Нийтлэл 06 сарын 02, 2020

Ард иргэд нь моралтай улс хөгждөг: Ёс суртахуун ба мэдлэгийн хүч

Бие өвдөхөөр бид эмчид очдог. Шүд бол шүдний эмч, нүд бол нүдний эмчид хандана. Машин техник эвдэрвэл механикч, мэргэжлийн засварчинд очно. Барилгын асуудал гарвал барилгын инженерээс зөвлөгөө авна. Ус алдвал сантехникч дуудна. Гутал урагдвал гуталчинд очно.

Хулгайд өмчөө алдвал хуульч, цагдаад хандана. Мөнгө санхүүгийн асуудал бол эдийн засагч, санхүүч, ня-бо дээр очно. Компьютертэй холбоотой асуудал бол компьютерийн инженерээс тусламж хүснэ.

Хүний амьдрал аар саар, том жижиг асуудлаар дүүрэн. Аз болж асуудал бүрийн ард хүний бүтээсэн мэдлэгийн салбар бий. Асуудал бүрийн учрыг олж, хужрыг тунгаах мэргэжлийн салбар бий. Асуудал байдаг учир мэдлэг үүсэх шалтгаан (raison d'être) нь болжээ.

Улс орон, албан байгууллага, аж ахуйн нэгж ч мөн адил асуудлаар дүүрэн. Хүн олноор бөөгнөрч, хотууд үүсч, эдийн засаг нийгмийн хамаарал улам нягтаршиж гүнзгийрэх тусам “асуудал” улам нарийсч, олон төрөл салааг үүсгэнэ. Түүнийг дагаад бас мэдлэгийн салбар, шинжлэх ухааны салбар, философийн салбар нарийсч, гүнзгийрнэ.

Харин ёс суртахуун, ёс зүй, үнэт зүйл доройтон муудаж, ялзарсан бол ямар мэдлэгийн салбарт хандах вэ? Ямар мэргэжилтэй хүмүүсээс зөвлөгөө авах ёстой вэ?

Түүнээс өмнө энэ мэдлэг гэгч зүйл хэзээ үүссэн юм бэ гэж асуух нь зүйн хэрэг болов уу. Хүн төрөлхтөнд анхны баталгаатай мэдлэг эртний Афинд 2600 жилийн өмнө үүссэн түүхтэй.

Амьдралд учрах олон төрлийн асуудлуудыг дан ганц бурханд эсвэл уул, гол горхид өргөл барьц өгөх, лам дээр очиж хэрхэхийг асуух, хонь ямаа зарим тохиолдолд амьд хүнээр тахил өргөх зэрэг мунаг аргаар шийдвэрлэх нь асуудлаа таньж, дахин давтахаас сэргийлэхэд ямар ч тус болохгүйгээр зогсохгүй тухайн асуудлыг нухчин дарах, үл ойшоох, мартагдуулах, түүнээс суралцах боломжийг хаах хор хөнөөлтэйг ойлгосон оюуны хүмүүс гарч ирсэн ба тэд эхлээд энгийн асуултууд тавьсан.

Яг ямар асуудалд гарц хайж байгаагаа мэдэхийн тулд эхлээд “юу вэ?” гэж оношилгооны асуултууд тавигдсан. Тэд тухайн асуудлыг яг байгаагаар нь, ямар ч худал хуурмаг дүр исгэлтгүй, хачир нэмэгдэлгүй байгаагаар нь, үнэнээр нь мэдэхийг хүссэн. Эдгээр мэдлэгийн салбарын шав, тулгын чулууг тавьсан мэргэжлийн хүмүүсийг “Философичид” гэдэг. Философичид мэдлэгийн салбарын шавыг тавьсан гэдгээр аливаа асуудлыг хэрхэн таньж, оношилж, шинжилж, түүнд гарц, шийдлийг олох зэрэг суурь асуултуудыг хэрхэн тавьж, түүндээ хариулт хэрхэн олохыг хүн төрөлхтөнд анхлан сургасан явдлыг хэлсэн хэрэг.

19-р зууны сүүл хүртэл хүн төрөлхтөний энэ мэдлэгийн салбар “Моралын Философи болон Натурал Философи” гэсэн 2 том ерөнхий салбарт хуваагдаж ирсэн түүхтэй.

Хүний өөрийн амьдрал, нийгмийн амьдралтай хамаатай асуудлуудыг судалдаг Моралын Философи болон байгалийн хүчин зүйлсээс хамаарсан асуудлуудыг судалдаг Натурал Философийн салбар.

Натурал философийн салбараас Галелео, Коперник, Ньютон, Дарвин нар төрж, цаашид natural science буюу өнөөдрийн байгалийн шинжлэх ухааны эхлэлийг тавьжээ. Цаашлаад шинжлэх ухаанаас инженерингийн салбар үүссэн.

Моралын философийн салбараас  улстөр судлал, хууль, эдийн засаг, санхүү, социологи, менежмент, нягтлан бодох бүртгэл зэрэг дэд салбарууд үүссэн.

Моралын философи нь зөв (rights) болон буруугийн тухай судалдаг ба хүний зөв ба буруу үйлийн (behaviour)-н чанарыг тодорхойлохын тулд сайны тухай онол (Theory of goodness) болон сайхны тухай онол (Theory of beauty)-г үүсгэсэн.

Натурал философи болон моралын философийн огтлолцол дээр олон философийн дэд салбарууд үүссэний нэг нь philosophy of mind юм. Philosophy of mind-д mind fucking theory болон bullshitting theory гэж байдаг. Энэ 2 онолын салбар юуг судалдаг вэ гэхээр, үгийн бантан өгүүлбэрийн бантан, өгүүлбэрийн бантан утгын бантан, утгын бантан оюуны бантан, оюуны бантан үйлийн бантан, үйлийн бантан амьдралын бантан, амьдралын бантан нийгмийн бантан, нийгмийн бантан улс үндэстний бантанг хутгаж эцэстээ төрийн бантанг үүсгэдэг тухай онолууд юм.

Өөр нэг жишээ бол хот юм. Барилга байгууламж зэрэг hard дэд бүтэц байхаас гадна хүмүүс хамтаар, аюулгүй амьдрахад шаардлагатай үнэт зүйл, ёс суртахуун, ёс зүй зэрэг soft дэд бүтэц байх ёстой.  Нэгэнт мэдлэг үгээр дамждаг учираас үг алдаатай бол үйл алдаатай байдаг.

Хүн гэж юу вэ, амьдрал гэж юу вэ, үхэл гэж юу вэ, шашин гэж юу вэ, төр гэж юу вэ, ёс зүй гэж юу вэ, ёс суртахуун гэж юу вэ, үнэт зүйл гэж юу вэ, эдийн засаг гэж юу вэ, мөнгө гэж юу вэ, боловсрол гэж юу вэ, эдгээр зүйлс яах гэж байгаа вэ, байх юм бол хэрхэн байсан шиг байх вэ зэрэг оношилгооны асуултуудад хариулт хайж зогсолтгүй асуулт тавьдаг ажлыг Моралын Философи хариуцдаг.

Хүн төрөлхтөний мэдлэгийн соёл иргэншил анх үүссэн эртний Афины философич Сократыг хүн бүр мэднэ. Сократ бол хамгийн анхны моралын философич юм. Дээрх бүх асуултуудыг тэрээр аль 2600 жилийн өмнө асуучихсан, оношилчихсон. Түүнээс хойш асуудал улам нарийсаад, түүнийг дагаж мэдлэгийн салбар улам гүнзгийрээд, өнөөдөр шинжлэх ухаан хүнийг өөрөөс нь илүү танин мэдэх хүртэл хэмжээнд хөгжжээ.

Ёс суртахуун, ёс зүй, үнэт зүйл доройтон муудсан бол ямар мэдлэгийн салбарт хандах вэ? Ямар мэргэжилтэй хүмүүсээс зөвлөгөө авах ёстой вэ? гэсэн асуулт руугаа буцаад очъё.

Энэ асуулт бол 2600 жилийн түүхтэй, өөрийн мэргэжлийн салбартай, асуудлаа таньж, оношилгоо хийж, шийдэл олох арга техниктэй мэдлэгийн тулгуур салбар. Тэгэхээр энэ асуултад моралын философийн салбар аль эрт хариулчихсан.

Моралын философи бол мэдлэгийн тулгуур салбар юм. Хэрэв ёс суртахуун, ёс зүй, үнэт зүйл асуудалтай байна гэвэл асуудал нилээн суурь, үндсэндээ байгаагийн илрэл. Шинж тэмдэгийг эмчлээд эмчлээд, асуудал хэзээ ч тасрахгүй. Түр аргацаасан, мартагнуулсан, арга ядсан үйлдэл төдий. Эхлээд оношилгоо явагдах хэрэгтэйг хэлээд байгаа хэрэг. 

Хүн зүрх өвдлөө гээд эмчид хандахад эмчилгээнээс урьтаж оношилгоо явагддаг. Яг зүрх мөн үү аль эсвэл өөр асуудал байна уу гэдгийг тогтоох шаардлагатай. Ямар ч байсан эмнэлэгт, эмчид хандах ёстойг соёлт ертөнцийн хүн бүр мэднэ. Үүнтэй адил соёлт ертөнцөд ёс суртахуун, ёс зүй муудсан бол моралын философичиос зөвлөгөө авах ёстойг хүн бүр мэднэ.

2 жилийн өмнө Монголын эдийн засгийн форумын үеэр Монголчуудын үнэт зүйл, ёс зүйн талаар хэлэлцүүлэг болж байсан. Асуудал байгаагаа мэдсэн хэдий ч ямар мэдлэгийн салбарт хандаж, ямар мэргэжилтэй хүнтэй хэлэлцэхээ мэдэж чадаагүй нь тун харамсалтай. Хэдий өндөр ёс суртахуунтай хүн байлаа гээд тухайн мэргэжлийн асуудлыг дур мэдэн ярих нь зүйд хэр нийцэх вэ?

Зүрхний эрүүл мэнд сайтай хүн байлаа гээд мэргэжлийн эмч л биш бол бусдад зүрхний эмгэг оношлогоо, эмчилгээний талаар ярих нь хэр ёс зүйтэй хэрэг вэ? Өөрийн микро туршлагаа л ярих хэрэг биш үү?

Тус хэлэлцүүлэгт нэг ч моралын философич байсангүй. Гэтэл Монголд дэлхийд үнэлэгдэх мэдлэгийн том сургуульд моралын философийн докторын зэрэг хамгаалаад ирсэн философич С. Молор-Эрдэнэ байна. Түүний мэргэжлийн бодлыг яагаад асуусангүй вэ?

Саяхан нэгэн сэтгүүлч Ерөнхий сайд Хүрэлсэхийн зөвлөх гэх нэгнээс ёс зүй гэж юу вэ гэж асууж байна. Тавьсан асуулт нь зөв ч бас л хэнээс асуух ёстойг үл ойшоосон хэрэг болжээ.

Монголд эмийн дураараа хэрэглээ хэрээс хэтэрсэнтэй мөн чанарын хувьд ижил үзэгдэл юм уу даа. Өнөөдөр Монгол улс мэдлэгийн тулгуур асуудлыг мэргэжлийн төвшинд авч үзэхээс нааш урагшлахгүй нь тодорхой боллоо. Мэргэжлийн хүн л биш бол дур мэдэн чалчихаа зогсоох нь насанд хүрсэн хүний шинж шүү. Төрийн ордонд суулаа гээд, түмэн хүнд видео нь хүрлээ гээд мэдчихлээ гэсэн хэрэг биш шүү.

Ялангуяа, шийдвэр гаргах чухал албан тушаалд байгаа хүмүүс дур зоргоороо авирлах ямар их хор хөнөөлтэй юм бэ?

Унаж, живж, шатаж, дарагдаж, мөргүүлж, өлсөж, хаягдаж, хүчиндүүлж, тамлуулж амиа алдах хүүхэд, хүмүүсийн тоо жилээс жилд ихэссэн, цаашид ч улам ихсэх биз. Тулгуур мэдлэгийн салбар (оношилгооны салбар) алдаатай байгаа учир шинж тэмдэг зүсээ хувиргаад гарсаар л байх болно. Монголчуудын, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүд, нийгмийн эмзэг бүлгийнхний аюулгүй байдал аюулд өртөөд байна. Аюулгүй байдлын наад захын шаардлага хангахгүй хотод байгаа тэдний амь нас хэр баталгаатай вэ?

Асуудал бүрийн ард мэдлэгийн, мэргэжлийн салбар байдаг. Мэргэжлийн салбарынхан нь мэргэжлийн бус авир гаргахаар ямар хэрэг байх вэ?

Хүн төрөлхтөний мэдлэгийн салбар 2600 жилийн түүхэндээ асар их сургамжийг хуримтлуулсан. Бантангийн тойргоос гарах ганц зам нь хүүхэд зангаа хаяж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах. Ёс суртахуун, ёс зүй гэдэг чинь тийм ч амар хэрэг биш шүү.

Сэтгэгдэл бичих

arrow icon