Нийтлэл 05 сарын 17, 2020

Номон гэр

Нарны туяа гэгээвчилсэн хаалгыг сэв хийтэл татаж, босго даван ороход урдаас олон жил дарагдсан цаасны үнэр сэнх хийж, адар баганадсан тээр тэндэх номын тавиурууд эрхгүй толгой гэдийлгэв. “Энэ эрдэнийн сан шүү, эрвэл олно, хичээвэл сурна” хэмээн үүдэнд нь хөтөлж аваачсан аавын гараас холдож, юу эрэхээ мэдэж ядсан жаалхан охин бүлтийсээр номын санч эгчтэй нүүр туллаа. “За ямар ном унших вэ?” гэдэг хэдхэн үгээр өнөөх их эрлийн үзүүр гэнэт л таслагдчих шиг санагдав. Тулгасан асуултанд балмагдсан би ээрч муурахдаа “Тооны ном авъя” гэхэд - Одоохондоо алга аа, байсан таван номны сүүлийнхийг нь тэр хүүхэд аваад сууж байна гэж хээв нэг хариулж билээ. Эрдэнэсийн санд зочилсон эхний өдрийн дурсамж ой тоонд ийн буужээ.

      Хүн бүрт “үүнийг л бүтээчих юмсан” хэмээн алсаас алхам алхмаар дөхдөг, барааг нь бодолдоо сүсэглэж явдаг үнэн зүрхний мөрөөдөл бий. Хайсан эрдэнэсээ номын сангаас олсных уу, хайртай аавын захиас үнэнийнх үү? Тэр цагаас хойш мөрөөдөл минь нийтийн номын сан байгуулах болов.

      Ижил нь ижлээ татдаг гэж энгийн ардын минь энгүүн сайхан үг бий. Анх 2004 оны намрын нэгэн орой Улаанбаатар Ротаракт клубийнхэнтэйгээ “Уянгын үдэш” үйлээ.

Одоо ганцхан дурлачихаад үхье

Одоо ганцхан дурлуулчихаад үхье

Одоо ганц л намрыг, шарласан тэнгэртэй нь харчихаад

Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад

Одоо ганцхан дурлачихаад үхье

Одоо ганцхан дурлуулчихаад үхье

гээд олон шүлэг нь үе үеийн залуусын залуу насны дуулал болсон, бидний үеийн “од” яруу найрагч Л.Өлзийтөгсийг тэр өдөр зочин хоймортоо залж, бүдэг лааны гэрэлд нэгэн үдэш хөглөгдөв өө. Үгийн тансаг, утгын чимгийг биширдэг бидний хэдэн нөхөд найргийн амтанд ам халан, сэтгэлээ уудалсанд бүгдийнх нь дотор номын сан байгуулах юмсан гэдэг гэгээн хүсэл өдлөн байсныг мэдэлцэв. Олны санал нэгдэж, нийтийн номын сан байгуулах жим зурайв. Тэр цагаас хойш явсан газар болгондоо, очсон орон нутаг бүрийн номын санг олж орон, сайн номыг, сайхан соёлуудыг сорчилдог болов. Ойрхондоо цуглуулсан номоо Монгол руугаа илгээе, алсдаа нийтийн номын сантай болоод сорчилсон соёлоо үрчлэн таръя хэмээн сэтгэсэн нь тэр ээ. Тийн явахдаа зуун жилийн түүхтэй номын өргөөнд, олон мянган сонгодог хайрын түүхүүдийн өмнө өөрсдийн нэгэн насны хайр дурлалаа андгайлан хуримлагчидтай, гэмт хэрэгтнүүдийг ган шоронд хорьж шийтгэснээс номоор гэгээрүүлэн засах нь чухал гэж итгэн цагдаагийн пост дотроо байлгадаг номын сантай, нэг давхартаа томоо гал тогоотой тэндээ уншигчиддаа зориулж үндэсний хоол хэрхэн хийх тухай үзүүлэн-сургалт долоо хоног бүр хийдэг номын сантай гээд содон содон шийдлүүдтэй таарч байв. Нийтийн номын сан бол тухайн ахуй амьдралын толь, хот суурингийн соёлыг хэлбэржүүлэгч гэдэг нь арлын Японд, алсын Америкт, Австрали тивд ч ижил төстэй байлаа.

Гурван ч далайн хэдэн эргээр хэсэг хэсэн тэнүүчилсний дараа эх орондоо эргэн ирэв. Гадаад оронд аж төрж байхдаа гурван мянга орчим англи хэл дээрх номыг эх орон руугаа илгээсэн юмдаг. Овоо олон ном цуглуулсан ч орон байрны асуудлаа хараахан шийдээгүй байв. Хэрвээ нийтийн номын сан тухайн ахуйн соёлыг тунхаглагч юм бол Монголд тэр нь юу байж болох вэ гээд Улаанбаатар Пийс Авенью Ротари клубийнхэнтэйгээ цэц булаалдав. Бүгдийн дэвшүүлсэн саналаас хамгийн оновчтой нь Номон-Гэр буюу Book-Ger. Улсын маань нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 70% орчим нь гэр хороололд амьдардаг. Тэнд амьдардаг хүүхдүүдийн 90-95% нь тухайн бүс нутгийн сургууль, цэцэрлэгт хамрагддаг. Нэг сургуульд дунджаар мянга орчим хүүхэд сурдаг гэж бодоход тавь хүрэхгүй сандалтай нэг танхим л номын санд оногдоно. Тэр сургуулийн нэг сурагч номын санд суух магадлал гурван долоо хоногт нэг удаа тохионо гэсэн үг. Эсвэл хотын төв рүү, төвлөрсөн номын санг зорьё гэхэд автобусны мөнгө, ирж очих цаг зэргээр тухайн хүүхдийг урин дуудахаас илүү түлхэн холдуулах шалтгаан их. Харин үүний оронд амьдарч буй хороо, гудманд нь номын сан байгуулах нь зүйтэй хэмээн зурайлгасан жимээ тодруулахын тулд тал талаас нь зүтгэв.

      Ингэж явсаар 2013 оны зунтай золголоо. Сайн санааны үзүүрт шар тос гэгчээр тэр зун Монголд аялалаар ирсэн Том Нийвэр, Жорж Мэйби хэмээх ротаричуудтай уулзсан юм. Аялалынх нь богинохон хугацаанд “Book-Ger” санаагаа танилцуулж, тухайн үед Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн байгуулсан Хайлааст болон Дамбадаржаа дахь номон гэрийг үзүүлэн, араас нь төслөө дэлгэрүүлж илгээхээр тохирлоо. Тэднийг онгоцноос их газарт буухтай зэрэгцэн бидний Book-Ger төсөл ч Америкт хүрчихэв. Ингээд төсөл тун таалагдаж, биднийг 10,000 америк ам.доллараар санхүүжүүлэхээр болсон юм.  Төслөө дэмжүүлэхэд хурдан, шуурхай байсан нь бас нэгэн эвээс болсон гэдэг. Бид энэхүү арван мянган доллараар Сонгинохайрхан дүүргийн 12000 сурагчдыг дээвэртээ багтаадаг Ирээдүй цогцолборын 86 дугаар сургууль дээр Book-Ger төслийг бодит болгосон. Номон-Гэрийг манай залуус эхнээс нь дуустал аанай л өөрийн гэр орон адил бөөцийлөн босгосон доо. Хана, таазаа будах, хаалга, шалаа солих, өнгөлөг зургаар өрөөг чимэх, номын тавиураа хананд тогтоох, номнуудаа сонгож, өрж тавих гээд их багагүй бүх ажлыг, хүүхдийн танин мэдэхүй, сэтгэхүйд тохирсон таван зуу гаруй номнуудаа А-аас Я хүртэл эмхлэв.

      Book-Ger буюу Номон-Гэр төслийг сонгож хэрэгжүүлсэн нь давхар, давхар учиртай. Анх хүүхэд байхдаа номын санд ороод айж, сүрдсэн мэдрэмж авсан нь сэтгэлд тод үлджээ. Юу уншихаа өөрөө ч мэдэхгүй байгаа жоохон хүүхдээр номын нэр хэлүүлээд, тэрийг нь авч өгч уншуулна гэдэг тийм ч таатай санагддаггүй. Тиймээс номын санг яг л гэртээ байгаа юм шиг тухтай, чөлөөтэй байдлаар ашиглаасай, хүүхэд өөрөө номын сангийнхаа, номынхоо нэг хэсэг байж, эрж хайх эрэл нь улам лавшраасай, ном унших дадлыг багаасаа өөртөө төвөггүй суулгаасай гэж хүсдэг. Ротаригийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг нь боловсрол, тэр дундаа суурь боловсролыг дэмжих билээ. Суурь боловсролын эх ундрага нь уншиж сурах. Сурах үйлийг эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтоно. Нээрээ л тийм. Тэгэхдээ сурах үйлийг эрхэм болгохын тулд суралцах хэрэглэгдэхүүнээр нь бүрэн хангаж өгөх хэрэгтэй. Бид номын сангаа шинжлэх ухаан танин мэдэхүйн нэвтэрхий толь Британика цуврал ботиос эхлүүлээд, бичгийн цаас, өнгийн палмастрь хүртэлх бүх хэрэгцээт хэрэгслээр бүрэн тохижуулсан. Хүссэн номоо ханын тавиураас өөрөө сонгоод унших, оюуны спортоор өрсөлдөх, тэндээ уншсан номоо хэлэлцэх, хоорондоо ном хаялцан мэтгэлцэх гээд сая сая сав ертөнцийн үүдийг хотын буйдхан хэсэгт цэлийтэл дэлгэв. 86 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид өөрсдөө санаачлан, нэгдээд номын клуб үүсгэн номын сангаа хариуцаж ажиллахаар болсон юм. Ер нийтийн номын сангийн үйл явц иргэдийн оролцоо, олны санаачлага дээр тулгуурладаг. Тэтгэвэртээ гарсан ахмад үеийнхэн өөрсдийн үнэ цэнэ, үлгэрлийг шингээж сайн дураараа номын санд ерөнхий зохион байгуулалт, чиглүүлгийг хариуцан ажилладаг бол залуу үеийнхэн ном өрөх, цэгцлэх зэргээр хамтарч ажилладаг. Жим тодров.

      Дэлхийн өв сангийн нэгдсэн ай сав ЮНЕСКО хэлэхдээ шинжлэх ухаан болон уран зохиолын ном англи хэл дээр хамгийн их хэвлэгдсэн байдаг гэдэг. Хүн бүр ном бол ертөнцийг харах цонх гэдгийг мэддэгтэй адилхан өнөө цагт англи хэл бол ертөнцтэй холбох гүүр гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Дэлхийн бөмбөрцөгийн уртраг, өргөргийн аль огтлолцол дээр амьдрахаас үл хамааран нэг сэдвээр ижил төстэй шилдэг номнуудаас уншчихсан байхад аль орны хэнбугайтай ч адилхан сэтгэнэ, чөлөөтэй нэвтрэлцэнэ. Бидний энэ итгэл үнэмшил төслийн дараагийн шатанд хөтөлсөн. Алс хязгаар Алтайд, дорнын цэнхэр Мэнэнгийн талд амьдарч буй шавилхан хүүхдүүдэд англи хэл зааж байгаа нь сайшаалтай боловч тэр нь зөвхөн сурах бичгээр хязгаарлагддаг. Бид энэ хөндий зайг нөхөхийн тулд жил бүр англи хэл дээрх мянга, мянган номуудыг далай гэтлүүлэн авчирч, хөдөө орон нутагт илгээдэг. Ингэхдээ Монголын Боловсролын Хамтын Ажиллагааны нийгэмлэгээс бэлтгэгдсэн хотын болон хөдөө орон нутгийн англи хэлний 50 багш, 8 номын санд нийт 10,000 гаруй хэвлэмэл, электрон болон сонсдог ном, сургалтын таблет, проектор, зөөврийн болон суурин компьютер, кассет, CD тоглуулагч, зөөлөн тоглоом, сагсан болон хөлбөмбөгийн бөмбөг, хүүхдийн кинотой видео кассет, дэлхийн бөмбөрцөг болон самбарууд гээд багш, сурагчдад зориулан байж болох бүх хэрэгслээр хангасан юм.

Улаанбаатар Пийс Авенью Ротари клубын залуус бидний өдий хүртэл хийсэн зүйлүүд өнөөх л яруу найргийн үдшээр, бүгдийн бодолд биежсэн “Нийтийн номын сан байгуулах” мөрөөдөл рүү жимчилж байгаа нь энэ. Анх 2007 онд Боловсролын Хамтын Ажиллагааны нийгэмлэгээс хүүхэд бүрт ном унших тухтай орчинг гэрийнх нь хаяанд аваачих зорилгоор Номон-Гэр төслийг санаачилж байжээ. Тэд өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд хотын захын бүсэд, анхдагч засаг захиргааны нэгж хороог түшиглэн 10 гаруй номон-гэр байгуулсан боловч одоо тэднээс тал нь идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ. Төрийн болон тухайн хэсгийн иргэдийн өөрсдийн оролцоо дутмагаас олон нийтийн өмч, номон гэр тогтвортой үйл ажиллагаа эрхэлж чаддаггүй байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн дүрэвдүгээр хорооны 34 дүгээр сургуулийн эцэг эхчүүд, Говь-Алтай аймгийн Хүүхэд хөгжлийн төвийн хамт олон, Монгол Гэр Сургалт номын сан, Beyond books, Cama community center гээд хүүхдүүддээ, иргэддээ өөрсдийн хүчээр хэрэглэгч-төвтэй номын сан байгуулсан олон бүлэг залуус бий.

Эрдэнэсийн хөмрөг-Номын санг энд тэнд олноор нь байгуулвал хүрэхээр тэмүүлж буй хөгжилд хөтлөх замыг дөтлөх нь зайлшгүй. Тус тусын номон-гэр, нийтийн номын сангийн загварт бүдэгхэн жимүүд нийлж дурайсан зам болоосой! Энэ замыг засаад өгөөсэй! Засаг төрийн түмэн мэлмийд тольдогдоосой! хэмээн ихэд билэгшээн энд хүрэн нийтлэлээ жаргаая.

Улаанбаатар Пийс Авенью Ротари клубын

Үүсгэн байгуулагч Ерөнхийлөгч Э.Уранзаяа

Сэтгэгдэл бичих

arrow icon