Нийтлэл 04 сарын 01, 2020

XXI Зуун – “Монголын Зуун” Цуврал 2: Монгол үндэстэн өнөөдрийг хүртэл ямар замыг туулж ирэв?

Монгол үндэстэн одоогоор, түүхчдийн үзэж байгаагаар анхны төрт улсаа 2000-д жилийн тэртээ байгуулж байжээ. Хүннү, Сяньби, Нирун, Түрэг, Уйгар Кидан, Монголын Эзэнт Гүрэн хүртэл Монгол газар нутаг дээр ээлжлэн оршин тогтнож ирсэн улсуудын дундаас Монголын Эзэнт Гүрний үе бол ноён оргил нь юм. Монголын Эзэнт Гүрэн бол зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр тогтсон гүрэн байгаагүй. Александр Македоны эзэнт гүрэн өөрийг нь нас барснаар задран унасан бол Чингис хааны байгуулсан Эзэнт Гүрэн түүний нас барснаас хойш олон зуун жил оршин тогтносон юм.

Чингис хааны дэлхийг төвшитгөх агуу үйл хэргийг харвал цөөн хүн амтай ч үндэстнээрээ андын зохион байгуулалтад орж, “Аравт”, “Зуут”, “Мянгат”-аар хуваагдаж, өөрөөсөө үлэмж их хүн амтай улсуудыг захиргаандаа нэгтгэж, дэлхийд олон зуун жил амар амгаланг тогтоож, хүмүүнлэг, хамгийн боловсронгуй хуулийн тогтолцоог бүрдүүлж чаддагийн баталгаа юм. Евроазийг холбосон соёлын болоод эдийн засгийн солилцоо явагдаж, Монгол үндэстний удирдсан эзэнт гүрэн шашны эрх чөлөө, чөлөөт худалдаа, зам харилцаа, дипломат ёс, олон улсын хууль гээд олон олон ололт амжилтуудыг нэвтрүүлж өгчээ. Эдгээр нь хүн төрөлхтөнд оруулсан Монголчуудын хувь нэмэр юм.

Монголын Эзэнт Гүрний бүрэлдэхүүнд багтаагүй дэлхийн хэсэг бол Баруун Европ. Гэхдээ Баруун Европд Монголын нөлөө хүчтэй байсан тухай түүхчид бичсэн байдаг. Монголын Эзэнт Гүрний ачаар Европчууд мэддэггүй байсан олон зүйлээ мэдэж, чаддаггүй байсан олон зүлсээ чаддаг болсон аж. Дорноос Өрнө рүү, Өрнөөс Дорно руу мэдлэг, технологи шилжсэн үе байлаа. Энэ нь Баруун Европт өрнөсөн Сэргэн Мандлын хувьсгалын хөрс суурь болж өгсөн. Тэгэхээр Монголын Эзэнт Гүрэн Европын Сэргэн Мандалд дам утгаар нөлөө үзүүлсэн гэсэн үг.

Монголын Эзэнт Гүрэн Газар дундын тэнгисээс Номхон далай хүртэлх олон мянган километр газар нутгийг хамарч олон янзын хэл, соёл, шашин шүтлэг бүхий үндэстнүүдийг нэгтгэж байсан бөгөөд Монголчууд өөрсдөө тэднийг захиран сууж тухайн оронд нь хэдэн үеэрээ амьдран сууж байжээ.

Эзэнт гүрэн задарсны дараа тэдгээр хүмүүсийн үр хойчис болсон олон Монголчууд өнөөдрийг хүртэл евроазийн цээжин дээр амьдран сууж байна. Монголын Эзэнт Гүрэн задран унаж улмаар Монгол үндэстнийг үзэн ядах, хяхан хавчих явдал дэлхий даяар явагдаж олон Монголчууд зугтаж, гал голомт болсон Монгол нутагтаа ирсэн бол зарим нь тухайн улс орондоо арга мэхийг хэрэглэн амьд үлдсэн ажээ. Хэл, шашин, соёл, уламжлалаа сольж тухай үндэстнийхээ соёлд уусан өнөөдрийг хүртэл амьдарч иржээ. Магадгүй зарим газар оронд амьдарч байгаа Монгол гаралтай ард түмэн 13-р зуунаас өмнө ч тухайн газар орондоо очсон байх талаар судлаачдын таамаглалууд байна. Аттилаг дагаж европд аян дайн хийсэн Баруун Хүннүгийн үр сад ч бий.

Хамуг Монголын ариун гал голомт болсон Монгол нутаг дээр Эзэнт үүрэн мөхсөнөөс хойш дотоодын тэмцэл, гадаадын дарлалаас болж Монголчууд чаддаг, мэддэг зүйл үгүй болж улмаар мухар сүсэгт автаж, түвдийн шарын шашинд хүчтэй нэрвэгдэж, өөртөө итгэлгүй, далдын хүчинд итгэсэн сул дорой хүмүүс болж хувирсан юм. Монгол үндэстний хувьд сүүлийн зургаан зуун жилийн түүх бол хүн төрөлхтнөөс тусгаарлагдсан хоцрогдлын үе байлаа. Оюун санаа, шүтээний хувьд клончлогдсон үе байлаа.

Харин эсрэгээрээ хүн төрөлхтний хувьд сүүлийн зургаан зуун жил бол хөгжил дэвшлийн зуунууд байлаа. “Хүн төрөлхтний хөгжлийн тухай ярина гэдэг нь зөвхөн мэдлэгийн хөгжлийг л ярьж байгаа хэрэг шүү” гэж Германы философич Г.В.Хэгэл хэлсэн байдаг. Тэрхүү мэдлэгийн хөгжил нь бүтээн байгуулалт, аж үйлдвэр болон босож хүн төрөлхтнийг өөрчилжээ.

Хүн төрөлхтний хөгжлийн түүхийг дүгнэхдээ  шинжлэх ухааны хоёр хувьсгал, технологийн гурван хувьсгал гарч, өнөөдөр хүн төрөлхтөн аж үйлдвэрийн нийгмээс мэдлэгийн нийгэмд шилжих гэрэл гэгээтэй замдаа аль эрт орсон гэж дүгнэж байна. Нэгдүгээр шинжлэх ухааны хувьсгал нь Н.Коперникоос И.Ньютон хүртэлх орчин үеийн физикийн хувьсгал гэж хэлдэг. Хоёрдахь шинжлэх ухааны хувьсгал нь Эйнштейний харьцангуй онол, Квантын онолоор эхэлж партиклийн физик, орчин үеийн генетик, компьютрийн шинжлэх ухаан болон технологийн хувьсгалыг үүсгэсэн.

Нэгдүгээр технологийн хувьсгал нь хөдөлгүүрийн технологиор эхэлж, уул уурхай, хими, тээврийн салбарийн хувьсгалуудыг дагуулсан. Хоёр дахь технологийн хувьсгал нь цахилгаан хөдөлгүүр, дотоод шаталтын хөдөлгүүр, цахилгаан холбоо, гангийн үйлдвэр, нефтийн үйлдвэр, машин, онгоц, электрон тоног төхөөрөмж зэрэг бидний өнөөдрийн амьдралын суурийг тавилцсан. Гуравдахь технологийн хувьсгал нь электронжилт, мэдээллийн технологийн эрин үеийг хэлдэг.

Энэ бүхэнтэй Монголчууд XX зууны 20-30-аад оноос л анх танилцаж эхэлсэн. Гэхдээ энэ хоёр шинжлэх ухааны, гурван технологийн хувьсгалд Монгол улс зөвхөн хэрэглэгч байснаас биш бүтээгч байж чадаагүй. Өнөөдөр ч гэсэн бид мэдээллийн технологи болон мэдлэгийн эдийн засгийн эцсийн хэрэглэгч болохоос хөгжүүлж шальсан зүйл бий бил үү? Бид зөвхөн бусдын бүтээсэн зүйлийг импортолж, копидож хэрэглэж л байгаа төдий шүү дээ.

20-р зуунд гадаадад очиж суралцсан, ялангуяа шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр суралцсан ихэнх хүмүүс бүсдын бүтээсэн машин, механизм дээр хэрхэн операторын үүрэгтэйгээр ажиллахыг сурсан болохоос биш шинэ мэдлэг, шинэ технологийг бүтээх суурь мэдлэгт суралцаж чадаагүй учир өнөөдөр Монгол улсад аж үйлдвэр байхгүй, үйлдвэрлэгч бус хэрэглэгч болох суурийг тавьсан гэдгийг ухаарах хэрэгтэй.

XX зууны 70-аад оны үед Монголчууд хөгжлийн өндөр түвшинд хүрэхийн тулд Монгол залуусыг Зүүн Европт шинжлэх ухаан, инженерийн салбаруудад бөөнөөр нь явуулж сургаж, мэдлэг болон аж үйлдвэрийн салбараа цоо шинэ шатанд гаргахаар төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байсан. Энэ зөвхөн оролдлого төдий байгаагүй. Харамсалтай нь эдгээр залуучууд 80-аад онд сургуулиа төгсөөд ирэхэд бүтээн байгуулалт дахь бүх салбаруудын аж үйлдвэрийг устгаснаар тэд ерөнхийдөө гудамжинд гарсан гэдгийг энд тэмдэглэх ёстой.

Монгол орон 1980-аад он гэхэд аж үйлдвэрийн эдийн засаг, нийгэмд шилжиж, тэр үедээ Азийн орнуудын дунд нилээд хөгжилтэй орнуудын нэгт тооцогдох түвшинд хүрсэн байсныг өнгөрсөн 20 жилд устгаж, Монгол орныг мухар сүсэг, ядуу зүдүү, хөгжлийн эрмэлзэл байхгүй гуйлгачин болгож орхилоо.

Одоо дэлхийн хөгжсөн орнууд, хөгжиж байгаа орнууд айсуй яваа 3 дах шинжлэх ухаан, 4 дэх технологийн хувьсгалийг угтаж үүний ашгийг хүртэхийн тулд тус тусын стратегиа боловсруулж, институтаа байгуулж эхлээд удаж байна. Энэ хувьсгалийг шинэ биологи болон биотехнологийн хувьсгал гэж нэрлэж, шинэ биологийн эрдэм шинжилгээний институтийг үүсгэж, тухайн шинэ мэдлэгээс гарч ирэх технологиудыг хөгжүүлэх зорилгоор Германы Фраунхоферийн (Fraunhofe) технологийг судалдаг төвтэй адил институдийг хөгжүүлж, мэдлэгийн нийгэм, мэдлэгийн эдийн засаг, мэдлэгийн соёл иргэншил рүү эргэлт буцалтгүйгээр орж үйл ажиллагаагаа эхэлчихээд байна.

Гэтэл Монголд улсад өнөөдөр байдал ямар байгаа билээ? Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэдэн хувийг бид шинжлэх ухаанд зарцуулж байгаа билээ?

Улс орныг ирээдүйн мэдлэгийн өрсөлдөөнд бэлтгэж, Монгол хүний бүтээмжийг дэлхийн түвшинд хүргэх томоохон бодлогын ажил хийх учиртай бодлого боловсруулагчид нь дөрвөн хөлтэй амьтны хөшөө босгож, тахилга найр хийж, тэтгэвэрийн болон цалинг хэдхэн төгрөгөөр нэмнэ гэж жижиг сажиг, аар саархан асуудлаар хөөцөлдөж, ард иргэдээ молги үмхүүлж байгаагаас биш бусад хүн төрөлхтөнтэй адил шинэ цаг үед тохирсон хөгжлийн ямар ч зүйл хийхгүй байгааг Монгол хүн бүр харж байна. Эдгээр үйлдлүүд нь Монгол хүний тусын тулд уу аль эсвэл Монгол хүний эсрэг гэмт үйлдэл үү гэдгийг Монгол хүн эрүүл ухаанаараа мэдэж байгаа гэдэгт үл эргэлзэнэ.

Мэдлэггүй, мухар сүсэгтдэг үеийг төгсгөл болгож, мэдлэг боловсролыг эрхэмлэж, нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө Монгол Үндэстэн босч ирэхийн тулд юу хийх ёстой талаар дараагийн нийтлэлдээ хүргэе.

Үргэлжлэлийн Цуврал №3-аас...

Моралтай Монгол Сан

Сэтгэгдэл бичих

arrow icon