Нийтлэл 10 сарын 21, 2019

''Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг'' номын тэмдэглэл

Намайг зун хөдөө амрах гээд очсоны дараа "Сумын номын санд орчин цагийн уран зохиолын шинэ номнууд иржээ" гэх сургаар би номын сан руу хар хурдаараа явлаа л даа. Ороод очтол их олон сайхан ном өрөөстэй,бүгд л миний уншихыг хүсэж байсан зохиолууд. За алийг нь хамгийн түрүүлж уншъя даа гээд харж байтал... Баруун талаасаа хамгийн захад энэ ном намайг аваад уншаач дээ гэсэн янзаар хараад байх шиг санагдаад явчихав.Хавтасны өнгө нь нэг л содон шар.
Номын эхний хуудсыг эргүүлтэл "Битгий хичээ,Та онцгой биш, Бүтэлгүйтэл бол урагшлах зам"... гэнэ үү??? Айн???
Тэгээд би юуг ч хүлээлгүй эргэлзсэн маягтай уншиж эхэлсэн .Миний урьд өмнө нь уншиж байсан хувь хүний хөгжлийн номноос тэс өөр агуулгатай.


За тэгэхээр ер нь ихэнх хувь хүний хөгжлийн ном тэгэх ёстой,ингэх ёстой гэх мэт үргэлж эерэг байх гэж хичээх талаас бичдэг гэдгийг бид мэднэ. Амжилтанд хэрхэн хүрэх вэ?, хэрхэн баян болох вэ? гэх мэтчилэн. Харин энэ ном танд тийм зүйлийг огтхон ч зөвлөхгүй.

"Хүн сайхан амьдрахын тулд эерэг байх гэж хичээхийн оронд зовлон бэрхшээл,саад тотгор,асуудалтайгаа нүүр тулан түүнийгээ шийдвэрлэх хэрэгтэй" хэмээн зохиолч  тодорхойлжээ. "Эерэг хандлагыг хараал идэг" гэж хүртэл хэлсэн байна шүү. Үнэнийг хэлэхэд заримдаа зарим зүйл үнэхээр новшийн байдаг. Гэвч бидэнд тэр новшийн зүйлтэй нүүр тулахаас өөр арга байхгүй.Тэгвэл би уншигч таниас нэг асуулт асууя?

Та амьдралдаа тоомжиргүй хандаж байв уу?

Хүмүүс ихэнхдээ тоомжиргүй байна гэхээр бүх зүйлд хайхрамжгүй хандах, ямар ч асуудал гарсан зүгээр суух гэж ойлгодог. Тэд юунд ч ганхашгүй хэнд ч хоригддоггүй нэгэн болох гэсэн төсөөллөөр тэмүүлнэ.
Миний бодлоор , амьдралд хааяа хэцүү зүйл тохиолдох нь зүгээр гэдгийг бид ухаардаггүй учраас бид өөрсдийгөө буруутгаж эхэлдэг.
Энэ ном бидэнд хэрхэн хийж бүтээхийг биш, харин хэрхэн алдах,тавьж явуулахыг сургана.
Бид яагаад өчүүхэн жижиг юманд ч ач холбогдол өгдөг юм бол?
Хүн бүр л асуудалтай тулгардаг.Харин тэр асуудал нь хэзээ ч зогсдоггүй, ердөө солигдох юм уу шинэчлэгддэг.Бид асуудлаас зугтах биш асуудлаа шийдэж үнэнтэй нүүр тулна гэмээн аз жаргалыг бий болгож чадна.
Тэгэхээр бид амьдралдаа аливаа бүхэнд ач холбогдол өгөөд байх боломжгүй.Тиймээс юуг чухал гэдгийг авч үзэхээ өөрөө шийдэх хэрэгтэй.
Тоомжиргүй байна гэдэг зүгээр нэг хэнэггүй байхыг хэлдэггүй юм байна. Хүмүүс бид гаргасан алдаагаа амжилтын эх гэдгийг ухаардаггүй юм байна.

Энэ ном гашуун эхлэлтэй ч сайхан төгсгөлтэй.Тус номыг уншсан зарим хүмүүс мөнгөний гарз,цагийн гарз гэж бичсэн байсан. Энэ номыг заавал уншаарай гэж хэлэхгүй ч, уншсан байхад илүүдэхгүй шүү гэж зөвлөмөөр байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon