100 ЧУХАЛ СЭДЭВ: Цахим ардчилал ба Монголын боломж

Манай улсын зарим түшээд Эстони улс явж цахим засаглалын туршлага судалжээ.  Энэ талаар  “100 ЧУХАЛ СЭДЭВ нэвтрүүлэг гарсныг үзэв. Хагас цагийн нэвтрүүлэгт эрин цагийн хамгийн халуун сэдэв мэдээж багтахгүй. Цаг үеийн агуулга ба ерөнхий чиг хандлагыг тоймлох, ингэхдээ зарим нэр томьёог тодорхой болгох хэрэг байна. Өнгөрсөн цаг буюу түүхийн зарим чиг хандлага, өнөөдөр буюу орчин цагийн асуудлуудаас маргаашийн Монголд ямар асуудал ба боломж байгаа нь харагдаж ирнэ гэж найдаж байна.

Анхдугаар эдийн засгийн хувьсгал: Технологи ба улстөр

Ерөнхий агуулгаараа бол цахим гэдэг нь технологийн, харин засаглал нь улстөрийн асуудал болно. Өөрөөр хэлбэл, “цахим засаглал” гэдэг нь эрт цагаас эдүгээг хүртэл янз бүрийн хэлбэрээр л илэрч ирсэн улстөр ба технологийн харилцан хамаарлын л үргэлжлэл, хамгийн  “нялх хүүхэд” нь гэж хэлж болно.

Тэгэхээр цахим засаглалын ирээдүйг төсөөлж үзэхийн тулд ер нь улстөр ба технологийн харилцаанд тодорхой хууль, зүй тогтол байдаг уу, байдаг бол тэр нь ямар  зүй тогтол вэ гэдгийг асууж үзэхээс өөр аргагүй.  Эдгээр нь цаашлаад түүхэнд ерөнхий зүй тогтол байдаг эсэх, эсвэл ер нь хүн гэдэг амьтан юу гээч болох тухайд холбогдож ирдэг суурь асуултууд учраас ийм тийм байдаг гэж хариулж шийдсэн зүйл дэлхий дахинд ч хараахан алга. Тиймд зарим судлаачдын дэвшүүлсэн таамаглал, онолд түшиглэхийн сацуу өөрсдөө чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй загварчлах орон зай нээлттэй хэвээр байна.

Технологийн хувьд түүхэнд хоёр томхон үсрэлт гарсан гэж Дугласс Норт зэрэг эдийн засгийн түүхчид үздэг. Түүний тодорхойлолтоор технологи гэдэг нь хүн төрөлтний байгалийн нөөцийг засаглах чадамж юм. Энэ чадамжид 10 мянга орчим жилийн өмнө хувьсгал гарсныг хөдөө аж ахуйн буюу эдийн засгийн анхдагч хувьсгал гэх нь бий.

Анхдагч хувьсгалын нөлөөгөөр ан гөрөө, түүврийн аж ахуй газар тариалан, мал аж ахуйд байраа тавьж өгсөн. Бид өнөөдөр технологийг шүтэж магтан дуулах маягтай цаг үед амьдарч байгаа ч газар тариалангийн хувьсгал нь хүн амын огцом өсөлт, баланс муутай хүнс, суурин газрын өвчлөл дагуулсныг зарим археологийн баримт баталдаг. Түүнчлэн энэ тэмдэглэлийн гол сэдэв болох улстөрийн хувьд ч  баялгийн тэгш бус хуваарилалт үүсч, анчид, түүвэрчдийн дунд оршиж байсан либерал дэг журам эвдэрсэн гэж үзэх түүхч цөөнгүй. Цэрэг зэвсгийн технологи хөгжихийн хэрээр  омог, аймаг дундын зөрчил ширүүсч, хүмүүн бид зуун зууны туршид дайн дажин, байлдан дагуулалт хийж иржээ. Өөрөөр хэлбэл, технологи нь түүхэнд тодорхой улс үндэстэн, эсвэл омог аймагт эдийн засгийн баялаг, цэрэг зэвсгийн хэт давуу байдал олгож, улмаар улстөрийн тогтворгүй байдал үүсгэдэг нэг гол хүчин зүйл байсан гэж хэлж болно.

Хамаг Монголын Тэмүүжин орондоо орох завгүй олзолдон тэмцэлдэж асан олон омгийг нэгтгэж Их Монгол улсыг байгуулсан. Яг түүн шиг энэ мэт дайн дажны тогтворгүй байдлыг нэг гар дор зангидахын тулд хүчирхэг нэгдсэн төр улс үүсэх явц бусад улсад ч давтагдаж иржээ. Тэгэхээр технологийн хөгжил өнөөдрийн төрт улс үүссэн түүхтэй салшгүй холбоотой гэж хэлж болно. Өндөг тахианы үлгэр шиг технологиос төрөн гарсан улстөр, нийгмийн бүтэц нь эргээд технологи үүсэх, хөгжих боломжийг тодорхойлж иржээ.

Яг энэ орчин нөхцөл илүү бүрдсэн Европт, тухайлбал Англиас хоёрдогч эдийн засгийн хувьсгал буюу үйлдвэрлэлийн технологийн хувьсгал эхэлсэн байдаг. Мөн л өдгөө бид ихэвчлэн эерэг сайхнаар ярьдаг ч хөдөлгүүрийн технологид гарсан хувьсгалын араас Европын колоничлол, улмаар дэлхийн түүхэнд гарсан хамгийн гамшигт хоёр дайн дагалдаж, тэр байтугай хийсэн технологио ашиглан нэгийгээ цөмийн галд хайлуулж үзсэн. Өөрөөр хэлбэл, хоёр дахь удаагийн том үсрэлтээр ч технологи нь дэлхийн дэг журамд урд өмнөхтэй харьцуулшгүй хэмжээнд хөнөөл сүйрэл дагуулсан түүхтэй.

Хоёрдугаар эдийн засгийн хувьсгал: Технологи ба улстөр

Ингээд харахаар смарт утас хэрэглэж, ардчилсан сонгуульд оролцож, технологи инновациас төрөн гардаг эдийн засгийн өсөлтөөс хүртэж ая тавтай амьдарч байгаа 21-р зууны иргэд бид хэзээ хаанаас бий болов гэдэг их сонирхолтой асуулт.

Мэдээж ардчилсан тогтолцоог идей бүтээсэн. Мянга мянган жил хөгжсөн хүний оюун санаа, либерал улстөрийн үзэл санаа үгүйгээр өнөөдрийн дэвшилд хүрэхгүй байсан. Гэхдээ түүхийн динамикыг тодорхойлох гол хүчний хувьд технологид нийгмийг ардчилах ямар нэг хүч агуулагдаж байгаагүй бол идей ганцаараа дийлэхгүй. Технологи нь зүүн гараараа эрх мэдлийг хүчирхэгжүүлж, баялгийн тэгш бус байдал үүсгэхийн сацуу баруун гараараа жирийн иргэдийг чөлөөлж, тэднийг өөрийн гэсэн өмчтэй, орлоготой, боловсролтой бие даасан индивидаул, хүчирхэг бие хүн болж төлөвших процессыг ч нөхцөлдүүлж иржээ. Хорьдугаар зуун гэдэг маань яг л энэ технологийн паралелл эффект аль аль нь оргилдоо хүрсэн гэдэг утгаараа хүний түүхийн хамгийн сэтгэл татам, бас хамгийн харгис нэг эрин болж өнгөрсөн байдаг. Тэгэхээр бид цахим засаглал ч юм уу, ер нь технологи ба улстөрийн аливаа хэлбэрийн харилцааг хөгжүүлэхдээ нөлөө нь аль талдаа илрэх вэ гэдгийг заавал бодолцож байх ёстой. Нэн ялангуяа бүтээх ба сөнөөх эффект нь улам бүр хүчтэй, хурдтай болж байгаа хиймэл оюун ухаан, дата эрин үед.

Хэзээ технологи нийгмийг ардчилж, хэзээ хувь хүнийг хүчирхэгжүүлж эрх мэдлээс хамгаалдаг юм бэ? “100 чухал сэдэв” нэвтрүүлэгт дурдаж байгаа аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал(энд бичиж байгаа агуулгад бол эдийн засгийн хоёрдогч хувьсгалын дөрөв дэх шат гэсэн үг) хүртэлх процессыг арай дэлгэрүүлж харъя.

Эхний шат буюу уурын хөдөлгүүрийн технологи бол баронууд гэгдсэн эздийн тоглоом байлаа.   Арван мянган жилийн тэртээ анхны технологийн тэсрэлт агнуур түүврийн ахуйг эвдсэн хэв маяг давтагдав. Машинт үйлдвэрлэлд уламжлалт гар урлал шахагдаж, Англи, Европт үүссэн үй олон ажилгүйчүүд Америк руу цагаачлав. Энэ явц өрнөж байсан 19-р зуунд капитализмын хамгийн хатуу ширүүн шүүмжлэл “Капитал” бичигдсэнийг бид мэднэ. 

Харин хоёрдугаар шат буюу  Фордын масс үйлдвэрлэлээс эхлээд өдөрт 5$ цалин хэмээх гайхамшиг Орост хааныхаа толгойг авч хаясан ядуусыг Америкт бол ажилтай, масс хэрэглээний нийгэм болгож хувиргав. Гэхдээ 1930-аад онд санхүүгийн их хямрал гарч технологийн хөгжил ба нийгмийн сайн сайхны дунд дахиад ан цав гарлаа. Энэ хямралаас хойш Америкт нийгмийг технологи буюу зах зээлд даатгах гэхээсээ төрийн зарцуулалт моодонд орж, Италид фашизм, Германд нацизм, Японд Азийн империализм гарч ирэв. Япон, Герман гэдэг маань технологи улам бүр шинжлэх ухаан, мэдлэг шингээх шинжтэй болсон хөнгөн үйлдвэрлэлийн хувьсгал  өрнөсөн хоёр орон. Энэ хоёр оронд тэдгээр технологийг төртэй нягт сүлжээтэй том гигант компаниуд хөгжүүлж, цэргийн технологидоо эрдээд дэлхийн дайн өдөөв. Дайны сүйрлийн дараа их гүрнүүд технологийн бүтээх сөнөөх хүч ба нийгмийн тэнцвэрийг хангах системийн архитектурыг анх удаа хамтдаа нухацтай тунгааж, НҮБ болон бусад олон улсын хамтын бодлогын байгууллагууд үүссэн юм.

Төрийн зарцуулалтаар эдийн засгийн хямралыг удирдах, ажлын байр үүсгэх бодлого хүчийг авч,  Япон Герман зэрэг орны капиталистууд экспортоос гадна дотоодын хэрэглээг дэмжих Фордизмыг тууштай хөгжүүлэв. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар дайнаар дал шархадсан дэлхий технологийг тогтвортой хөгжлийн тулд ашиглах болж, төрийн бодлого орлоготой нийгмийн масс хэрэглээнд түшиглэх боллоо. Нөгөө талаар харилцаа холбоо, масс медиа технологи хөгжиж, Пакс Американо дор тэрхүү нийгмийн нэгж болох хувь хүний эрх, эрх чөлөөний үзэл санаа дэлхий дахинд тархав. Үйлдвэрлэлийн хувьсгалын анхны шатанд колоничлогдсон Африкын орнууд тусгаар тогтнолоо.

Дайнаас үлдсэн тооцоолон бодох технологи 1970-аад онд хэрэглээнд орж ирснээр үйлдвэрлэлийн хувьсгалын гуравдугаар шат эхлэв. Энэ шат эхлэхтэй зэрэгцэн дэлхий дахин ужиг инфляцид нэрвэгдэх болов. Төрийн зарцуулалтаар нийгмийн тогтвортой байдлыг хангах загвар ширүүн шүүмжлэлд өртөх болж зах зээл эргээд төвд орж ирэв. Энэ үеэс хойш буюу технологи дахиад жолооны суудалд суусан 50 орчим жилд баялаг огцом нэмэгдэж, түүний зэрэгцээ орлогын тэгш бус байдал огцом нэмэгдсэн тухай өмнөх нийтлэлд дэлгэрэнгүй бичиж хүргэсэн.  Дайны технологи энх тайвны арга хэрэгсэл болох замдаа дериватив санхүүгийн технологи болж дүрс хувирлаа. Санхүүгийн технологийн хувьд цөөнхийн эдийн засаг улам тэлэх сөрөг эффект нь давамгайлснаар 2008 онд 1930 онтой дүйх их хямрал гарав. Энэ нь алсуураа дэлхий дахинд массыг хамарсан улстөрийн хямрал дагуулсан эрин цаг яг өдгөө үргэлжилж байна. Яг энэ үетэй зэрэгцээд дөрөвдүгээр шат буюу цахим сүлжээнд суурилсан системүүд, түүний өгөгдөл буюу дата, тухайн датаг боловсруулах хиймэл оюун ухааны эдийн засаг эрчимтэй тэлж байгаа үеийг бид гэрчилж амьдарч байна.

Том ах уу, дүү юу?

Энд одоо зарим нэг нэр томьёог тодорхой болгох хэрэгтэй. Дижитал шилжилт, эсвэл цахим хувьсгал гээд байгаа нь ерөнхийдөө энэхүү дөрөвдүгээр шат руу дэвших бүх салбарыг хамарсан явцыг хэлж буй. Цахим засаглал гэдэг нь энэ хувьсал өөрчлөлт дунд төрийн  үйлчилгээг цахимжуулах явцыг хэлж буй. Цахим засаглалаас арай өргөн агуулгад цахим ардчилал гэж хэлц бас хэрэглэгдэж байгаа талаар цааш нь тодруулъя.

Тэгэхээр дээр асуусан асуулт, шат шатанд бүтээх ба сөнөөх шинж нь улам бүр хүчтэй болж ирж байгаа технологи хэзээ нь бүтээж, хэзээ нь сөнөөгөөд байна вэ? Бид үүнд өөрийн гэсэн нухацтай хариулт өгөлгүйгээр харанхуй шилжиж болохгүй.  Дээр өгүүлсэн түүхээс дүгнэж болох нэг ерөнхий зүй тогтол гэвэл технологийн хөгжил эрх мэдэл, эд баялгийн төвлөрлийг улам эрчимжүүлж байна уу, сааруулж байна уу гэдгээс аль эффект нь илүү хүчтэй илрэх эсэх нь шийдэгдэж иржээ.

Төрийн төсөв, хүчний байгууллага дээр хүн ардын бүх үйл хөдлөлийг хянах, мэдэх эрх төрд очвол юу болох вэ? Оюутны нүдний харц, тархины долгионыг хянаж, хичээлдээ төвлөрч байгаа эсэхийг хянаж чадахаар болж байна. Үүнийг хүн төрөлхтөн хүссэн үү, үгүй юу?

Цаг цагт урлагийн их зөнчид төрж, хүний хүсэл эрмэлзэл хийгээд өөрийн гараар бүтээх аюулыг урдчилан зураглаж өгдөг. Нэвтрүүлэгт дурдагдаж байгаа Жорж Орвеллын 1984 бол яг тийм зохиол. Технологи төвлөрсөн эрх мэдлийн гарт улам бүр хүчтэй багаж атгуулж, тэр нь бүхнийг хянадаг “Том ах”, терминатор болж хувирах аюулыг нэвтрүүлэгт бол эерэг агуулгад хольж гаргасан харагдана. Коммунист дэглэмтэй Хятад улс бол Орвеллын том ахыг амьдралд биежүүлж магадгүй дээрээ ирээд байна.

Ямар ч гэсэн бид өнөөдөр 1000 жилийн өмнөхөөс эрх чөлөөтэй, илүү орлоготой амьдарч байна. Энэ нь урт хугацаандаа бол технологийн хүнийг чөлөөлөх, эрх мэдлийг тараах хүч илүү давж ирсний баталгаа юм. Өнөөдөр ч гэсэн хэдийгээр санхүүгийн технологи орлогын тэгш бус байдал үүсгэж байгаа ч, үүний нөгөө талд төрийн гарт төвлөрч ирсэн мөнгө ба мэдээллийг decentralize хийх, төвлөрлийг задлах хувьсгалт технологи бас зэрэгцээд үүслээ. Крипто мөнгө, блокчэин гэгдэх технологиуд эрх мэдлийг төвлөрүүлэх ба сааруулах эффект өгөө аваатай ээлжилж ирсэн түүхэнд эцсийн цэг тавих потенциалыг өөртөө агуулж байгаагаараа жинхэнэ түүхэн цахим хувьсгал өдөөж ч мэднэ. Цахим хувьсгалын тухай нэвтрүүлэгт энэ боломж, технологийн тухай дурдалгүй өнгөрөх нь Төв аймаг ороод Чингисийн хөшөөгөөр дайралгүй гарч байгаатай төстэй алдас болно.

Боломж

Дээр дурдсан үйлдвэрлэлийн хувьсгалын шат шатанд сүүлдэж гарагсад өмнөхөө гүйцэх хугацаа богиносч, хурд улам нэмэгдэж ирсэн чиг хандлага бий. Тэгэхээр улам бүр мэдлэг, агаар шингээх шинж чанартай болсон энэ шатанд ч нүсэр дэд бүтэц, гарааны нөхцлөөс үл хамааран дэлхийн эдийн засагт оролцоо хийх боломж манай улсад байгаа юу гэвэл байгаа. Манай и-баримтын систем гэхэд л зарим өндөр хөгжилтэй оронд нэвтэрч амжаагүй байгаа цахим засаглалын нэг амжилттай загвар юм.  Энэ системээ англи хэл рүү буулгаад зарахад л цахим экспорт хийчихнэ гэсэн үг.

Харин иймэрхүү маягаар засаглалын процессыг цахим хувилбарт оруулахад ард нь үргэлж мэдээллийн төвлөрөл, түүний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөний хамгаалалт өөрөөр хэлбэл үзэл санаа, нийгмийн загварчлал, тогтолцооны асуудал дагалдаж байгааг мартаж болохгүй.  Урд нь коммунист байсан, одоо ч хүний эрхийн төлөвшилгүй манай төр том ах, цахим харуул болж хувирах уу, цахим үйлчлэгч болох уу гэдэг нь бидний хүсэл эрмэлзлээс хамаарах юм. Хоёр иртэй хутга шиг технологийн их хүчийг аль ирээр нь хэрэглэх вэ гэдгийг хэзээд үзэл санаа шийдэж ирсэн билээ.

Энэ утгаараа Эстони улсын дижитал шилжилт эрх мэдлийг цахимжуулсан гэхээсээ иргэний оролцоог хангасан цахим ардчиллын жишээ болж их судлагддаг. Тус улсын цахим системийг төв засгийн газраас буюу дээрээс top down шууд нэвтрүүлсэн цахим засаглал гэхээсээ аити салбарын тоглогчид, салбарын мэргэжилтнүүд зэрэг bottom up манлайллаас үүсч бий болсон  цахим ардчилал гэж үздэг. Энэ утгаараа Л.Оюун-Эрдэнэ сайд ч нэвтрүүлэгт цахим хувьсгал гэдгээр зөвхөн төр биш хувь, төр, иргэний нийгмийн хамтарсан тоглолт явах ёстой гэж хэлж байгаа нь маш чухал. Энэ байр сууриа тууштай баримтлах, бусад тоглогчид ч ийм улстөрийн амлалтын хэргийг гаргаж идэвхитэй оролцох нь цаашдын манай цахим ардчиллын шинж чанар ямар байхыг шийдэх болно. 

Дашрамд дурдахад хуучин социалист орнууд дунд цахим ардчилалтай Эстони авилгын индекс хамаагүй бага гардаг. Энэ нь нэгдүгээрт мэдээж хүнд суртлыг хөнгөлсөн, хоёрдугаарт коммунист дүрэм алга болмогц танил хүнээ буюу эзнээ, омог аймгаа дагаж тоглодог уламжлал сэргэхээс өмнө дундуур нь нэр нүүргүй цахим үйлчлэгч оруулж амжсаных гэж бас үзэж болно.

Бид дэлхий дахинд нэгэнт өрнөж буй цахим хувьсгалд нэгэнт технологийн манлайлагч хийж чадахгүй. Харин дагаж цахим шилжилт хийхдээ алсын хараагаа цахим засаглалаас өргөн хүрээнд тодорхойлж, хараахан бусад улс өмчилж амжаагүй “дижитал ардчилал” зэрэг консептоор бүс нутагтаа загвар болох, үүнийгээ экспортлох боломж бидний өмнө нээлттэй байна. Технологийг хүний төлөө загварчлах бодлого тууштай барина гэсэн үг. 

Эцэс төгсгөлгүй сонголт, зах хязгааргүй боломжийг өгдөг технологийн их хүчний өмнө дэлхий дахин бидэнтэй л адил олон нээлттэй асуултад хариулт эрж байна. Үүнд авторитар улс олонтой бүс нутагт оршдог, эх газрын арал ардчиллын хувьд өөрсдийн загварыг гаргаж чадвал бид дөрөвдүгээр хувьсгалд нэг гол дүр болж үлдэнэ. Түүхийн чиг хандлага хаанаас хаашаа эргэж ирснийг харж байж энэ консептыг гаргах учраас олныг өгүүлэв. Монгол Улс дэлхийд цаг үеийн оролцон тоглогч байх эсэх, оролцохдоо ямар дүрээр оролцох вэ гэдгээ тодорхойлох нь шинэ үеийн лидерүүдийн хийх гол ажлын нэг.

 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5417

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%