БҮЖИГЧИН ХҮҮХДҮҮДИЙН НЭГ ӨДӨР: Бүжиг бол спорт урлаг хоёрын төгс нийлэмж

One two, one two, и рас, өлмий жий, one two, one two, one, доошоо суу гэх мэтээр яг л хөгжим тоглож байгаа юм шиг сайхан хэмнэлээр багш бүжиг дэглэнэ. Хүүхдүүд яг л хун шиг эсвэл могой шиг ямар нэгэн уран хөдөлгөөнт амьтан болчихсон мэт өөрсдийгөө төсөөлөөд бүжиглэж байх шиг.  Энэ бол Moondance клубийн авьяаслаг бяцхан бүжигчид.

Ойролцоогоор 6-14 насны хүүхдүүд бололтой. Орой 18 цагийн бүжгийн ангийн хүүхдүүд бэлтгэлээ хийж байв. Хүүхдүүд бие биерүүгээ харахгүй байгаа хирнээ нэг ч зөрөхгүй, хоцрохгүйгээр хөдөлгөөнөө давтана. Тэд насны хувьд ч, бие галбирын хувьд ч бүгд өөр боловч яг л нэг хүн шиг зэрэг хөдөлнө. Хөл, гар, нуруу, толгой, хүзүүн байрлал нь яг нэг шугаманд юм.

Учир нь Moondance клубд элсэж орж байгаа хүүхдүүд эхлээд зогсож сурдаг юм байна. Зогсох гэдэг нь бүжгийн ямар нэгэн тусгай техник биш зүгээр л зогсолт. Энэ  зогсолтын тухай Moondance бүжгийн клубийн багш Б.Өлзий-Орших ингэж тайлбарлалаа.  

“ Манайх анх элсэж байгаа хүүхдүүдэд шууд бүжиг заадаггүй. Нэгдүгээрт зогсолт, хоёрдугаарт хүн хоорондын харилцааны чадварын тухай заадаг.  Зогсолт гэдэг нь  зүгээр л энгийн хүн цэх зогсохдоо яаж зогсдог вэ түүн шиг л. Хүүхдүүд бол янз бүрээр зогсдог. 2-3 минут ч зөв зогсож чадахгүй хүүхдүүд ч ирнэ. Тиймээс бүжиг бүжиглэхэд зогсож сурах,  тэнцвэртэй байх их чухал. Тэгээд цаашлаад хөлний тавилт, гарын хөдөлгөөн зааж эхэлнэ. Анх хүүхдүүд яг л робот шиг байдаг. Энэ нь хөдөлгөөний эвсэлгүйдээ биш. Бүжиг гэхээр л цэх, цэгцтэй, гоё, уян налархай байх ёстой гэх баригдмал бодлоосоо болоод биеэ бариад хичээгээд байдаг. Тиймээс юун түрүүнд энэ бодлоос нь салгах нь чухал”...

Бүжиг бол спорт урлаг хоёрын төгс нийлэмж.  Төгс байхын тулд чамгүй хичээл зүтгэл, маш их тэвчээр хэрэгтэй. Тиймдээ ч бүжгээр хичээллэж байгаа хүмүүст шантрах үе их гардаг гэнэ.  Харин аль болох багаасаа буюу 5-6 насандаа хичээллэж эхлэх юм бол урлаг талаас ч спорт талаас ч хөгжүүлэхэд харьцангүй хялбар байдаг гэнэ.

Moondance бүжгийн клубийн суралцагчдын хувьд бүжиг бол амьдралынх нь өдөр тутмын хэвшил болжээ. Гэртээ байсан ч нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү орохдоо ч ямар нэг бүжгийн хөдөлгөөн хийдэг болж.

Тус клуб нь 2009 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Монгол улсдаа төдийгүй дэлхийд нэрээ дуурсгасан олон хамтлаг энэ клубээс төрөн гарчээ. Хамгийн их идэвхтэй нь бяцхан охид. Одоо энэ сарын 8-нд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор насанд хүрэгчдийн баг болон хүүхдийн хамтлагаа, соло бүжигчид оролцуулахаар бэлдэж байгаа юм байна.

Ингээд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлдэж байгаа Э.Энх-Уянга, Г.Гэрэлт-Ирээдүй нартай цөөн хором ярилцлаа.

 Өөрсдийгөө танилцуулна уу?  

Намайг Энхбаатрын Энх-Уянга гэдэг. Би 84-р сургуулийн 5б ангид сурдаг.

Намайг Гэрэлт-Одын Гэрэлт-Ирээдүй гэдэг би бас  тавдугаар ангид суралцдаг.

Moondance бүжгийн клубд элсээд хэр удаж байна?

Бид хоёр Moondance бүжгийн клубд элсээд дөрвөн жил болж байна.

Анх хэдэн настайгаасаа бүжгээр  хичээллэж эхэлсэн бэ?

Хоёулаа адилхан 7 настайгаасаа хичээллэж эхэлсэн. 

Та хоёр одоо удахгүй болох Улаанбаатарын аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байгаа юм байна. Бэлтгэл хэр хангагдаж байна?

Гэрэлт-Ирээдүй: Маш сайн.

Энх-Уянга: Миний хувьд дунд зэрэг. Өөртөө тийм ч итгэлтэй биш байна. Гэхдээ одоо хугацаа байгаа болохоор хичээж бэлдээд амжилттай оролцно.

Тэмцээнд оролцохоор бэлдэж байгаа бүжигт чинь хийж чадахгүй байгаа хэцүү хөдөлгөөн байна уу?

 Гэрэлт-Ирээдүй:  Хийж чадахгүй хөдөлгөөн байсан ч одоо давтсаар байгаад сайжирч байна.

Нэг бүжгийн хөдөлгөөний хэр удаан давтаж байж өөрийн болгож, төгс хийж чаддаг вэ?

Гэрэлт-Ирээдүй: Багш нэг өдөр заагаад түүнээс хойш өдөр бүр давтаж байж сурдаг. Зав гарах бүрт л давтах шаардлагатай болдог.

Энх-Уянга: Уг нь хурдан сурдаг ч яг төгс хийх хэцүү. Заримдаа сайн сурсан гэж бодсон ч алдаа гаргах үе байдаг.

Бүжиглэнэ, хичээлдээ явна, даалгавраа хийнэ. Ер нь та нарт зав гардаг уу?  

Энх-Уянга: Ер нь бараг зав гардаггүй л дээ. Завтай үед хамаатан, танил хүмүүс тэнд энд бүжиглээд өг гээд л . Гэхдээ тэгж бүжиглэх бүртээ бүжиглэх ур чадвар маань маш их сайжирч байгааг анзаардаг.

Тоглох зав гарах уу?

Энх-Уянга: Ихэнхдээ тоглох зав гардаггүй л дээ. Гэхдээ заримдаа тогломоор санагдаад байвал тоглох зав гаргадаг л даа.

Гэрэлт-Ирээдүй:  Заримдаа тоглохоос илүүтэй бүжгээ давтах нь гоё байдаг.

Нэг өдрийн чинь амьдрал яаж өрнөдөг вэ?

Энх-Уянга: Хичээлийн өдөр бол хичээлдээ явна. Даалгавараа хийнэ. Ээж аавдаа тусална. Бүжиглэнэ. Бүжиглэх амьдралын минь хэвшил болсон. Одоо бол бүжиглэхдээ огт ядрахаа больсон. 

 Та хоёрын бодлоор бүжгээр хичээллэхийн давуу тал нь юу юм бэ?

Энх-Уянга: Маш их тэвчээртэй болдог. Түүнээс гадна бие бялдрын хувьд ч өөр байдаг. Нэг бэлтгэлийн явц маань хамгийн уртдаа 2 цаг, багадаа 1 цаг гучин минут байдаг. Энэ хугацаанд дан ганц бүжгийн хөдөлгөөн биш бие биетэйгээ харилцах харилцааны чадварт ч суралцаж байдаг. Бүжиглэдэг  хүүхдүүдэд хоорондоо харцаараа, хөдөлгөөнөөрөө ч юм ойлголцож чаддаг.  

Бүжгээр хичээллээд дөрвөн жил болсон байна шүү дээ. Энэ хугацаанд хэзээ өөрсдөөрөө хамгийн их бахархаж байсан бэ?

Энх-Уянга: Анх Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд соло төрлөөр оролцоод хагас финалд шалгарч үлдэж байхдаа өөрөөрөө маш их бахархаж, зөв сонголт хийжээ гэж бодож байсан.

Гэрэлт-Ирээдүй: Би бол “Бүжиг бүх нийтийн төлөө”  гээд тэмцээнд хосоороо оролцоод өмнө нь хэзээ ч ялж байгаагүй хүүхдээ ялж чадсан. Тэр үед маш их баярласан.

Бүжгээр хичээллэхийг яг юу нь гоё санагддаг вэ?

Гэрэлт-Ирээдүй: Маш олон найз нөхөдтэй болж харилцааны чадвар сууж байгаа нь их таалагддаг.

Энх-Уянга: Миний бодлоор бол хөдөлгөөний эвсэлтэй болохоос гадна бие бялдар маш гоё хөгжиж байгаа нь таалагддаг. Ихэнх охид туранхай байхыг хүсдэг.  Тэгвэл бүжгээр хичээллэснээр гоё бие тэгш бие галбиртай байхаас гадна маш эрүүл биетэй болдог.

Бэлтгэл хийхэд их тэвчээр шаарддаг гээд та хоёр түрүүн ярьж байсан. Шантраад уйлж байсан уу?

Гэрэлт-Ирээдүй: Миний хувьд анх А сууж чадахгүй уйлж байсан. Маш их оролдлого хийж байж сурсан.

Энх-Уянга: Хэцүү үе байсан байхаа одоо санахгүй байна.

Хүүхдийн баяраар юу хийх вэ?

Энх-Уянга: Зусландаа гарна. Цэвэр агаарт байх их гоё байдаг.

Гэрэлт-Ирээдүй: Гэр бүлийнхэнтэйгээ парк орно. Ер нь тэгээд  тансаглана даа.

Бүжгийн маш олон төрөл байгаа шүү дээ. Та хоёрын хувьд хамгийн их бүжиглэх дуртай бүжиг чинь ямар бүжиг вэ?

Энх-Уянга: Румба. Энэ бүжгийн ая нь их таалагддаг.

Гэрэлт-Ирээдүй: Удаан вальс. Маш гоё уянгын аятай учраас вальс бүжиглэхдээ их гоё тайвширдаг юм.

За баярлалаа. Тун удахгүй болох тэмцээнд чинь амжилт хүсье.

Баярлалаа.

 

 

 

 


avatar
    • Алтантуяа
    • 162.158.93.*

    Хөөрхөн хөдөлмөрч хүүхдүүдэдээ амжилт хүсье! Мөн багш нартаа баярлахгүй байхын аргагүй. БАЯРЛАЛАА

    • Алтантуяа
    • 162.158.93.*

    Хөөрхөн хөдөлмөрч хүүхдүүдэдээ амжилт хүсье! Мөн багш нартаа баярлахгүй байхын аргагүй. БАЯРЛАЛАА

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4877

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%