Угаарын хий гэж юу вэ?

Ямарваа нүүрс, түлшийг шатаахад утаа болон СО2 ялгардаг. Утаа бол тортог, нунтаг тоосонцор холилдсон багсарсан хар зүйл. СО2 бол түлш агаар дахь хүчилтөрөгчтэй урвалд орж шатахад ялгардаг хий. Хоргүй хий. Бидний уудаг ундааны газ.

Гэтэл зууханд дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш байвал СО2-ын оронд СО үүсдэг. Энэ бол угаарын хий. Өнгө байхгүй. Үнэр байхгүй. Гэхдээ үхлийн аюултай хорт хий. Нүүрсийг шатааж эхлэх үед болон шаталт дуусаж гал бөхөх үед угаарын хий хамгийн ихээр ялгардаг. Тэр үед яндангийн таталт сайн байх хэрэгтэй гэсэн үг. Яндангийн таталт сайн байх юм бол гадаад орчиндоо цацагдаад сарнидаг. Гэтэл таталт муу байвал зуухны амаар гэр дотроо ялгараад аминд хүрэх эрсдлийг бий болгодог.

Хэрхэн сэргийлж болох вэ?
Нэгдүгээрт зуухны агаарын эргэлт сайн байх хэрэгтэй байх нь. Хоёрдугаарт яндангийн таталт сайн байх хэрэгтэй байх нь. Гэхдээ зуухны хэлбэр хийц, дизайн элдэв юм ярьж толгой эргүүлэхээ болиод хэрэглээнд анхаарах зүйлийг хэлье.

Нэгдүгээрт шөнө унтахынхаа өмнө зуухны хүхээгний хаалтыг битгий багасга! Манайхан дулаанаа барих гээд багасгаж нээдэг. Багасгамаар байгаа бол өдөр, орой хүмүүс байхад тодорхой хэмжээгээр багасга. Хэзээ ч битгий тултал нь хаа. Хамгийн гол нь унтахынхаа өмнө битгий багасгаж бай.

Хоёрдугаарт, зуухаа пиг дүүртэл нүүрс битгий хийж бай. Яндангийн хоолой дээр нүүрс овоорох, эсвэл үнслэг ихтэй бол үнс овоороод таталт нь буураад угаарын хий гэр дотор ялгарах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Гуравдугаарт аль болох өмнөх нүүрс шатаж дуусаагүй илчтэй, халуун байхад нь дээрээс нь шинэ нүүрсээ бага багаар хий. Ингэснээр утаа бага ялгарна. Угаарын хий ч багаар ялгарна.

ШАХМАЛ ТҮЛШНЭЭС БОЛОВ УУ?

Гурван зүйл хэлмээр байна

Нэгдүгээрт, шахмал түлш, нүүрс, дизелийн түлш, бензин, байгалийн хийнээс ч ялгаагүй угаартах нөхцөл үүсч болно. Хэзээ тэр үү гэхээр зуухан доторх агаарын эргэлт хангалттай биш эсвэл агаар дутагдалтай үед.

Хоёрдугаарт нь Хятадаас хортой химийн бодис авч нүүрсээ барьцалдуулж үйлдвэрлэсэн учраас химийн хордлого болчихов уу гэж асууж байна. Бид нар химийн хордлогын талаар яриагүй, угаартсан талаар ярьж байгаа учраас энэ нь үндэслэл багатай. Ямар ч бодис байсан органик гаралтай бол бүрэн шатааж чадвал угаарын хий үүсэхгүй. Хэрэв органик бус гаралтай байх юм бол үнсэндээ үлдэнэ.

Гуравдугаарт, шахмал түлш өөрөө өндөр үнслэгтэй байгаа. Яагаад гэхээр түүхий эд нь өндөр үнслэгтэй. Зууханд шатахаараа удаан шатдаг. Дөл байхгүй. Тийм жаахан дүлий маягийн түлш гэж хүмүүс шүүмжлээд байгаа. Удаан дүмбийсэн ийм түлш бүрэн шатахгүй бол тэндээс угаарын хий буюу дутуу шатсан СО ялгарах магадлал байна. Үүнийг яаж батлах вэ гэхээр лабораторын зууханд шатаагаад шатаж эхэлж байгаа үед, төгсгөл үед нь ялгарч байгаа угаарын хийг Багануур, Налайхын нүүрстэй харьцуулахад ямар байна вэ гэдгийг тогтоож болно. Энэ чиглэлээр хариуцсан хүмүүс нь одоо ажиллаж байгаа гэж бодож байна.

Ямарч байсан та бүхэн дээр хэлсэн зөвлөмжийг анхааралдаа аваарай.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4994

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%