Нийтлэл 02 сарын 12, 2022

БОДЛОГО: ТОП 100 бол бахархал биш аюул

ТОП 100 компани,  Huawei тойрсон АНУ Хятадын зодоон зэрэг сэдэв олны анхааралд байгаа дээр нэг юм хэлээд авъя. Нөгөө л эрх чөлөө, зах зээл, өрсөлдөөний тухай. Өмнө нь “Хулхи либералуудаас зах зээлийг хамгаалах нь тэмдэглэлээр корпорацууд гэхээсээ зах зээл буюу өрсөлдөөнийг хамгаалахад либерал эдийн засгийн үзэл санааны цөм нь оршдог тухай товч тэмдэглэл хүргэсэн.

Корпорацууд, тэр дундаа хувьцаат компани нь зах зээлийн гол зүтгүүр, баялаг бүтээх хамгийн хүчирхэг механизм мөн. Гэхдээ ямар ч power буюу хүчний шинж чанар тийм байдагчлан, ийм их хүч эргээд өрсөлдөөнийг дарангуйлж, хөгжилд тээг болох эрсдэлийг ч дотроо агуулдаг. Ер нь сая сая жилийн түүхтэй байгаль дэлхийтэй харьцуулахад хүний нийгэм, тэр дундаа одоо үеийн эдийн засгийн систем нялх хүүхэд л гэсэн үг. Үйлдвэрлэлийн технологид их тэсрэлт гарсан 18-р зууныг дамжаад 19-р зууны сүүл үеэс аварга том нэгдлүүд төрөх болж, тэднийгээ задалж нэг үзэж, задгай тавьж нэг үзсэн төрийн бодлогын практик 100 гаруй жилийн л туршлагатай.

Гэхдээ суралцаж чадвал 100 жил гэдэг богино хугацаа бишээ. Санхүү, төмөр зам, төмөрлөг, газрын тос дамнасан асар том трастууд үүсч, энэ нь нийгэмдээ яг өнөөдрийн Монгол шиг туйлширсан популизм дагуулж байсан ХХ зууны эхэн үеийн АНУ-ын төрийн бодлогын талаар “Хүрэлсүх чадах уу? тэмдэглэлээр хүргэж байсныг сэргээж уншаад энэ тэмдэглэлийг цааш нь уншвал дүр зураг илүү ойлгомжтой болно. Ерөнхийдөө дэлхийн улс орнуудад бизнесүүд хэт том, хэт хүчтэй нөлөөтэй болж өрсөлдөөнийг дарангуйлах хэмжээнд хүрмэгц төрийн төмөр нүүр үзүүлж зах зээл, өрсөлдөөнийг хамгаалах бодлого хэрэгжүүлж иржээ. Тухайлбал АНУ-д trust, Японд zaibatsu, Солонгост chaebol гэх мэтээр нэрлэгдэх том нэгдлүүдийн салбартаа болон нийт зах зээлд, нийт эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцож бодлогод тусгаж ирсэн түүхтэй. Энэ төрлийн бодлгогын судалгаанд aggregate concentration, market concentration зэрэг индексүүд хэрэглэгддэг. Aggregate concentration гэдэг нь юув гэхээр хамгийн энгийндээ нийт эдийн засагт эзлэх том конгломератуудын жин юм. Нэгдсэн аргачлал байхгүй ч топ 100 компанийн жинг тооцох арга түгээмэл хэрэглэгдэнэ. 

ТОП 100 гэхээр таны чихнээ нэн танил сонсогдож байгаа буйзаа.  ТОП 100 манай ДНБ-ий 96,6 хувийг бүрдүүлж байна. ТОП 100 татвар төлж байна. ТОП 100 баялаг бүтээж байна. ТОП 100-даа таларх, алга ташин даган баяс, шүт! Өнөөдөр Монголд иймэрхүү суртал ухуулгаар өдөр тутам таны тархийг угаадаг. Гэтэл ийм өндөр нягтрал аюулын дохио болохоос алга таших үзэгдэл биш. АНУ-д гэхэд трастуудын эсрэг ид ажиллаж асан 1919 онд санхүүгийн бус капитал эзэмшсэн хувиар хэмжихэд ТОП 100-ын нягтрал 16,6 хувь, Англид 1982 онд 28,2 хувьтай байсныг энд линк холбосон судалгаануудаас харж болно.  Нягтрал энэ хэмжээнд байхад ч судалгааны салбарынхан нь хараат бус ажиллаж дохио зөвлөмж өгч, бодлогын салбар ч ажлаа хийж явдаг байна.

Харин монголчууд бид Монголын залуу ардчилал, зах зээлд түүний амин сүнс нь болох өрсөлдөөн үхсэнийг тэмдэглэн баяр хийж, хамгаас дуртай цол тэмдэг одон медалаа тараасаар ирлээ.  Эдийн засагт том том масс нягтрал яагаад үүссэн шалтгааныг судалж, тэгш гараа, өрсөлдөөний боломжийг зохицуулж байх үүрэгтэй төр өөрөө гараа гаргаж ирээд шагнадаг нь жүжгийн хамгийн оргил үзэгдэл. Тэгснээ чуулганы танхим руу буцаж ороод телевизийн дуран хармагцаа жижиг дунд бизнес, өрсөлдөөн гэхчлэн бурцгаана. Энэ жилээс дүр зураг бүр гоё болж ирж байна. Сангийн сайд Хүрэлбаатар шилдэг эдийн засагч болж гэнэ хаха. Шалгаруулсан нь манай хамгийн том конгломератын нэг, сахал эзний медиа.  Хуучин цагт төрийн ноёд, түшмэд мөнгөтэй данжаадуудад очиж долдойдог байсан тухай хэлцдэг. Одоо компаниуд данжаадыг орлох болж, төрийн институцууд нийлж тэднийгээ цол шагналаар байлах төдийгүй эргээд өөрсдөө компаниудаар шагнуулдаг болж байгаа юм байна. Агуу сайхан эдийн засаг бүтээлцлээ гэж нэг нэгнийгээ харилцан долоохдоо Эрээнд бүтээгдсэн шил шавар солилцон байх нь юутай даажинтай.  Уг нь төр гэдэг өрсөлдөөнд аюултай этгээдийг хуулийн өмнө шүүхээр дуудаж, төрийн төмөр нүүр үзүүлж нийтийн эрх ашиг, чөлөөт өрсөлдөөнийг хамгаалж байдаг юм.  Сайд түшээд Сахал Эрдэнэбилэг мэтийг байранд нь тавих үүрэгтэй болохоос өгсөн шил цолд нь кабинетээрээ баярлаад сууж байх нь Монголын их тэнэглэл.

Төрөөс гадна төвийг сахих үүрэгтэй эдийн засагчид, судлаачид ядаж хаа байна? Монгол хүний долдой, палдий гэдэг ер нь тамтаггүй. Тэр дундаа эдийн засагчид гэж хаана эрх мэдэл, мөнгө, хүч байна, тэрийг долоогоод сурталчлаад явж байдаг нэг бүлэг байна.  Да.Ганболд, Р.Амаржаргал нараас авахуулаад зах зээлийн эдийн засагт шилжих бодлого, хувьчлалыг авторлосон  “эдийн засагчид” нь бүгд сахал “эзний” талд дуугарна. Араас нь их сургуулийн багш нар үзэл бодлын наймааны зах зээл рүү хүч түрэн орж байна. Бодлогын орчинд судалгаа, онол алга. Байгаа нь пиар, пальдагазүй, тархи угаалт. Хөгшчүүд нь яахав тэгээд улстөрийн бүлэглэлүүдийн нохойд барьдаг мод болсон байж. Ядаж надтай л гэхэд манай үеийн хамаг аваргууд эдийн засгийн онолоор тэтгэлэг авч олон оронд суралцаж ирсэн. Тэд нар хаана байна? Монголын "сэхээтнүүд" гэж тамын тогооны үлгэрийн далд хэлбэр, нэг нэгэнтэйгээ барьцаж дотроо сэмхэн шиг би илүү дээ гэж бодож суухаас бусдаар эрх ашгаа хамгаалах зангараг байхгүй. Хаа очиж залуу үеийнхэн хамаагүй илүү эрх чөлөөний мэдрэмжтэй, хамт суугаад ярилцахад цэвэрлэгээний зах зээл хүртэл үлдээхгүй хамдаг томчуудын бодит байдлыг онигоо болгоод хэлээд өгнө. Харин тэдний дээрээс төр, эдийн засагчид нийтлэлчид тэргүүтэй хамаг power нийлж няц дарна. Жинхэнэ Монгол маягийн их нягтрал, aggregate concentration гэдэг чинь тэнд л байна. 

Ер нь та энийг уншсанаасаа хойш ажиглаад үз. Улстөрийн болоод эдийн засгийн хамаг нөөц, эрх мэдлийг атгаж байгаа хоёр нам болоод хэдэн конгломерат ямагт та нарт одоогийн оршин байгаа power, хүчний тэнцвэрийг сурталдаж, шүтүүлэх юм хийж байдаг. Нийлээд гоё форум хийж долдой эдийн засагчид хөлөө ачиж суугаад дэлхийд байхгүй изм гаргаж ирнэ,  хандив буян тарааж уйлуулна, топ 100 гэдэг цол шагнал ч үүний нэг хэсэг нь. Энэ бүхэн бүгд эрх чөлөөг биш эрх мэдлийг сурталдах, шударга бусын зөвтгөл, итгэл үнэмшлийн халдлага хийж байгаа зөөлөн хүчний бодлого юм.

Ингээд нэг харахнээ монголчууд 21-р зуун гараад хорин жил өнгөрч буй өнөөдрийг хүртэл эрх чөлөөний нар, жинхэнэ либерал нийгэм үзсэнгүй. Дундад зуунаас коммунизм, улмаар клептократ тархи угаалтын эринд шилжин оров. Өмнөх тэмдэглэлд хэлснээ дахин давтмаар байна. Орчин цагт Power гэх ойлголтод зөвхөн засгийн газар, арми биш хувийн салбарын тоглогчид багтана. Power-ийг шүтэж байна уу, эн тэнцүү харилцаж хянаж байна уу? Эднээс л орчин цагийн нийгэм мөн биш эсэх нь ялгардаг юм байна. Ард түмэн ядуу, дорой байх тусмаа орчин цагаас ухарч, эрх мэдлийг шүтэх хандлагатай болж ирдэг байна. Бид 30 жил чөлөөт зах зээлийн эдийн засаг, либерализм ярьсан хэрнээ түүний гол дүрүүд нөгөө талын хүчнүүдэд үйлчлэх болж, үүнийг зөвтгөх үзэл санаа улам бүр шашин шүтлэгийн чанартай болж ирж байгааг анзаарч тусгана гэж найдсан 2019/05/21.

@bolushka

arrow icon