Хүн хэлээрээ мал хөлөөрөө

Нийгмийн сүлжээ идэвхтэй хөгжсөнөөр манай улсад болж буй нэн шинэ нэг үзэгдлийг тайлбарлахыг чармайн энэ нийтлэлийг бичлээ. Шүүмжлэгчид, миялагчид онолын түвшинд мэтгэж чадахгүй бол дуугүй сууж байгаарай гэдгийг шууд хэлчихье.

ОНОЛ:

Аливаа ухагдахуун ойлголтыг түүхэн хугацаанд тайлбарлах арга зам, явцыг дискурс гэж ерөнхийд нь хэлдэг. Монголоор оноосон нэр байхгүй тул discourse гэдгийг нь шууд хэрэглээд явсан нь зохилтой байх. Энэхүү ухагдахууныг тайлбарлахад ашиглаж буй бичгийн болон аман хэл нийгмийн хөгжлийн үе шат, ямар нөхцөлд, хэн нийгмийн аль бүлэг хэрэглэж буйгаас хамаарна. Хэл яриа “идэвхгүй” хэлбэрт байдаггүй, учир нь хувь хүн болон хүрээлэн буй нийгэмтэйгээ ам хэлээрээ ойлголцдог тул нийгэм-хувь хүн гэсэн орчлын хоорондоо харьцах гүүр болж өгдөг.

Хүчний онолын эцэг Францын эрдэмтэн Фуко (Foucault)-гийн тодорхойлолт ёсоор  нийгэмд өрнөж буй уламжлалт болон шинэлэг үйл явц мэдлэг бүтээж, субьектив шинжтэй хүчний харьцааг үүсгэн цаашид энэ мэдлэг, харилцаа нь үргэлжлэн ирээдүйг тодорхойлохыг хэлдэг ажээ. Ийм болохоор дискурс зөвхөн сэтгэлгээний хэлбэр, танин мэдэх арга зам төдий зүйл биш болой.

МЭДЛЭГ:

Мэдлэг гэж чухам юу вэ гэж өмнө хэд хэдэн удаа бичсэн. Монголчууд бид яг юу хүсч буйгаа мэдэж байгаа юу гэдгийг ч тайлбарлахыг хичээсэн.

Мэдлэгийг үйлдвэрлэх процесс нь бичгийн болон аман хэл яриагаар дамжин явагддаг юм бол бидний өдөр тутамдаа хэрэглэж (хэрэглүүлж) ирсэн үгнүүдийг жагсаахад бидний хүмүүнлэг, ардчилсан төр улс байгуулахдаа чухам юун дээр алдсан нь харагдана.

ПРАКТИК:  

1990-2000 оны сонин сэтгүүл, ТВ-ийн нэвтрүүлгийг эргүүлж харвал давамгайлж байсан үзэл нь ардчилал бол Монголын ард түмний хүсэл зориг мөн гэх, яг уу гэх асуулт тавихын завдалгүй шууралт байв. Нийгмээрээ ирээдүйд (ойрын уу, холын уу гэдэг нь дараагийн асуудал) сайхан болно хэмээн итгэж, ядуу даржин байдлаа социализмаас болсон хэмээн үздэг байв. Тэрийгээ Чингис хааны XIII зуунд монголчууд шиг мундаг, гайхамшигтай баян тарган улс байгаагүй гэдгээр тайлбарлана.

Энэ үед бид ядуу, даржин байсан. Гадаадын зээл, тусламжаар амь зогоож байж. Хөөрхий хэдэн дарга нар маань дэлхий тойрон бадар барина. Тэр цагт 1 сая долларын төсөл гэдэг маш их мөнгөтэй том төсөл байсан юм шүү. Чухам энд төслийн гүйцэтгэгчээр “тодрон” төсвийн мөнгөнөөс “хусдаг” авлигын сүлжээний үр үндэс бүрэлдэн бий болж, манай нийгмийн хавдар болоод байгаа авлига, албан тушаалын гэмт хэргийн дискурс өрнөв.

2000-2005 МАХН абсолют ялалт байгуулж, ардчиллын хэд маань гадаад руу ном эрдэм сурахаар хүлгийн жолоо залав. Нөгөө талд нь буддын шашин нийгмийг тогтворжуулагчийн үүрэг гүйцэтгэхээр “гуравдагч” Н.Энхбаярын манлайлал дор хөдөлсөн нийгэмд мухар сүсэг дэлгэрсэн гэж жигтэйхэн. Мэрэгч, төлөгч, бөө удган хамгийн олноор тодорсон нь чухам энэ үе, дараагийн хорин жилд нийгмийн тодорхой бүлгийн амьдрах арга болсон нь эндээс эхтэй. Дискурс ингэж л өрнөдөг.

2005-2010 Төрийг зайдалсан нам дамнасан бүлэглэл, эвсэл чухам энэ үед хэлбэрээ олсон юм. Учир нь тусгай зөвшөөрөл, лицензийн тухай, тендерийн тухай, төрийн сан гм нийгмийн амьдрал, хөрөнгийн хуваарилалтыг залах хууль эрхзүйн хэм хэмжээг тогтоож манай нийгэмд нам дамжсан улстөрийн бүлэглэл бэхжиж, мөнгөө төлсөн нь дуугаа захиалдаг соёлыг баталгаажуулж өгчээ. Бараг хамгийн олон хууль бөөнөөр үйлдвэрлэсэн үе энэ цаг үед тохиосон байх шүү. Судалбал сонирхолтой л байх.

2010-2015 Шидийг олоод нисэхийг шахав гэдэг үйл явдал чухам энэ үед тохиосон юм. Халхын заяа их гэнэлээ гэдэг шиг бидний аз гийж, гэнэт их мөнгөтэй болов. Эз нь татаж дэргэдэх Хятад улс үсрэнгүй хөгжилдөө шулуудав. Төр нь ч ард түмнээ хайрлаж буйгаа үзүүлэхийн тулд бэлэн мөнгөөр угжиж гарлаа. Гаднаа машингүй, гэртээ хавтгай дэлгэцгүй, гартаа ухаалаг утасгүй хүн ч ховордсон доо. Сум, аймгийн ой шил шилээ даран тохиоход шинэ дээл, шинэ машин, шинэхэн эхнэрээ дагуулсан хүмүүс хөдөө талыг зорьж, УБ-т амьдрал ямар сайхныг өөрийн биеэр сурталдав.

Тийм ээ. Энэ бүхэн хэрэглээ мөн. Гэхдээ яг ухаалаг хэрэглээ мөн үү гэж харвал модон жорлонд хүндэрч, уух усаа худгаас химийн бодисны хуванцар саванд зөөж, түүхий нүүрс түлж дулаацаж байж юун iPhone, Аndroid утас вэ л гэмээр болдог. Сайн тал нь иргэд нийгмийн сүлжээг өргөн ашиглах болсон ч мэдээлэл шүүх чадвар байхгүй масс зөвхөн хар мэдээ, харанхуй байдлыг өөгшүүлсэн зүйлийг унших болов. Дутуу гацуу орчуулгын мэдээн дээр хирдхийлгэм гаж үйлдлийг сурталчилсан бичлэгүүд. Сошиал солиорлын эх тавигдав. Чухам энэ үед гал тогооны вэб сайтын сэтгүүл зүй, Монгол ухаан сурталдсан ТВ сувгууд хүчтэй хөгжсөн бөлгөө. Тархи угаалт шинэ эрэмбэд дэвшив.

2016 он. Сонгууль болов. МАН абсолют ялж "шодорогос" тогтов. Цаашид юу болсныг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж буй...

Нийгмийн аливаа үйл явцын өрнөлийг дэглэгчид нь чадалтай, хөрөнгөтэй болохоор мэдлэг, боловсрол нимгэн хүлээн авагч, оролцогч нөгөө тал нь чухам юу болохыг нь ч асуулгүй халбагадаж суудаг дискурс өрнөжээ. Одооноос л ЯАГААД гэдэг асуултыг залуус тавих болж, “цөөнхөө хүндэтгэн, олонхоо дагах” зарчмаар ардчилсан тогтолцоог ойлгогч улстөрчдийг ичээх боллоо. Нэгэн төрлийн дискурс үүсч буй. Гэвч тэд маань арай л нялх, бас эмзэг байна даа...

Цаашид структур-агентын хоёрдмол шинжээр тайлбарлагдах үйл явц өрнөх бизээ (Anthony Giddens: Structuration Theory) 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5135

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%