Нийтлэл 04 сарын 01, 2015

Менежерүүдэд: 80 хувийн бүтээмж авчрах 20 хувиа олох нь

 Бид уншсан хүнд өгөөжтэй сайн номын гол санаа, утга агуулгаас хэсэгчлэн хүргэж байгаа билээ. Энэ удаа Энди Стэнлигийн "Маргаашийн удирдагч буюу ирээдүйг тодорхойлогчдын таван зарчим"  номоос  “Хэмнэлээ олох нь”  хэмээх хэсгийг хүргэж байна. 

 

Хэмнэлээ олох нь: 

Олон янзын зүйлд өөрийгөө бага багаар зориулах нь өөрийгөө үрэн таран хийж байгаа хэрэг мөн.Завгүй байдал ажлын бүтээмж хоёр хоорондоо бараг уялдаа хамааралгүй гэдгийг санаж яв. Завгүй байна гэдэг нь бүтээмжтэй байна гэсэн үг биш.

Жишээ нь

та яг одоо амьдралдаа үзээгүйгээрээ завгүй байж болно. Гэлээ гээд таны ажлын бүтээмж хамгийн өндөр байна гэж үү? Мэдээж үгүй шүү дээ. Зай завсаргүй ажиллалаа гээд ажлын бүтээмж  нэмэгдэх нь бараг үгүй. Харин ч эсрэгээрээ ажлын бүтээмжийг бууруулдаг гэж би боддог.

Харин миний мэдэх хамгийн өндөр үр бүтээлтэй хүмүүс ихэвчлэн энгийн хүмүүсээс ямагт илүү чөлөөт цагтай байдаг. Тэд ажлынхаа хуваарьт амьдралаа хөтлүүлж биш, харин ажлын хуваариа өөрөө хөтөлж амьдардаг билээ.  Ажиглалт дүгнэлтээс үзвэл бидний хорин хувийн хичээл зүтгэл нь наян хувийн үр ашгийг авчирдаг байна.

Хэдэн жилийн өмнө би өөрийнхөө нийт ажлын бүтээмжийн наян хувь нь дараах гурван зүйлээс хамаарч байгааг олж тогтоосон юм.  Эдгээр нь:

  • Байгууллагынхнаа удирдан чиглүүлэх
  • Байгууллагын дотоодын харилцаа
  • Удирдагч бэлтгэх

Дараах асуултууд таныг өөрийнхөө гол давуу талуудыг олж тогтооход тус болох юм. Өөрийгөө олж нээхийн тулд эдгээр асуултуудад хариулахад та бага ч болов цагийг зарцуулаарай. Жагсаасан дараах зүйлсийг ажиглахдаа давхар тэмдэглэл хийж явбал танд илүү тустай байх болно.

  1. Бусдын хувьд маш их хүчин чармайлт гарган байж хийдэг ямар ажлыг та нэг их хүч баралгүйгээр амжуулж чадах вэ?
  2. Ямар талбарт хүмүүс таныг авьяастай гэж хүлээн зөвшөөрдөг вэ?
  3. Одоо хийж байгаа ажлынхаа юунд нь илүү дуртай вэ?
  4. Ямар ажлуудыг та бусдад хүлээлгэн өгөхийг хүсдэг вэ?
  5. Таны хийдэг ажлуудын дундаас бусдын магтаал сайшаалыг хамгийн ихээр хүртдэг нь аль нь вэ?
  6. Ажлын ямар орчинд ажиллахыг та хүсдэг вэ?
  7. Ажлын ямар орчноос та зайлсхийдэг вэ?
  8. Хүмүүс танаас ямар төрлийн зөвлөгөө авахыг хүсдэг вэ?
  9. Одоо хийж байгаа ажлуудаасаа зөвхөн нэг юм уу, хоёр зүйл дээр л өөрийнхөө бүх хүчин чармайлт, цаг заваа зориул гэвэл юу юунд төвлөрөх вэ?

Өөрийгөө тодорхойлох нь өөрийнхөө гол давуу талуудыг олж нээхэд маш чухал алхам юм. Гэхдээ энэ нь хангалтгүй ээ. Үнэндээ хэн ч өөрийгөө бүрэн төгс мэдэхгүй. Тийм учраас өөрийгөө тодорхойлох үйл явцдаа та бусдыг татан оролцуулбал сайн. Таныг сайн мэдэх, бусдыг удирдан ажиллуулдаг хоёр юм уу, гурван хүнийг сонгоод дараах асуултуудыг өөртэйгөө холбон асуугаарай.

  1. Хэрэв би таны төлөө цалин хөлсгүйгээр ажиллах болбол:
  • Танай байгууллагын аль салбарт би хамгийн их үнэ цэнийг бий болгож чадах вэ?
  • Намайг танай байгууллагын аль салбарт илүү их анхаарч ажиллаасай хүсэж байна вэ?
  • Танай байгууллагын аль салбарт би хамгийн их амжилт гаргах магадлалтай вэ?
  • Танай байгууллагын аль салбараас би холхон байсан нь дээр вэ?
  1. Миний одоо хийж байгаа ажлаас аль хэсэг нь миний давуу тал, авьяас чадвартай нийцэхгүй байна вэ?
  2. Хэрэв намайг илүү сайн ажиллуулах талаар та манай даргад зөвлөгөө өгөхөөр бол ямар зөвлөгөө өгөх вэ?
  3. Миний амьдралын талбаруудаас миний хүсэл, миний давуу талуудад нийцэхгүй талбарууд байгаа бол нэрлэнэ үү?

Өөрийнхөө давуу талуудыг олж нээхэд тань тус болох гурав дахь зүйл бол та өөртөө хоёр янзын ажил үүргийн хуваарь гаргах явдал юм. Эхнийх нь одоо одоо байгаа бодит байдалд тулгуурласан байх бол хоёр дахь нь таны төсөөллийн тодорхойлолт байх юм.  

Өөрийнхөө мөрөөдлийн ажлын талаарх алсын харааг тогтоохдоо хоёр үндсэн зүйлийг голлон авч үзээрэй. Орчин нөхцөл үүрэг хариуцлага.

  1. Өөрийнхөө давуу талууд, сул талууд, авьяас чадвар, хүсэл тэмүүллээ бодож үзсэний үндсэн дээр өөрийнхөө хамгийн тохиромжтой ажлын орчинг тодорхойлоорой.
  • Ямар төрлийн хүмүүстэй хамт ажиллавал танд сайхан байх вэ?
  • Багийн гишүүн байхыг хүсэж байна уу, бие даан ажиллахыг хүсэж байна уу?
  • Ажлын зорилгоор аялдаг байхыг хүсэж байна уу?
  • Өндөр зохион байгуулалттай орчинд ажиллаж байхыг хүсэж байна уу?
  • Эсвэл илүү чөлөөтэй, зохион байгуулалт багатай орчинд ажиллахыг хүсэж байна уу?
  1. Өөрийнхөө давуу талууд, сул талууд, авьяас чадвар, хүсэл тэмүүллээ бодож үзсэний үндсэн дээр өөрийнхөө хүлээхийг хүсэж буй үүрэг хариуцлагыг бичнэ үү?
  • Та өөрийгөө менежмент, борлуулалт, маркетингийн салбар дээр төсөөлж байна уу?
  • Та хүмүүстэй ажиллахыг хүсэж байна уу, тоо, тооцоололтой холбоотой ажил хийхийг хүсэж байна уу, эсвэл хоёуланг нь хийхийг хүсэж байна уу?
  • Ямар төрлийн үүрэг даалгаврыг та баяртайгаар гүйцэтгэх вэ?
  • Маш их бичдэг бичгийн ажилд та дуртай юу?
  • Та ярианы чадвар шаардсан ажил хийх дуртай юу?

Энэ дасгалыг хийхэд та цэвэр өөрийнхөө хүсэл тэмүүлэл болон авьяас чадварынхаа талаар бодож тунгаадгаараа танд тустай юм.

Өрсөлдөх чадвартай багийг бий болгон хөгжүүлэхийн тулд та өөрийнхөө байгууллагын удирдагч нартаа тус тусын гол давуу талуудынхаа дагуу ажиллах эрх чөлөөг олгох хэрэгтэй. Үүнийг хийх хэд хэдэн арга зам бий. Үүнд:

  1. Өөрийнхөө гол түлхүүр хүмүүсээ жагсаан бичээд тухайн хүн танай байгууллагад ямар үндсэн үнэ цэнийг бий болгож байна вэ гэдгийг тогтоо. Ингэснийхээ дараа, “Би эдгээр хүмүүсийн цагийг яавал илүү их чөлөөлж, чөлөөлсөн цагийг нь тэдгээр үнэ цэнэ авчирч буй ажлуудад нь хэрэглүүлэх вэ? ” гэж өөрөөсөө асуугаад үүнийхээ дагуу тэдний ажил үүргийн хуваарийг өөрчил.
  2. Ажилтан албан хаагчиддаа тус тусынхаа ажил үүргийн хуваарийг хамгийн сайн хийж чаддаг ажлууд дээрээ төвлөрсөн байдлаар дахин тодорхойлж бичих боломжийг олго.
  3. Эдгээр гурван бүлэгт ярилцсан асуудлуудаар өөрийн голлох хүмүүстэйгээ зөвлөлдөх цагийг гарга.
  4. Ажилтан албан хаагчидтайгаа тэдний авьяас чадвар, нөөц бололцоог хэрхэн бүрэн дүүрэн ашиглаж болох арга замуудын талаар ярилц.

Зөв хүнийг зөв албан тушаалд тавих бол таны болон танай байгууллагын амжилтын үндэс нь юм шүү. Бид хүссэн хүсээгүй өөрийн давуу талуудад хамааралгүй ажлуудыг хийхэд зарим цагийг зарцуулдаг. Гэхдээ ийм тохиолдолд бид стратегитай хандах ёстой бөгөөд энэ нь байнгын ажил бус, тохиолдлын, нэг удаагийн ажил үүрэг байх тал дээр анхаарах хэрэгтэй.

Байгууллага дотроо байгаа бусад албан хаагчдын ажлаас түр ч болов хуваалцах боломжийг эрж хай. Гэхдээ нэг зүйлийг сана. Хэрэв та өөрийнхөө бүсээс гарсан л бол бусдыг удирдах гэж бүү оролд.

 Дагаж мөрдөж хэвшээрэй.

Энэхүү сэдвийн хүрээнд одоогийн гол давуу талууд болон ажил үүргийн тань хүрээнд та өөрийнхөө хамгийн сайн хийдэг ажлууддаа зарцуулах цагаа нэмэхийн тулд юуг өөрчлөх хэрэгтэй байна вэ? Та өөрийнхөө хорин хувийг ная болгон нэмэхийн тулд юуг хийж чадах вэ? таны хувьд элч нарын өгүүлж байсанчлан “Зөв биш” зүйлийг хийж байгаа тохиолдол байна уу? Та өөрийнхөө гол давуу талуудтай холбоогүй ажлуудыг хийж цагаа үрж байгаа юм биш биз?

Та дээрх алхмуудыг амжилттай хэрэгжүүлэх тусам байгууллагадаа улам бүр үнэ цэнэтэй нэгэн болж хувирах болно. Та өөрийнхөө төвлөрөл, зөн харааг нарийвчлах тусам өөрийг тань дагахаар шийдсэн тэдгээр хүмүүст илүү их боломжийг олгоно гэсэн үг. Стевен Ковей хэлэхдээ ажлыг урагштай байлгах хамгийн том хөшүүрэг бол бусдад хариуцуулах гэсэн байдаг . Таны үзэн яддаг ажлыг дуртайяа гүйцэтгэх хүмүүс байдаг гэдгийг санаарай. Багтаа байгаа бусад хүмүүсээ ч мөн адил хамгийн сайн чаддаг ажилд нь төвлөрүүлж бусад ажлаас нь чөлөөл. Ингэснээр баг тань улам бүр хүчирхэгжих болно. Тийнхүү байгууллага тань таны давуу талыг төдийгүй хамтран ажиллаж байгаа хүмүүсийн тань давуу талуудыг тусган харуулах болно.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon