Нийтлэл 01 сарын 30, 2015

МУИС-ийн доктор, профессор Л.Оюун : Эдийн засаг хямраагүй. Өсөлтийн хурд унаж байна.

-Монгол улсын Эдийн засаг “хямарлаа” гэж нийгэмд түгшүүр үүсгээд байна. Энэ талаар та мэргэжлийн хүний хувьд энгийн байдлаар тайлбарлаж өгнө үү?

“Хямрал” эдийн засгийн онолын тодорхойлолтоор ДНБ-ны өсөлт хасах утгатайгаар 2–3 улирал дараалан үргэлжлэхийг хэлдэг. 2009 онд ДНБ-ны өсөлт -1,9% хүрч байсан. Энэ бол хямрал. Харин 2014 онд манай ДНБ-ны өсөлт 6,5% байсан. Яг хямрал болоогүй ч эдийн засгийн өсөлт буурсан гэсэн үг. 2011 онд манай ДНБ 17,8% хүрч өсч байсан. Энэ өсөлтөөс эдийн засаг буурч, эдийн засаг хүндэрч байна. Эдийн засгийн холбогдох үзүүлэлтүүд буурч байна. Гэхдээ нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд 2011 оны эдийн засгийн өсөлт хүн амд хүртээмжгүй байсан. Манайхан энэ талаар зөндөө ярьж байсныг санаж байгаа байх. Эдийн засаг өсөхөд ард түмний амжиргаа дээшилж байх ёстой. Гэтэл тэр үед манай ядуурлын түвшин өндөр байсан. Дэлхийн банк манай ядуурлын түвшинг хүн амын 1/3 –т нүүрлэж байна гэдэг судалгааны дүнг танилцуулж байсан. Иймээс өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлт онцгой гойд байгаагүй гэсэн үг.

Хямрал нүүрлэлээ гэж иргэд ойлгосноор эдийн засагт нөлөө гарах уу?

Хямрал гарлаа гэж ойлгосноор түгшүүр бий болж хий самгардах, хийж байгаа үйл ажиллагаандаа анхаарал, хүч чармайлт тавих нь багасдаг. Манай оронд хүлээлтийн инфляци нилээд нөлөө үзүүлдэг. Иймээс хямрал боллоо гэдэг хүмүүсийн ойлголт аж ахуй, бизнес эрхлэгчид, иргэд самгардах, эрсдлээс өөрсдийгөө хамгаалахын тулд үндсэн үйл ажиллагаанаасаа хөндийрөх зэрэг байдалд хүрнэ. Энэ яав ч сайн зүйлд хүргэхгүй. Байгаа байдлыг бодитоор үнэлэх нь чухал. 

Жижиг худалдан авалт, иргэдийн хэрэглээ буурч, муудаж байгаа явдал нь хямралын шинж биш гэж үү? 

Хямралын гэхээсээ илүү эдийн засгийн өсөлтийн уналт гэхэд илүү ойртоно.

Тэгэхээр Монголчууд энэ байдалд юу хийх ёстой вэ?

Хямрал болсон байлаа гэхэд хийдэг зүйлсээ хийж, эрхэлдэг үйл ажиллагаагаа үргэлжүүлэн хийж эдийн засгийн өсөлтийн уналтаас гарах арга хэмжээ авах хэрэгтэй. Юм бүтээж байж л хямралаас гарна гэдэг бодит үнэн.

Өнөөдөр 1.28 болоод байна 2015 оны төсвийн тодотгол, түүнийг батлах явцыг та юу гэж дүгнэж байна вэ? Өнөөдөр улсаараа өр, зээл, нэг иргэн хүнд 5 сая төгрөгний өртэй боллоо гэх мэтээр ярьж байна. Энэ нь үнэн үү, олон улсад зээлийн асуудал ямар түвшинд байдаг вэ?

Нэгдүгээрт өр, зээл хоёр өөр гэдгийг цохон тэмдэглэхийг хүсч байна. Өр, зээл гэдэг эдийн засгийн ухагдахуунууд өөр өөр харилцаа илэрхийлдэг. Зээл төлөгдөх хугацаанаасаа хэтрээд эргэн төлөгдөх магадлал буурч, төлөгдөхгүй байх шинжүүд бүрдсэн үед өр болдог. Тэгээд манайхны өр гээд яриад байгаа зүйлс чинь одоохондоо зээл шүү дээ. Зээл үйл ажиллагаа өргөжиж, хөгжиж байгаа харилцааг илэрхийлнэ. Зээл нь хөгжлийн санхүүжилт юм. Зээлээрээ орлого бүтээж байвал түүнийг хүүгийнх нь хамт зээл ашигласнаар орж ирж байгаа орлогоор төлдөг учир хүндрэл дарамт учруулахгүй. Нэг зүйлийг ойлгомжтой тайлбарламаар байна. Гадаад, дотоодын нэртэй том компаниуд зээл авч хөгжсөн байдаг. Үүнийг бүгд мэднэ дээ. Тэгэхээр 1 хүнд 5,0 сая төгрөгний өр байна гэж ойлгуулаад байх нь угаасаа утгагүй зүйл. Зээл олдож байгаа нь орлого бүтээх, түүгээрээ төлөх боломжтой гэж харсаны үр дүн юм. Монгол хүн “амны билгээс, ашдын билэг” гэж ярьдагдаа. Олон улсын практикт зээлэнд миний тайлбарлаж байгаа шиг л хандаж ирсэн. Өөрөөр хэлбэл зээл авч хөгжиж ирсэн. Гагцхүү сайн анхаарах зүйл нь зээлийн мөнгөөр бүтээн байгуулалт л хийх хэрэгтэй. Харин их гэж ядахгүй бол зээл ёстой өр болнодоо. Дэлхийн 2-р дайны дараагаар 30-40 жилийн дотор өндөр хөгжилтэй орон болж чадсан Япон маш их зээл авч байсаныг цохон тэмдэглэмээр байна.    

Эдийн засагч хүний хувьд Монгол улс Чингис бондын зээл авсныг та зөв гэж боддог уу, буруу гэж боддог уу?

Дээр тайлбарласан. Нэмээд хэлэхэд түүний зарцуулалтын талаар л яримаар байна. Зөв зарцуулж чадсан уу? Орлого бүтээж чадсан уу? гэдэг л асуудал байгаа.

Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Дээрээ ч, доороо ч анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байна. Шийдвэр гаргадаг нөхдүүд их анхаарах хэрэгтэй. Тэнд маш их “но” бий. Ард иргэд ч гэсэн бурууг хэн нэгнээс хайхаас өмнө өөрсдөөсөө хамаарах зүйлийг хийх хэрэгтэй гэж товчхон хариулъя даа.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon