Нийтлэл 04 сарын 09, 2015

Мод тайралт хэмээх яргалан сүйтгэх үйл ажиллагаа

Манай нийслэл хотын ногоон байгууламжийн 80 гаруй хувийг эзэлдэг улиас, хайлаас, шар хуайс модыг олон жил дараалан мөчир ч үгүй, юу ч үгүй шулж орхидог нь өнөөдөр хэрээс хэтэрч байна. Ногоон байгууламжийн арчилгаа мэргэжлийн бус явагдаж, хамгаалах биш харин хөнөөж байна. 

Яг өнөөдөр арчилж байгаа  хүмүүсийн мэргэжил мэдлэг дутуугаас хотын мод яаж олноороо сүйтгэгдэж байгааг өнөөг хүртэл мэдэхгүй, анзаарахгүй байсаар байгаа  нь үнэхээр харамсалтай.

Жишээ нь, 25-р эмийн сангаас баруун 4 зам хүрэх замын дагуул гэхэд гурван жилийн өмнө ургах чадваргүй болсон 63 ширхэг мод байснаас өдгөө ихэнх нь хатаад үхсэн.
Манайх шиг ингэж нэг удаагийн үйлдлээр эрчимтэй тайралт хийн нэг мөсөн шулж орхих нь эмзэг болгож, амархан өвчинд өртдөг, хатах хуурайших явцыг нэмэгдүүлж цаашид үхэх явцыг түргэсгэдэг. Барууны өндөр хөгжилтэй орнуудад ийм тайралт хориотой бөгөөд хуулийн хариуцлага хүлээх хэмжээний үйлдэл бөгөөд нийгэмд шууд бус учирч буй том хохирол гэж үздэг.

  • Тайралтаар модны амсьгалах эрхтэн болсон навчийг үгүй болгож \УУШГАА ТАЙРУУЛАХ\ мод гэнэтийн цочролд ордог байна. Энэ тайралтыг ихэнх мод дааж чаддаггүй бөгөөд давж гарсан нь ихэнхдээ гаж хэлбэр дүрстэй болдог.
  • Титмийг огцом тайрахад модонд асар том хэмжээний шарх үүсдэг. Онгорхой шархаа эдгээхийн тулд яг тэр хэсгийг мод өөрөө бодисын хангамжаас хасаж тэнд “хаталт” үүсэж аажимдаа голоосоо хатаж бүхэлдээ өртөгдөх магадлалтай.
  •  “Уушгаа” тайруулсан мод шархадсан хэсгийнхээ хажуугаар болон байж болох бүхий л хэлбэрээр /үндэсний үсэрхийлэл, гол ишнээс ургах г.м/ асар хурдтайгаар мөчирлөж хуучин байсан навчны массын хэмжээнд дүйцэхүйц алдагдсан навчнуудаа нөхөж ургуулахыг хичээдэг. Мөн үндсээрээ салаалж ургахдаа мод ойр хавийн зам талбайг эвдэлж гарч ирдэг.

Модыг арчилж хамгаалах гэдэг нь модыг гэмтээж, ургалтыг сааруулж амьдрах  хугацаа, гоёмсог байдлыг  алдагдуулсан үйлдлүүдийг хэлэхгүй нь лавтай. Энэ явдлыг үтэр түргэн таслан зогсоохгүй бол нийслэлийн маань үнэт хөрөнгө болох моднууд удахгүй бүгд тайралтад өртөж гарцаагүй хатаж үхэж дуусах аюул тулгараад байгааг анхааралдаа авцгаая?

Л. Энхтуяа

Сэтгэгдэл бичих

arrow icon