НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй

Хүн амьдралаас юу хүсэж буйгаа мэддэггүй. Жишин зүйрлэх нөхцөлгүй ганцхан хувь амьдралыг туулдаг тул анхнаасаа л амьдралд гаршин төгөлдөржих боломжгүй.
Тэвчихийн аргагүй хөнгөн хийгээд хүнд
Тархины мэс заслын эмч Томас ажлын шаардлагаар Чехийн нэгэн буйдхан хотод Тереза хэмээх бүсгүйтэй учирснаар түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдөнө. Томасын зах хязгааргүй бэлгийн амьдралыг гайхашран, жигшин зэвүүцсэнээр уншин эхэлсэн энэхүү номын тэмдэглэлийг бичихдээ би тэвдэж байлаа.
Хүнд гэгч нь үнэхээр тийм дургүй хүрэм муухай, хөнгөн нь тийм зүдэргээгүй сайхан зүйл гэж үү?

Зовлонд дарагдах тусам бидний амьдрал газарт бууж, илүү бодитой,илүү үнэн болдог аж. Эсрэгээрээ ямар ч зовлонгүй аж төрөхүй нь хүнийг агаараас ч хөнгөн болгон дээш дэгдээж ертөнцөөс тасалснаар оршихуй нь барьцгүй хоосонд хувилж үйлдэл бүр нь ул мөргүй, чөлөөтэй болно.

Бид тэгэхээр алийг нь сонгох вэ? Хөнгөн үү? Хүнд үү?
Инээд хүргэм зургаан тохиолдлоор учирсан Тереза,Томас хоёрын хайр дурлал хүнд бас хөнгөн санагдав. Томас бол ажлаа амьдралынхаа гол зорилгыг болгосон, эрх чөлөөт амьдралыг эрхэмлэгч нэгэн. Харин Тереза бол амьдралын гол мөн чанар бол “үнэнч байдал” гэж үздэг бүсгүй.
Энэхүү зохиолоос Томас, Тереза хоёрын өнгөрсөн амьдрал, хайр сэтгэл, зөрчилдөөн, үзэл бодлын ялгааг жишин харьцуулж болмоор.
Хайр гэдэг хязгааргүй олон хүүхэнтэй хурьцан тачаах оргилуун шунал бус цор ганц эмэгтэйг өвөртлөн унтах даруухан хүсэл аж.
Тэдний уулзах эцсийн цэг нь хайр байсан. Тереза санасандаа хүрсэн. Томасыг буруугаар хардаж сэрдэж байсандаа өөрийгөө буруутгасан. Эл бүгдийн эцэст Томас үхэн үхтлээ Терезаг хайрласан. Томас олон хүүхнүүдтэй амраглаж, бие сэтгэлийн жаргал эдлэн өөрийг нь хуурч ахуйд Тереза мэдэвч тэсэж байв. Үнэхээр л тэвчихийн аргагүй хүнд... Эргээд харахад Томас хүнд? Тереза хөнгөн байв уу? Эсвэл эсрэгээрээ юу?


Заа тэгээд Сабина, Франц хоёрыг дурсахгүй байж чадсангүй ээ би. Сабина бол Томасын ээлжит амраг зураач бүсгүй. Зохиолоос хамгийн таалагдсан зөв нь дүр юм шиг санагдсан. Харь орныг зорин явсаар хүнд бүхнээс дөлөн зугтсан амьдрал нь түүний зөв ч байж магад.
Франц бол Сабинагийн бас нэгэн амраг. Үхэх эцсийн мөч хүртлээ Сабинад үнэнч байв. Ингээд харахаар Тереза, Франц хоёр зарим нэг талаараа төстэй дүрүүд гэлтэй.
Зүйрлэлийг хөнгөнд бодож болохгүй. Ганцхан зүйрлэлээс хайр ургаж ч мэднэ.
Хорин таван жилийн турш хоёр зуу гаруй хүүхэнтэй бэлгийн харьцаанд орсон Томас янаг амрагийн таашаал авахын зэрэгцээ эмэгтэй хүний нүцгэн “Би”-д нэвтрэхийн тулд байв. Тэрхүү “би” нь сексээс өөр энгийн үед мэдэх боломжгүй байдаг байна. Түүний тулд л Томас эцэс төгсгөлгүй олон хүүхнийг сольж холин байв.
Хүнд хийгээд хөнгөн, Орших хийгээд эс оршихуйн талаар философийн эргэцүүлэл, гаргалгааг орчин цагийн тогтворгүй амьдралын хэв маяг болох эл зохиолоос ухаармуй.
Эцэст нь салчих вий хэмээн түгшээж байсан Томас, Тереза хоёр салалгүйгээр хамтдаа нэгэн насыг элээсэн нь сайхан байлаа.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5116

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%