Нийтлэл 02 сарын 07, 2020

Хүний нөөц үү эсвэл капитал уу?

Жил бүр Швейцарийн Давост дэлхийн улстөр, эдийн засаг, бизнес, соёл зэрэг салбар бүрийн манлайлагчид  цуглан, хүн төрөлхтөнд тулгараад буй томоохон асуудлуудын талаар хэлэлцэж, цаашдын чигээ гаргадаг заншил тогтоод 50 гаруй жил болж байна. 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш Дэлхийн эдийн засгийн форумын ерөнхий сэдвүүдийн нэг нь капитализм ба түүний ирээдүйн талаар байсан. Тус форумыг үүсгэн байгуулагч профессор Клаус Шваб 2013 оны Дэлхийн эдийн засгийн форумыг нээж хэлэхдээ “Талентизм” (Talentism) хэмээх шинэ ойлголтыг дэлхий дахинд танилцуусан байдаг.

“Аж үйлдвэржилтээс өмнөх үед үйлдвэрлэлийн хамгийн чухал хүчин зүйл бол хүний булчингийн хөдөлмөр байсан. Харин аж үйлдвэржилтийн үед хүний булчингийн хөдөлмөрийн байр суурийг капитал эзлэх болсон. Өнөөдөр бүтээлч байдал болон инноваци хийх чадвар зэрэг хүний чадварууд (Талентизм) нь капиталыг гүйцэж түрүүлэн үйлдвэрлэлийн хамгийн чухал бүрэлдэхүүн боллоо. Энэхүү процессийг бид “Талентизм” гэж нэрлэсэн ба талентизм нь шинэ эрин үеийн капитализм юм (Talentism is new capitalism). 21-р зуунд дэлхийн тавцанд өрсөлдөх хүсэлтэй ямар ч компани, улс орны хувьд сайн талентыг бойжуулж, бэлтгэх нь тухайн байгууллагын үхэл амьдралыг шийдвэрлэх болно. Хэрэв цаашдын өөрчлөлт, шинэчлэлийн зүрхэнд нь технологи байна гэж бодож байгаа бол та бид маш том эндүүрчээ. Хүн л энэ бүх өөрчлөлтийн төвд нь байгаа шүү” гэж тэрээр нээлтийн үгэндээ хэлжээ.

Мэдээж хүн ба түүний булчингийн хөдөлмөр хэзээд үйлдвэрлэлийн нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг байсаар ирсэн хэдий ч оюуны өндөр чадвар бүхий оюуны хөдөлмөрчид болох талентууд өндөр технологижсон өнөө үед мөнгө, санхүүжилтээс илүү чухал байр суурь эзэлдэг. Мөн ямар ч улс орон, бизнесийн байгууллагын стратеги төлөвлөгөөний гол цөм нь байхыг цаг үе шаардаад эхэлчихлээ.

Делойтын (Deloitte) 2019 оны Global Human Capital Trends тайланд дурдсан санал асуулгад оролцсон компаниудын 86 хувь нь хиймэл оюун ухаан (AI), автоматжуулалт (automation), когнитив технологи (cognitive technologies) зэрэг өндөр технологийн салбарын хүчтэй түрлэгээс үүдэн цаашид оршин тогтноод зогсохгүй өсөн дэвшихийн тулд өдийг хүртэл хуримтлуулсан бизнесийн туршлага, стратегиа эргэн харж, эрс өөрчлөлт хийх шаардлагатай, 84 хувь нь ажиллах хүчнийхээ компанид эзлэх байр суурь, тэдгээрийн бүтээмжийг дахин бодож, томьёолох шаардлагатай. Энэ бүх өөрчлөлтөд дасан зохицож, цаашид хөгжихийн тулд компанийн лидерүүдээ өөрөөр бэлтгэж, бойжуулах шаардлагатай гэж 80 хувь нь хариулжээ.

Товчхондоо, компани гэдэг нь зөвхөн зоосны нүхээр харж, ашиг орлого, санхүүгийн үзүүлэлтийн араас гүйдэг институци байхаа больж, хүн зогсолтгүй суралцах, хийж бүтээж байгаадаа урамших, нийгэм болон байгалдаа эерэг нөлөөг бий болгох, нэг хоёр хүн бус нийтээрээ ашиг орлогоо хуваалцах боломжтой хамтын институци буюу талент инкүбатор болон өөрчлөгдөх шаардлагатай. Хүн нөөц байхаа больж, капиталаас илүү чухал болсоныг онцолсон хэрэг. Хэн хамгийн сайн таленттай байна, түүнд давуу тал бий.

Саяхныг болтол маржинал (чухал биш) хэмээн үзэгдэж байсан гэрээт, цагийн, ээлжийн болон аутсорсингийн ажилчид мэргэжлийн ур чадвар болон байгууллагын талент менежментийн стратегит эзлэх байр суурийн хувьд үндсэн ажилчидтай эн зэрэгцэхүйц төвшинд хүрсэн ба цаашид энэхүү статусаа улам бэхжүүлж, аливаа байгууллагын зайлшгүй нэгэн бүрэлдэхүүн болох трендийг Делойтын тайлан бас дурджээ. Талентизмийн шинэ эрин үе компани, албан байгууллагууд болон хувь хүмүүст шинэ ур чадвар эзэмших, дахин дахин суралцах эсвэл суралцах арга барилаа өөрчлөх зэргээр өөрчлөлтөд дасан зохицохыг шаардаж байна.

Энэхүү шинэ эрин Монгол компаниудын хаалгыг тогших цаг энүүхэнд ирлээ. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг шиг Монгол компаниуд хүний капиталаа сурагч, оюутан цагаас нь сургаж, бойжуулж, чадваржуулж, оюуны өндөр төвшний талент болгон бэлтгэхгүй эсвэл өөрсдөөсөө энэ шинэчлэлийг эхлүүлэхгүй бол 21-р зууны өндөр технологийн шуурганд өртсөн гашуун туршлага болон үлдэх вий.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon