Нийтлэл 02 сарын 01, 2020

Unsick podcast: Коронавирусыг хэрхэн оношилдог вэ?

Коронавирус хэмээх шинэ төрлийн вирус дэгдээд сарын хугацаанд 7892 тохиолдол бүртгэгдэж, сэжигтэй 12167 тохиолдол илэрч, нас барсан хүний тоо 170 хүрчээ. Гэхдээ айх зүйлгүй, анагаах ухаан хүчтэй, судалгаа шинжилгээ эрдэмтэдийн баг ч сайн ажиллаж байна. Энэ богино хугацаанд анагаах ухааны гайхамшигт хөгжлийн ачаар тодорхой дата, судалгааны үндсэн дээр нотолгоонд суурилсан мэдээлэл бий болж байна. Тиймээс энэхүү вирусын талаар нотолгоонд суурилсан мэдээллийг хүргэж байна.

Вирусын халдвар авсан үе ихэнхдээ ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Коронавиурсын халдварын нууц хугацаа бол 2-14 хоног  байдаг. Өөрөр хэлбэл тухайн хүн халдвар аваад эмнэлзүйн зовиур шинж тэмдэг илрэх хүртэл тодорхой хугацаанд ханиалгах, гүйлгэх, бие тавгүйрэх зэрэг ерөнхий шинж тэмдэгүүд илрээд томуу төст уушигны хатгалгаа үүсэх хүртлээ 7-14 хоногийн хугацаа байдаг хэмээн эрдэмтэд үзэж байна. Коронавирусын халдварын үед зонхилон тохиолдох гурван шинж байдаг:

1. Өндөр халуурах

2.Ханиалгах

3. Амьсгаадах

Хүндэрсэн үед уушигны хатгалгаа, амьсгалын дутагдал үүснэ. Тэгэхээр Коронавирусын халдвар аваад эмгэг үүссэн үед 2 талын уушгинд нэвчдэс буюу үрэвсэл үүсдэг. Өөрөөр хэлбэл уушигны эд эс үрэвсээд хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж эхэлж байна гэсэн үг. Ингээд уушигны хатгалгаа үүсч, амьсгалын эрхтэн тогтолцооны эд эсүүд  гэмтээд эхлэхэд гаднаас нүүрс төрөгч аваад нүүрс хүчлийн хий гаргах амьсгалын эрхтэн тогтолцооны үндсэн үүрэг алдагдаж эхэлсэнээр  амьсгалын дутагдал, сепсис шокоор нас барч байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд цугласан дата дээр тулгуурлан  нас баралтыг хувиар тооцвол 100 хүн Коронавирусын халдвар авахад 3 хувь нь нас барах магадлалтай байна.

Коронавирусыг хэрхэн оношилдог вэ?

Олон нийтийн зүгээс Коронавирусыг хэрхэн оношлох вэ? яг бодитой оношилж байгаа юу гэх хардлага их байна. Тэгэхээр Коронавирусын халдварын үед амьсгалын эрхтэн тогтолцоо ханиад томуу уушигны хатгаа төст эмнэлзүйн зовиур илэрдэг. Өөрөөр хэлбэл томуугийн вирус уушигны хатгалгааны бусад хам шинж байлаа гэхэд ялгахад бэрхшээлтэй гэсэн үг. Мөн 14 хоногийн турш Хятад улсын Ухань хотод зорчсон байх аль эсвэл Коронавирусын халдвартай хүнтэй ойр байсан эсвэл тээвэрлэсэн байвал тухайн хүнийг Коронавирусын халдвартай хэмээн сэжиглэж үзээд баталгаажуулах үндсэн шинжилгээг хийж байгаа. ДЭМБ зөвлөж буй баталгаажуулах шинжилгээ бол Real time RTPCR молекул биологийн шинжилгээны арга юм. Энэ молекул биологийн шинжилгээ нь Коронавирусын халдварыг үнэн зөвөөр баталгаажуулахын тулд өвөрмөц молекулын шинжилгээ учраас Праймер хэмээх өвөрмөц урвал бодис ашигладаг. Праймерийг өндөр түвшний лабратортай газар бол угсраад шинжилгээ хийх боломжтой. Манай улсын хувьд энэ Праймерийг хийх боломжтой боловч үнэхээр Коронавирус мөн байна гэдгийг баталгаажуулахад зарим нэг талаар учир дутагдалтай. Гэхдээ Япон улсаас ирсэн Коронавирусын оношлуураар баталгаатай үнэн зөв оношилж байгаа гэдэгт эргэлзэх асуудалгүй гэдгийг хэлмээр байна.

Хэрхэн эмчлэх вэ?

Коронавирусын үед эмчилгээний асуудал нэлээд бүрхэг. Монгол улс төдийгүй Дэлхийн нийт вирусын халдварын үед зохих өвөрмөц эмчилгээ байхгүй гэж болно. Жишээ нь хатгаа авсан үед антибиотик уугаад эдгэдэг бол Коронавирусын халдварын үед вирусыг биеэс гадагшлуулах, устгах өвөрмөц эмчилгээ одоохондоо шийдлээ олоогүй байна.

Коронавирус нь шинэ төрлийн вирус учир олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн вакцин байхгүй. Одоохондоо лабраторын туршилт судалгааны явцад яг тохирсон вакциныг хийх байх.

Тийм учраас Коронавирусын халдварын үед шингэн нөхөх, нянгийн эсрэг эмчилгээ хийгдэнэ. Ер нь бол хүүхэд болон настай хүмүүст Коронавирусын халдвар харьцангуй хүнд тусч байна. Харин залуу хүмүүст бол Коронавирусын халдвар аваад эдгэх боломжгүй шууд нас бардаг гэж ойлгож болохгүй, дархлаагаа сайн дэмжиж байгаа тохиолдолд вирус хүндрэлгүй эдгэх бүрэн боломжтой юм.

Эцэст нь вирусаас хамгаалах хамгийн зөв арга бол хөл хорио. Аль болох олон нийтийн газраар зорчихгүй явахгүй байх, шаардлагатай  тохиолдолд маск зүүж хэвших нь чухал. Мөн гарын ариун цэврийг маш сайн сахиараа гэж зөвлөе.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2020-02-01

    Маш сайхан нийтлэл байна баярлалаа

    • Зочин
    • 2020-02-01

    Маш сайхан мэдээлэл байна баярлалаа

arrow icon