Нийтлэл 04 сарын 08, 2020

XXI Зуун – “Монголын Зуун” Цуврал 3: XXI зууныг Монголын зуун болгохын тулд юу хийх ёстой вэ?

Агуу философич Артур Шопенхаур “World as Will and Idea” номондоо, хүсэл хэзээ ч нэг хүний амьдралд биелэгдээд болчих жижиг зүйл байх ёсгүй, харин хэдэн үеэрээ биелүүлээд дуусашгүй тийм агуу байх ёстой гэж онолдсон байдаг. Тэрээр энэ санаагаараа үндэстний хүслийг хэлсэн хэрэг. Үндэстний хүсэл хэзээ ч дуусашгүй байх ёстой. 21-р зууныг “Монголын Зуун” болгоно гэхээр сул доройчууд, өөртөө итгэлгүйчүүд бас Монголын эсрэг үзэлтнүүд “хоосон үг”, “боломжгүй” хэмээн няцааж, унтраах гэж оролдоно. Агуу түүхийн санамжтай ард түмэн агуу ихийг бүтээдэг гэдгийг харамсалтай нь тэд мэдэхгүй.

Энэ зууныг Монголын Зуун болгохын тулд юун түрүүнд Монгол улс дэлхийн шинжлэх ухаан, технологийн төв болох ёстой. Үүнтэй зэрэгцээд Монгол улс дэлхийн улс төр, эдийн засаг, санхүүгийн төв болох ёстой. Энэхүү шинжлэх ухаан технологийн төв нь анх Италид төвлөж байсан ба дараа нь Англи руу шилжин, Англи дэлхийн шинжлэх ухааны төв болж, түүний дараа Франц, дараа нь Германд шилжиж, эцэст нь 1945 оны дэлхийн II дайн дууссаны дараа Германы эрдэмтэд АНУ-д орогнох, цагаачлахаас гадна, АНУ-ын тагнуулын байгууллага төлөвлөгөөтэйгөөр Европын инженерүүдийг Америкт нутагшуулснаар АНУ дэлхийн шинжлэх ухааны төв болж төлөвшсөн түүхтэй. Гэхдээ АНУ 21-р зуунд дэлхийн шинжлэх ухааны төвийн статусаа хамгаалж чадах эсэх асуудал тавигдаж эхлээд байна. Тэгвэл 21-р зуунд аль улс хүн төрөлхтний шинжлэх ухааны төв болох вэ гэсэн асуулт хариултаа хүлээж байна.

Гэхдээ бид нэгэн онцгой үзэгдлийг одоо хүртэл анзаарахгүй явна. Энэ юу вэ гэвэл Европд амьдарч байсан Еврейчүүд 18-р зуунаас 20-р зууны эхэн хүртэл анх удаа иргэний эрхтэй болсоны дараа улс төр, эдийн засаг, санхүүгийн салбарт гайхамшигтай үндэстэн дамнасан институдуудыг үүсгэж, дэлхийд өөрийн байр сууриа бэхжүүлж чадсаны дотор 150 гаруй улс оронд тархан суурьшсан Еврейчүүд дэлхийн хамгийн хүчирхэг шинжлэх ухааны үндэстэн болон төлөвшиж бусдын мөнгөөр Еврей үндэстний дэлхийн шинжлэх ухааны сүлжээг үүсгэж чадсан явдал юм.

2000 жилийн турш эх оронгүй тэнүүчлэн “хүний тооноос хасагдан” явсан энэ үндэстэн өнөөдөр хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажилд оройлон оролцож байна. Орой үдшийн цагаар болон амралтын өдрөөр оромжноосоо гараад бусдад алуулсан тохиолдолд “хохь нь” гэж үзэж хэн ч хариуцлага тооцдоггүй эмгэнэлт хувь тавиланг амссан ч энэ үндэстний аливаа зорьсон зүйлийнхээ төлөө тууштай тэмцэж хүрч чаддаг чанар болоод тэдний “андын зохион байгуулалт” нь амжилтынх үндэс юм. Өнөөдөр дэлхий дээр Аравт, Зуут, Мянгатын зохион байгуулалттай цор ганц үндэстэн байдаг нь Еврейчүүд юм. 2000 жилийн турш “нэг еврей нь нөгөө еврейдээ эх орон” нь болж хоорондоо “бие биенийгээ хайрла, бие биендээ тусал, бие биенийгээ үзэн яддаг байсан ч бие биендээ тусалж бай” гэсэн үзлээр харилцаж иржээ.

Өнөөдөр Еврейчүүд 150 гаруй оронд 15 саяулаа амьдарч, дэлхийн 7 тэрбум хүн амыг удирдан жолоодож байна. Өнөөдрийн тэд дэлхийн улс төр, банк, санхүү, мөн аж үйлвэрийн салбарын ирээдүйг тодорхойлж, олон үндэстэн дамнасан том том корпорацуудыг удирдаж байна. Тэд дэлхийн хүн амын ердөө 0,2 хувь ч гэсэн дэлхийн нийт баячуудын 30-аас дээш хувь, нобелийн шагналтны 20 орчим хувь, АНУ-ийн нэртэй их сургуулиудын профессоруудын гуравны нэг, өмгөөлөгчдийн дөрөвний нэг, алдартай утга зохиолч, жүжигчин, хөгжмийн зохиолчдын 60 хувийг эзэлдэг. Дэлхийн хамгийн мөнгөтэй үйлдвэрийн эздийн тал хувийг, Америкийн баячуудын гуравны нэгийг, “Форбс” сэтгүүлийн нэрлэсэн тэргүүн баян 40 хүний 18 нь еврей, АНУ-ын Сенатын гишүүдийн дотор 10, Конгрессийн гишүүдийн дотор 27 еврей хүн байдаг. Энэ мэтээр Еврейчүүдийн амжилтын жагсаалт урт үргэлжилнэ.

Еврейчүүдийн удирдлага дор олон тооны олон улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг “Олон Улсын Байгуулага”-ууд байдаг бөгөөд тэд дэлхий дахиныг бүхэлд нь хамарсан глобал үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ Еврейчүүд хүн төрөлхтнийг боолчлох хүсэл зорилго огтохон ч үгүй. Харин ч хүн төрөлхтний зөвүүд (Human Rights) болоод тэнгэрлэг (Human Dignity) хүндэтгэж, ардчиллыг хөгжүүлэхийг зорилгоо болгодог. Товчоор хэлбэл Еврейчүүдийн үйл ажиллагаа нь нийт хүн төрөлхтний сайн сайханд чиглэгддэг. Энэ тэдний амьдралын зорилго, баримталдаг зарчим нь байдаг тухай Тоора, Талмудад тэмдэглэн үлдээсэн.

Аливаа шинэ мэдлэг, шинэ шинжлэх ухаан хаана байна тэнд Еврей хүн байдаг. Мэдлэгийг дагаж мөнгө байдаг учир бас л мөнгө хаана байна тэнд Еврэй хүн байна. Өнөөдөр ч дөрөв дэх шинжлэх ухаан технологийн хувьсгалыг угтаж Еврейчүүд стратегиа боловсруулан идэвхтэй ажиллаж байна. Үүний тод жишээ бол Израйль улс.

Дэлхийн хамгийн хүчирхэг шинжлэх ухааны үндэстэн болон төлөвшиж, бусдын мөнгөөр дэлхийн шинжлэх ухааны сүлжээг үүсгэсэн Еврейчүүдийн бодит жишээнээс Монгол үндэстэн анхааралтай суралцаж, тунгаан бодож, ойрын ирээдүйд үндэстэн дамнасан Монгол тодотголтой дэлхийн шинжлэх ухааны төвүүдийн сүлжээг үүсгэж, даяаршсан Монгол үндэстэн болох ажлын гараагаа эхлүүлэх цаг болсон. Үүнээс гадна үндэстэн дамнасан корпорациудыг буй болгохын зэрэгцээ түүн дээр тулгуурлан Монгол гэх тодотголтой дэлхийн шинжлэх ухаан технологийн төвүүдийн сүлжээг хөгжүүлж чадвал 21-р зуун Монголын Зуун болох нь гарцаагүй. Монголын Зуун болно гэдэг нь Монгол нийт хүн төрөлхтний төлөө ажиллана л гэсэн ойлголт.

Үүний тулд өнөөгийн улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоог үндсээр нь өөрчилж, үндэстэн дамнасан улс төр, эдийн засгийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөгөө хийх хэрэгтэй. Юун түрүүнд Үндсэн Хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлагатай. Монголын улс төр хоёр намын тогтолцоотой байх бөгөөд барууны үзэл баримтлал бүхий консерватив нам, зүүний үзэл баримтлал бүхий Социал Демократ намтай байх шаардлагатай. Ер нь парламентад баруун зүүний улс төр заавал байх ёстой юм. Энэ нь улс үндэстнийг дархлаажуулж байдаг. Монгол улс дэлхийн хэмжээний улс төр, эдийн засгийн бодлого явуулахын тулд юун түрүүнд улс орноо улс төр, эдийн засаг, мэдлэгийн хувьд өндөр чадамжтай болгох ёстой. Үүний тулд социал демократ улс төрийн бодлого, эдийн засгийн бодлого, нийгмийн бодлого чухал. Аль 60 жилийн өмнө хямралд орчихсон либерализмаа магтан дуулах ч хэрэггүй биз ээ.

Гэхдээ дотоод асуудлаа шийдэж байна гээд гэр дотроо тулга тойрсон давжаа улс төр явагдвал Монгол хүн улам жижигрэх болно. Эсвэл зөвхөн гадагшаа чиглэсэн глобал бодлого яриад байвал улсын доторхи асуудал орхигдоно. Тиймээс баруун, зүүний улс төрийг хослуулах учиртай. Барууны Консерватив нам нь улс үндэстнийхээ хамгийн үнэт уламжлалаа хадгалан үргэлжлүүлэх явдал юм. Монголын хамгийн үнэт уламжлал аль вэ гэхээр XIII зуун ба түүний дэлхийн хараатай бодлого ба дэлхийн манлайллын мэнталити. байна

Монгол улс хувийн өмч дээр тулгуурласан хамтаараа амьдрах тогтолцоог сонгох ёстой.

Монгол орныг баруун, зүүн, хойд өмнөд болон нийслэл гэсэн нийт таван бүсэд хуваах шаардлагатай. Аливаа улсууд өөрийн улсын нийслэлээ томоохон түүхэн үйл явдал болсон газар байгуулдаг онцлогтой. Тиймээс ХIII зууны  Дэлхийн нийслэл болж байсан Хархорин хотыг XXI зуунд нийслэлээ болгож, улмаар дэлхийн улс төрийн төв болгохоор анхнаас нь төлөвлөн байгуулах ёстой. Дэлхийн улс төр, эдийн засаг, бизнес, шашин болоод ёс суртахууны асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэдэг олон улсын форумуудыг зохион байгуулж байхаар төлөвлөж дэд бүтцээ байгуулах хэрэгтэй. Тиймээс олон улсын төлөөлөгчдийг хүлээж авах үйлчилгээний болон байрлах сууцуудыг хамгийн тансаг хэлбэрээр байгуулдаг.

Баруун, Зүүн, Хойд, Өмнөд болон Хархорины гэсэн таван бүс тус бүрдээ ирж яваа шинжлэх ухаан, технологийн хувьсгалыг угтсан стратегийн дагуу, түүнд тохирсон дэд бүтэц бүхий хамгийн орчин үеийн хотуудыг бүтээн босгох ёстой. Энэхүү бүсүүдэд сургууль, цэцэрлэг, их сургууль гээд цогцолбор хэлбэрээр байгуулах бөгөөд Монгол улсын иргэн идэх хоол, өмсөх хувцас, орон байраар бүрэн хангагдаж, сурч боловсрох, хөдөлмөрлөх бололцоо нээж өгөх бодлого явагдах ёстой. Монгол хүний амьдралын стандартыг тогтоож, Монгол хүн газар нутаг дээрээ нэгдүгээрт байхыг бүх талаар баталгаажуулах ажлыг нэн тэргүүнд эхлүүлэх ёстой.

Өнөөдрийн дээд боловсролын системийг ирж буй мэдлэгийн хувьсгалтай уялдуулж эрс шинэчлэх шаардлагатай. Хоцрогдсон системээр шинэ мэдлэг бүтээж чадахгүй.

Шинэ баригдах хотуудыг зуу зуун мянган хүн ажиллахаар төлөвлөж хамгийн дээд зэргээр тав тухтай байдлыг хангахаар төлөвлөж байгуулах ёстой. Өнөөдрийн гахайн оромж шиг шавааралдсан шавар байшингууд байж болохгүй. Дэлхийн мэдлэг боловсролтой сорууд нь голоод ирэхгүй шүү дээ.

Мөн баруун болоод зүүн, хойд болоод өмнөд бүсүүдийг нийслэл Хар хорин хоттой авто зам болон төмөр замаар холбосон корридоруудыг үүсгэх дэд бүтцийн ажил гарч ирнэ. Өнөөдрийн цагт 60-70 км/цаг явдаг “яст мэлхий”-н хурдтай галт тэргийг музьед тавьж, харин цагт 500 км/цагийн хурдтай метронуудаар холбох хэрэгтэй. Авто замыг өнөөдрийн хоёр машин зөрөх нарийн “зөрөг” замыг өөрчилж, ачаа тээвэрлэлтэнд зориулсан найман урсгал бүхий өргөн авто замыг байгуулах шаардлагатай. Монголын энэхүү авто болоод төмөр замын сүлжээ нь дэлхийтэй холбогдох ёстой.

Энэ бүх бүтээн байгуулалтыг босгож, дэлхийн зах зээл дээр гарч ирэхийн тулд “Үндэстний Хөрөнгө Оруулалтын Сан”-уудыг байгуулах учиртай. Энэхүү сан нь энгийнээр төсвийн илүү гарсан орлогыг төвлөрүүлэн хий дэмий үрээд эсвэл хадгалаад байх биш харин тодорхой хувийг нь одоо болон ирээдүйд үр ашгаа өгөх эх үүсвэрүүд рүү оруулж өгдөг. Хоёр төрлийн Үндэстний Хөрөнгө Оруулалтын сан байх ба нэг нь дотоодын үйлдвэр, компаниудаа дэмжиж дэлхийн тавцанд гаргах бол хоёр дахь Үндэсний Хөрөнгө Оруулалтын Сан нь дэлхийн тавцанд гарсан корпорацуудаа дэмжих зорилготой юм. Дэлхийн өндөр хөгжсөн орнууд бүгд л Үндэстний Хөрөнгө Оруулалтын санг байгуулсан байдаг. Дэлхийн үндэсний хөрөнгө оруулалтын сангуудын нийт актив 2018 оны байдлаар 8 триллион ам доллар байгаа ба 2050 он гэхэд 30 триллион ам доллар болж өснө гэсэн таамаглал байна.

Монгол улсын хувьд Үндэстний Хөрөнгө Оруулалтын Санг дараах гурван эх үүсвэрээс босгох боломжтой:

Тэтгэвэр тэтгэмжийн сан

Гадаад валютын нөөц

Байгалийн баялаг

Тэтгэвэр тэтгэмжээрээ төсвийн алдагдал нөхөж, гадаад валютаа гадны банкинд жилийн 1 хувийн хүүтэй хадгалж, байгалийн баялгаас олсон орлогоо ард түмэндээ 1 хувийг нь хувааж аваад,  олигархиуд луйварчид нь 99 хувийг нь гадныхантай хуйвалдаж халааслах нь дампууруулд хүргэх нь мэдээж.

Монгол улсын хувьд байгалийн баялгийн боломжийн нөөцтэй учраас үүндээ тулгуурлан Үндэстний Хөрөнгө Оруулалтын Санг байгуулах бүрэн бололцоотой юм. Үүний дараа Үндэстний Корпорацуудыг үүсгэн байгуулж түүнийг дэмжих учиртай. Төрийн биш Үндэстний Корпораци гэсэн нь тухайн корпорацуудын хувьцааг ард түмэн эзэмшдэг байх ёстой юм. Энэ нь хамтын зах зээлийн эдийн засгийн давуу (The Social Market Economy) тал юм.

Үндэстний Хөрөнгө Оруулалтын Сан нь дэлхийн зах зээл буюу дэлхийн нийт баялгаас Монголын эзэмших хувийг нэмэгдүүлэхэд л чиглэх учиртай тул Монголын Корпорацуудын эзлэх хувийг, жинг дэлхийн зах зээл дээр нэмэгдүүлэхэд чиглэнэ. Дэлхийн хэмжээний томоохон корпорацуудыг төрүүлэхэд 2 зам байна.

Standart and Poor’s-ийн дэлхийн шилдэг 500 дотор багтах хэмжээний Монгол тодотголтой үндэстний корпорацуудыг үүсгэх

Standart and Poor’s-ийн дэлхийн шилдэг 500 дотор багтсан корпорацуудыг худалдаж авах.

Эдгээр корпорацууд нь мэдлэгт сууриалсан корпорацууд байх болно. Яагаад гэвэл хүн төрөлхтний ирээдүй бол мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засаг байх болно хэмээн өнөөдөр ярьж байгаа нь ирж яваа 4 болон 5 дахь шинжлэх ухаан, технологийн хувьсгалтай холбоотой юм. Энэхүү хувьсгалыг шинэ биологи болон биотехнологийн хувьсгал гэж нэрлэж байна. Айсуй шинэ шинжлэх ухаан технологийн хувьсгал нь хүн төрөлхтний түүхэнд гараагүй үсрэнгүй дэвшлийг авчирах нь тодорхой. Өнөөдөр соёолох түвшиндээ байгаа учраас Монгол улсын хувьд боломж байгаа. Бусадтай ижил гараанаас эхлэх боломжтой. Тиймээс үүнийг ашиглаж дэлхийн тэргүүлэх үндэстэн болох бүрэн боломж Монголчуудад байна.

Мэдлэгийн нийгэмд мэдлэг капитал болно. Энэхүү мэдлэг нь хүн бүрийн мэддэг мэдлэг биш. 2020 онд буюу яг одоо Монголын их дээд сургуулиуд болон Академид зааж, ярилцаж байгаа зүйлс  капиталжих боломжтой мэдлэг мөн үү? Цоо шинэ шинжлэх ухаанаас цоо шинэ мэдлэг үүсэж тэр нь капитал болно. Энэхүү цоо шинэ мэдлэгийг цоо шинэ моралтай хүмүүс, этиксийн тогтолцоотой хүмүүс л хийх боломжтой.

Тиймээс таван бүсдээ стратегийн ач холбогдолтой шинэ шинжлэх ухааны дэд бүтцүүдийг хөгжүүлэх ёстой. Доорхи “Үндэстний Институцуудыг” бүс бүр дээр байгуулах шаардлагатай:

Шинэ Шинжлэх Ухааны Үндэстний Институцууд

Шинэ мэдлэгийг технологи болгодог Үндэстний Институцууд (Германы Фраунхофер (Fraunhofer)-ийн институцтай адил)

Шинэ Технологийг компани, мөнгө болгодог Үндэстний Институцууд

Өнөөдөр Еврейчүүд ийм стратегийг боловсруулж ирээдүйн төлөвлөгөөгөө гаргаж ажилдаа оржээ. Еврейчүүд “Start Up Nation” буюу “Мэдлэгт суурилсан Компаниудыг масс хэмжээгээр үйлдвэрлэдэг Үндэстэн” болно хэмээн тэд тодорхойлж байна. Монгол Үндэстний хувьд мөн энэхүү замаар урагшилж дэлхийн тэргүүлэх үндэстэн болох амбицтай байх ёстой.

Мөн бүс бүр дээр Үндэстний Философийн төвүүдтэй байна. Монгол Үндэстний гол капитал бол мэдлэг байх болно. Мэдлэгтэй болсноор бусдаас илүү чадалтай болдог бөгөөд мэддэг нь мэддэггүйгээ удирдан жолооддог нь батлагдсан үнэн билээ. Монгол хүн хамгийн оюунлаг, хариуцлагатай, ёс суртахуунтай байж хүн төрөлхтний үлгэр жишээ үндэстэн болох ёстой.

Монгол  улс зөвхөн дотоодын нөөц бололцоогоо ашиглах төдийгүй мөн нийт хүн төрөлхтний хүний нөөцийг ашиглаж чадах үйлдвэр, үйлчилгээний дэлхийг хамарсан сүлжээг бий болгоно. Тиймээс Глобал Судалгаа ба Хөгжлийн Төв (Global Research and Development) – ийг байгуулна. Бүх зүйл Монголын газар нутаг дээр байрлах шаардлага байхгүй. Гол төвүүд нь (Headquarters) Монголд байрлана.

Дээр нэгэнтээ хэлсэн бүс бүр их сургуультай, судалгаа шинжилгээний төвүүдтэй мөн үйлдвэрүүдтэй байх ба тэр нь хэнд, юуг зориулж үйлдвэрлэх вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Баруун бүсийн гол зах зээлийн талбар бол Төв Ази, Ойрхи Дорнод болон Африк байх бөгөөд тэдэнд хэрэгтэй шаардлагатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Тиймээс баруун бүсийн их сургуулиудийн оюутнуудад нэмэлтээр Перс, Араб зэрэг хэлүүдийг сургах шаардлагатай.

Хойд бүсийн гол зах зээлийн талбар бол Орос болон Европ байна. Өмнөд бүсийн зах зээлийн талбар нь Хятад, Энэтхэг болон Зүүн өмнөд Ази байна.

Зүүн бүсийн гол зах зээлийн талбар нь Зүүн Хойд Ази болон Америк тив байх болно. Тиймээс бүс бүр зах зээлийн онцлогоос хамаарч боловсрол болоод үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесээ зохион байгуулж төлөвлөнө.

Дэлхийн хөрөнгийн бирж байхгүй бол Монгол улс санхүүгийн төв байж болохгүй. Тиймээс Монгол улсад дэлхийн санхүүгийн төвийг байгуулах ёстой. Олон улсын санхүүгийн төвтэй болсноор тухайн үндэстэн даяарчлагдлаа гэсэн үг.

Дэлхий ертөнцтэй холбогдож, хүн төрөлхтнийг тэргүүлэхийн тулд олон улсын санхүүгийн төв болохоос өөр арга зам үгүй. Үүний тулд: 

Маш хүчтэй дотоодын санхүүгийн зах зээлтэй болох

Түүнийгээ олон улсын санхүүгийн зах зээлтэй холбож өгөх

Олон улсын санхүүгийн төв болох ажлуудыг эхлүүлэх шаардлагатай

International Finance Center буюу олон улсын санхүүгийн төв нь дэлхийн түвшний томоохон банк, бизнесийн байгууллагууд, хөрөнгийн биржүүдийг хамруулсан, санхүүгийн институцууд маш олноороо төвлөрсөн, дотоод болон гадаад худалдаа арилжааны төвүүдтэй биеэ даасан даяарчлагдсан хот (Independent Global City) юм. Санхүү эдийн засгийн дэд бүтэц нь өндөр хөгжсөн зочид буудал, бизнес төвүүд, банк, худалдааны төвүүд төвлөрсөн байдаг. Гол гүйцэтгэх үүрэг нь гэвэл хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчид болон хадгаламж эзэмшигчдийн мөнгийг байршуулах мөн шилжүүлэх, аливаа арилжааны хэвийн байдлыг хангах (үнэт метал, валют), гадаадын хөрөнгө оруулалт, зээл, худалдаа, мэдээллийг дамжуулах, дуудлагын төв зэрэг асуудлуудыг олон улсын түвшинд зохицуулах. Сангийн менежмент, даатгал, бизнесийн итгэлцэл, санхүүгийн хамгаалал, корпорацийн болон татварийн төлөвлөгөөг гаргадаг. Олон улсын санхүүгийн төв нь дэлхийн санхүүгийн нөлөөллийн эх сурвалж, санхүүгийн системийн ноён оргил, зах зээлийг зохицуулагч, санхүүгийн харилцааны төв болдог.

Энэ бүхний цогц байдлаар шийдэж, төлөвлөгөөтэйгөөр хийхэд мэдлэг боловсрол, онол дээр үндэслэнэ. Тиймээс мэдлэг боловсролтой хүмүүс шаардлагатай. Нэгэнт ямар аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлүүд нь тодорхой болсон учраас түүндээ тохирсон боловсрол, мэдлэг олгох ёстой. Дэлхийн шилдэг их сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, боловсон хүчнээ бэлдэж, улмаар дэлхий шилдэг сургуулиудыг таван бүсдээ байгуулах шаардлага үүснэ. 

Мөн Монгол улс батлан хамгаалах салбараа хөл дээр нь босгож, хамгийн хүчирхэг орчин үеийн зэвсэглэлээр бүрэн зэвсэглэсэн армитай байна. Энэ нь гадаад хөрш улсуудынхаа эсрэг заналхийлсэн хэрэг биш харин дэлхийн санхүү, эдийн засаг, улс төрийн төвийн аюулгүй байдлыг хамгаалах зорилготой. Хүн төрөлхтөний үнэт зүйлийг хамгаалах зорилготой. Энэ бол хүн төрөлхтний улс төр, эдийн засаг, санхүү, шинжлэх ухаан технологийн хамгаалж байна гэсэн шууд ойлголт. Тиймээс батлан хамгаалах салбарыг хэзээ ч орхиж болохгүй.

Ингэж л Монгол Үндэстэн дэлхийн тэргүүлэгч үндэстэн болон босч, нийт хүн төрөлхтний төлөө ажиллах боломжтой болсноор XXI зуун “Монголын Зуун” болно. Монголчууд асуудлаас жижгэрч гарах биш харин томорч гарах л ганц замтай.

Төгсгөл

Монгол Үндэстэн хэний төлөө энэ бүхнийг хийж байна вэ гэхээр нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө гэсэн ганц эрхэм зорилго үйлчилнэ. Тиймээс XXI зууны Монголыг босгохын төлөө хамаг Монголчууд хамтран нэгэн хүчээр зүтгэвээс боломжгүй зүйл биш ээ. Монгол Үндэстний болон нийт хүн төрөлхтөний сайн сайханд саад хийсэн бүхэн арчигдах ганц л тавилантай.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon