Нийтлэл 02 сарын 29, 2020

Цезариуд мандах цагт

Өмнөх үеийн удирдагчдаас ялгаатай нь өнөөгийн дарангуйлагчдад ямар нэг нийтлэг үзэл санаа байхгүй, харин эрх мэдэлд хүрмэгцээ бүгд ижилхэн аашилдаг.

LARRY DIAMOND

12 үе шаттай хөтөлбөрийн тухай

Өнөөгийн дэлхий ертөнцөд түгэн дэлгэрч буй автократ тогтолцооны  нийтлэг нэг шинж нь ижил төстэй, тулгуур үзэл санаа байхгүй явдал. Анхлан либерал ардчилал өндийж байсан өнгөрсөн зууны 20-30-аад оны үед үүнтэй зэрэгцээд коммунизм, фашизм гэх өөр өөр үзэл санаа мөн өндийж байсан билээ. Колоничлолын дэглэм задран унасан 50-60-аад онд дарангуйлагч дэглэмийг эсэргүүцэгчид коммунистууд дээр анхаарлаа төвлөрүүлсэн, үгүй дээ л гэхэд чөлөөт зах зээл, хувийн өмчийг үгүйсгэгч социалист уриалгатай  үзэлцсээр таарсан.

Төр хүчтэй байж, сөрөг хүчнээ эсхүл үйлдвэрчний эвлэл болон өөр бусад иргэдийн нэгдлийг хувьсгалын эсрэг үйл ажиллагаа явуулсан нэрийн дор нухчин дарах социалист болон хаант засаглал үнэндээ улстөрийн тогтвортой байдал тогтоосноор хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн хурдацтай хөгжилд хүрнэ гэх үндэслэл гаргаж тавьдаг.

Үзэл санааны хувьд өнөөгийн автократууд илүү прагматик, өөр болсон. Ихэнхдээ чөлөөт эдийн засгийн харилцааг дэмждэг, Оросын Путин, Унгарын Орбан, Туркын Эрдоган шиг капитаистуудтайгаа нягт сүлбэлдсэн хүмүүс мөн. Хамгийн түрүүнд өөрсдөө, өөрийн талынхан, гэр бүл, намаа хөрөнгө мөнгөтэй болгоход л санаа тавина. Соёлын хувьд төвийг сахих үзлийг сурталдаж “барууны либерал” ёс суртахууныг шүүмжлэн сул тал дээр нь тоглолт хийнэ. Ингэхдээ үндсэрхэг үзэл, шашин шүтлэг дээр тулж либерал үзлийг дарах хор гүйлгэдэг. Үндсэрхэг үзэл улс орон бүрийн хувьд өөр өөрөөр тодорхойлогдоно, шашин шүтлэг ашиглан либерализмын эсрэг дайрахдаа бүхий л шашин шүтлэгийг ашиглана. Орост гэхэд Загалмайтны шашны үнэн алдартны урсгал, Польшид католик, Туркэд ислам, Шри Ланк, Мьянмарт буддизм, Энэтхэг индуизм, Африк, Өмнөд Америкт евангелист, бүр жүүд шашин (Израилд хэт барууны урсгал нь) хүртэл энэ үзэгдэлд автжээ.

Улстөрийн хөдөлгөөнүүдийн хүрээнд хэд хэдэн тодорхой сэдвээр энх тайвнаар зэрэгцэн орших, нээлттэй байдал, оролцоог хангах, арьс өнгө, шашин шүтлэг, хүйс болон хүмүүний бусад амин чанараас үл хамааран ижил тэгж боломж олгох зэрэг дэвшилтэт либерал үзэл санааны эсрэг түрж буй. Виктор Орбаны талаар Марк Ф. Платтнер тайлбарлан хэлсэнчлэн “Христ ардчилал” гэх (тухайн үндэстэнд давамгайлах шашин шүтлэгээс хамааран өөр өөр нэртэй) либерал бус загварыг бий болгохыг зорьжээ. Энэ загвар нь шашин, нийгэмд тогтсон соёл уламжлал, гэр бүл, үндэсний ижилсэлд тулгуурласан үнэт зүйлийг бахдан дуулж, бахархлыг дэвэргэн хөгжөөж, хувь хүний эрх, эрх чөлөө, соёлын болон шашны цөөнхийн эрхийг дарангуйлна. Энд цагаачид багтах нь мэдээж. Эрдоган зэрэг зарим удирдагчид шашин шүтлэгийн хувьд уламжлалыг баримтлагч байдаг бол бусад нь үндсэрхэг үзлийг улстөрийн зэвсгээ болгож ашигладаг. Гэхдээ аль ч тохиолдолд амин чанарын нийтлэг байдлаа сөрөг хүчнээ “мангас” болгон харагдуулахад чадварлаг ашиглаж, хотын цагаан гартнууд гэх мэтээр дайрч давшилснаар улстөрийн дэмжлэг олж, ард нийтийг туйлшруулан хувааж чаддаг. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн  өнгөрсөн тавдугаар сард сонгуульд дахнн сонгогдсон гайхам амжилт, аравдугаар сард Польшид дахин ялсан Хууль ба Шударга ёс нам, Шри Ланкын ерөнхийлөгчийн сонгуулиар сингаль үндэстний удирдагч Готабаяа Ражапакса өнгөрсөн сард улстөрийн тавцанд эргэн гарч ирсэн зэргээс харахад энэ стратеги амжилтад хүргэдэг аж.

Бёрклий дэх Калифорнийн Их сургуулийн  улстөр судлаач эрдэмтэн Жиотириндра Дас Гупта 1978 онд “Цезариуд мандах цаг” гэх нэр томьёогоор “Ази (үүний дотор Энэтхэгт түрхэн зуурт) тивд авторитар дэглэм тогтох үзэгдэл”-ийг нэрлэсэн билээ. Энэ удаад энэ үзэгдэл арай урт хугацаанд илүү далайцтайгаар дэлхий дахиныг хамран өрнөж, барууны либерал ардчилалд аюул учруулж эхэллээ.  Ингээд ч зогсохгүй энэ нь цаг зуурын үзэгдэл биш төдийгүй “хөгжлийн нэгэн үе шат” байхаа ч больж байна. Хамгийн анхаарууштай нь мандан бадарч буй эдгээр автократууд хуучин улстөртэй ижлээр хоёр шинж агуулж байгаа юм. Үүнд, улстөрийн эцсийн зорилго болох эрх мэдэлд шунан тэчьяадах чанар, эрх мэдэлд хүрэх, үүнийгээ хадгалан үлдэхийн тулд эрүүл ухаан гэхээсээ ард олонд таалагдах зүйлсийг амлах, ярих болжээ  Либерал улстөрч эрх мэдэлд хүрэхээрээ иргэний нийгмийн болон инстүүц хяналтыг дэмжин бэхжүүлдэг бол автократ улстөрчид популизмыг хөгжөөн сонгуулийн болон засаглалын стратеги болгон төлөвшүүлдэг аж. Ийм болохоор мөн чанартаа автократ удирдагчид туйлшрал, ялгарлыг өдөөж, нийгмийн хуваагдлыг улам гүнзгийрүүлдэг.  Нэг талд нь “манай” талын олонх буюу шашин шүтлэг (эсхүл үндэс угсаа) нэгтэй, уламжлалыг баримтлагчид. Нөгөө талд нь эрх мэдэлтэй, “ард түмэн”-ийг хууран мэхэлсэн элитүүд, террористуудаас хамгаалж чадаагүй аюулгүйн мэргэжилтнүүд, тэгээд цагаачид гэх мэт ажлын байрыг нь эзэлж, үнэт зүйлд нь харш зүйл хийж, охид, бүсгүйчүүдтэй нь гэрлэж, үндэстэн угсаатныг нь устгаж буй  өөрсдөөс нь  “өөр” хүмүүс. Энэ стратеги амжилтад хүрэхэд үнэмшилтэй өгүүлэмж (гажуудсан, худал байсан ч хамаагүй), түүнийг нь нийтэд хүргэх итгэл даах хүн, нэг хоёр өдөөгч үйл явдал, авлигын хэрэг, эрх баригч элит бүлгийн тамирдалт хэрэгтэй. Энэ бүхэн нийлж 2010 онд Орбаныг, 2014 онд Модиг,  2018 онд Жаир Боулсонаруг эрх мэдэлд хүргэж, Сирийн дайныг өдөөж, 2015 оны эхээр Ойрх Дорнод, Африкаас дүрвэгсэд олноороо Европ руу нүүхэд хүргэсэн билээ. Мөн  Родриго Дутертэг 2016 онд сонгуульд ялахаас өмнөх хар тамхитай холбоотой гэмт хэргийн өсөлт, Модигийн исламын шашинтуудаас (Энэтхэгийн хүн амын 15 хувь) болгоомжлох айдсыг өдөөх бодлогыг зөвтгөсөн Кашмир мужид гарсан террорист халдлага, Шриланкад ISIS-нөлөөгөөр Улаан өндөгний баяраар тэсэлсэн бөмбөг Ражапаксагийн аюулгүй байдлын талаарх хатуу байр суурийг хөхиүлэн дэмжих талбар бэхжихэд хүргэсэн юм.  Ард иргэдийг амин чанараар нь хуваан улстөржүүлэн салгах  өдөөлт олонх (ядаж л гэхэд дийлж байгаа олонх) өөрсдийгөө сайн, зөв талын хүмүүс учраас  гажуудсан либералууд авран хамгаалах гэж байна гэж итгэх хөшүүрэг болдог байна.

Эрх мэдэлтэй болохоороо гажуудсан либерал үзэлт популистууд бүгдээрээ ижил ааш аяг гаргадаг. Ялангуяа, би өөрийн бичсэн “Ташуу салхи” (Ill Winds) номондоо тодорхойлон бичсэн автократуудын 12 алхам хөтөлбөрийг хэрэгжүүлдэг аж. Хэдий хэрэгжүүлэх арга барил, дараалал нь өөр өөр байж болох ч ерөнхийдөө дараах ажлуудыг шат дараатай хийнэ. Үүнд:

  1. Улстөрийн өрсөлдөгч, сөрөг хүчнээ хууль бус, эх орноо худалдсан, чадваргүй урвагч бүлэглэл, ард түмнээсээ тасарсан гэж буруутган Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж буй сөрөг хүчний удирдагчийг муучлах, талцлыг улам дэвэргэх кампанит ажил өрнүүлдэг.
  2. Шүүхийн бие даасан хараат бус байдлыг гажуудуулна. Ялангуяа. Үндсэн хуулийн шүүх (цэц)-ийн итгэл даах, улстөрөөс хараат бус байх мөн чанарт нь эргэлзэх байдлыг төрүүлж, дараа нь бие даасан шүүгч нарыг улстөрийн хувьд өөрийн талынхнаар солих, эсхүл хууль, шүүхийн системд бүтцийн өөрчлөлт хийж, хяналтандаа авдаг байна.
  3. Хэвлэл мэдээллийн бие даасан байдлыг шүүмжилж, “худал хуурмагийг тараагч”, “ард түмний дайсан” гэх мэтээр цоллон чухал, ач холбогдолтой мэдээ, мэдээллийн эсрэг иргэдийг турхирна. Хэвлэл мэдээллийн реклам сурталчилгаанаас орох орлогын урсгалыг хаан эздийг нь татварын хэргээр мөшгин төрийн захиалгат ажил гүйцэтгэхийг нь хориглоно. Дараа нь өөрийн талын бизнесийнхэн, төртэй сүлбээтэй капиталистуудын дэмжлэгтэйгээр хэвлэл мэдээллийг өөрийн болгож авна.
  4. Олон нийтэд чиглэсэн аливаа хэвлэл мэдээллийн урсгалд хяналт тогтоон гарч буй агуулгыг нь улстөржүүлж, эрх баригч улстөрийн намын үзэл суртлын зэвсэг болгон ашиглана.
  5. “Шударга ёс”, ёс суртахуун, аюулгүй байдал, терроризмтэй хийх тэмцэл зэрэг нэрийн дор интернетийг төрөөс хянаж, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг улам ихээр боомилно.
  6. Иргэний нийгмийн бусад элемент: иргэний нийгмийн байгууллага, их сургууль, ялангуяа авлигатай тэмцэх, хүний эрхийн байгууллагуудын үүрэг ролийг бүдгэрүүлнэ. Эдгээр байгууллагуудын тухай увайгүй, чадваргүй, амиа хичээсэн, ард түмэн, эх орноосоо урвагч элит бүлэглэл гэх төсөөллийг ард иргэдийн дунд үүсгэнэ.  Их сургуулийн профессорууд  төр, засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэхээс эмээнэ. Оюутнууд эсэргүүцлийн тайван жагсаал цуглаанд оролцвол шийтгүүлнэ. Популист улстөрч, намд үнэнч хуурмаг иргэний нийгмийн байгууллага, ТББ шинээр үүсгэн байгуулна.  
  7. Улстөрийн сөрөг хүчнийг дэмжигч бизнесийнхнийг дарамтална. Татвар, хяналтаар өрсөлдөгч нам, улстөрчийг санхүүжүүлэгч бизнесүүдийг дарамтална. Хэрэв шахалт, дарамтыг тоохгүй байвал бизнесийг нь дампууруулна.
  8. Төртэй сүлбээтэй шинэ бүлэг капиталистуудыг төрийн тендер, хөнгөлөлттэй зээл, тусгай зөвшөөрөл гэх мэтээр угжин тэжээнэ. Эдгээр хүмүүс нь эрх баригчийн гэр бүл, найз нөхөд, хамтрагчид нь байдаг.
  9. Төрийн алба, аюулгүй байдлын байгууллагуудад шууд хяналтаа тогтооно. Үндсэн хуулийн хүрээнд ажлаа хийж буй мэргэшсэн төрийн албан хаагчид, цэрэг, цагдаагийн хүмүүсийг “бүлэглэл”—ийн гишүүн гэж гутаан цоллоно. Үндэсний цагдаа, тагнуулын байгууллагыг улстөржүүлэн өөртөө үнэнч байж шууд захирагдахыг шаарддаг. Хууль сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангагч эдгээр байгууллагыг шууд хяналтандаа авч өрсөлдөгчөө дарахад ашиглана.   
  10. Сонгуулийн хууль, тойргийг дураараа өөрчлөн (Gerryminding) сөрөг хүчнийг дэмжигч сонгогчдын саналын тоог сарниулах ажил хийснээр сөрөг хүчний намууд дараагийн сонгуульд ялах боломжийг бараг үгүй болгодог. Ингэснээр эрх баригч нам сонгуульд олонхын санал авч ялалт байгуулаагүй байлаа ч эрх мэдлээ хадгалж үлдэнэ.
  11. Сонгуулийн байгууллага (хороо)-г хяналтдаа авч сонгуулийн үйл явцыг улам гажуудуулж де-факто дарангуйлагч дэглэмийг инстүүц тогтолцоог баталгаажуулна.
  12. 1-с 11 дэх алхмыг ахин дахин давтан нягт нямбай хийснээр ард иргэдийн дунд шинээр тогтсон улстөрийн байдлыг шүүмжлэх зүрх зориг мохож, эсэргүүцэл алга болдог.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий дахинаа өрнөж буй авторитар чиг хандлагын талаар яриа хийж АНУ болон дэлхийгээр явахдаа ардчилсан улс орнуудад (АНУ шиг либерал ардчилалтай газарт хүртэл) олон хүмүүс дээрх 12 алхмаас олонхыг нь өөрийн удирдагчид, эрх барьж буй намынхаа үйл хэргээс олж харж байгааг хараад үнэхээр алмайрсан билээ.  Өнгөрсөн арван жил улам өндийж буй дарангуйллын аюулаас хийх дүгнэлт нь бид иймэрхүү үйл ажиллагааг эхэн үед нь чангаар шүүмжлэх шаардлагатай. Ингэснээр бид дарангуйлал биежин өөрөө өөрийгөө зөвтгөх боломжийг тас цохиж чадна.  Чимээгүй өсч өндийж тархан дэлгэрч буй авторитар дарангуйллыг эсэргүүцэхдээ популист автократыг дэмжигчдийг буруутгах нь утгагүй, ингэвэл туйлшралыг улам дэвэргэж популистад “тус” хүргэнэ гэсэн үг. Гажуу либерал популистыг дэмжиж буй хүмүүс нь зөвхөн арга хэрэгсэл нь болж байгаа, эдгээр хүмүүс өөр бодлого, хөтөлбөр хүсч байгаа, улстөрийн хувьд туйлширсан орчинд өсч өндийж буй авторитар дарангуйллыг ч хүлцэхэд бэлэн байгаа гэдгийг сайтар ойлгож байх хэрэгтэй. Ардчиллыг хамгаалагчид сонгогчдын тодорхой хэсгийг өөрийн талд урвуулан авах боломжтой. Популист амлалт яагаад хэрэгжих боломжгүй гэдгийг бодитоор харуулж, либерал зарчмуудаас гажаагүй илүү сайн хөтөлбөр дэвшүүлэх хэрэгтэй. Басхүү үндэс угсаа, улс эх орон, гэр бүл, элгэн садандаа үнэнч байх уламжлалт үнэт зүйлийг өөрийн болгон булааж авахыг популистуудад хэрхэвч зөвшөөрч болохгүй,

Хэдхэн жилийн өмнө энэ бүх зүйлийг таамаглан харах боломж муу байсан гэхэд Америкийн иргэд одоо сургамж авч, ирэх сонгууль манай түүхэнд тохиох хамгийн чухал сонголт байх болно гэдгийг анхааран үзэх ёстой юм.

2019.12.11

Ларри Даймонд нь Стэнфордын Их сургууль, Хүүвэр Инстутын ахлах судлаач, Фрийман Споли Олон Улс Судлалын Институтын ардчиллын хөтөлбөрийг удирдагч юм.

Орчуулсан Алтан Алим @altanalim

 

Холбоотой нийтлэл: Популизмыг яаж ялах вэ? 

Сэтгэгдэл бичих

arrow icon