шимийг нь хүртэж, дэлхийд тэргүүлэгчдийн нэг Германыг дагаж өөрийн эдийн засгаа хөгжүүлж ирэхийн зэрэгцээ өөрийн мөнгөн тэмдэгтийг хадгалж, үндэсний эрх ашигт нөлөөл болохуйц шийдвэрт “хуучинсаг” байдлаар хандаж, эдийн засгийн болон улс төрийн хувьд дангааршлаа хадгалсаар байна. 

Өөрийгөө ойлгох, тохирсон замаа сонгох, бусдын нөлөөнд авталгүй харилцан ашигтай хамтарч ажиллах талаас нь энэ үндэстнээс монголчууд бидэнд сурах зүйлс их ажээ. 

 

Монгол хүний товчоон номоос 

Сэтгэгдэл бичих

    • Хашхүү
    • 2019-05-11

    Сонирхолтой нийтлэл байна шүү.

arrow icon