Нийтлэл 05 сарын 01, 2015

Гэр хорооллыг гэрэлтүүлэгтэй болгоё!

 Оройн 18 цагийн орчимд Амгалангийн автобусны эцсийн буудал хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Эцсийн үйлчилгээний төвийн дэргэдүүр гараад дээш өгсөн алхаж явтал 40 литрийн бидонтой усыг төмөр тэргэн дээр түрэн гүйх найм орчим насны жаал хажуугаар дайрах шахам зөрж өнгөрөв. Эргэж хараад түүнийг ажиглавал усаа гэр рүүгээ зөөх замаараа гэрийнхээ хажууханд нь байрлах тоглоомын талбайд “түрхэн” тоглох гэж буй нь илт байлаа. Бужигнан шуугилдах бяцхан хүүхдүүд гулсуур дээр гулгах бол арай том хэд нь хажуугийн шийдэнд сагсан бөмбөг шиднэ. Тэд найз нөхөдтэйгээ тоглож наадахдаа хамгаас жаргалтай харагдах бөгөөд царайд нь баясал тодорч байв.  

 

Гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай бараг байдаггүй нь үнэн. Ойрын жилүүдэд иргэдийн шахалт болон хороодын Засаг дарга нарын санаачилгаар хэд хэдэн газарт тоглоомын цэцэрлэг байгуулж байна хэмээн сонсогдох болсон. Харин Амгаланд байгуулсан хүүхдийн тоглоомын талбай бол энэ хавьдаа “анхных”. Тийм ч болохоор хүүхэд, багачууд сонирхон олноороо цуглах болсон нь энэ. Гэр хорооллын хүүхдүүдэд ч гэсэн орон сууцтай айлын хүүхдүүд шиг тохилог орчинд амьдарч тоглох хүсэл нууцхан бий.

 

 

Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт энэ жил олон “бүтээн байгуулалт” өрнөж байгаа аж. Орой үдэш болоход гэр хорооллын гудамж талбай тоотой хэдхэн гэрэлтүүлэгтэй байдаг. Үүнээс үүдээд харанхуй гудманд гэмт хэргийн золиос болох иргэд цөөнгүй айж мэгдсээр гэртээ эсэн мэнд орвол тэдний “аз”. Тус хорооны иргэн Б.Нямсүрэн “Манай гудманд гэрлийн хэдэн шон байдаг ч одоо бүгд шатчихсан. Асдаг гэрэл нэг ч байхгүй. Хүүхдүүд зүггүйтээд хагалчихдаг юм уу, хүмүүс нь хулгайлаад авчихдаг юм уу бүү мэд. Өвөл бол ажилаа тараад гэгээ тасарсан үед ирдэг учир харанхуйд бүдчээд, хүн хараас айж эмээгээд хэцүүхэн л явдаг” гэв.  

 

Нэг саяас давсан нийслэл хотын иргэдийн дийлэнхийг буюу 60% -ийг гэр хорооллын оршин суугчид эзэлдэг. Тэгвэл тэнд амьдарч байгаа иргэдийн аюулгүй амар тайван амьдрах орчин нөхцөл тун тааруу. Өвлийн улиралд утаагаар амьсгалж , угаадсан дээрээ хальтарч унах шахам тэмтчин гүйдэг тэдний гудамжинд нь 10 метр тутамд гэрлийн шон байршуулах зайлшгүй шаардлагатай байна. 

 

Гэрэлтүүлгийн ач тус гэр хорооллынхонд бүгдэд нь хэрэгтэй байна. Япон улс хэдэн жилийн өмнөөс  гэмт хэргийн тоогоо бууруулахын тулд хэрэгжүүлсэн хамгийн гол ажил нь гэрэлтүүлэг байсан гэдэг. Хотынхоо бүх дүүргийн гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болгосон нь үр дүнгээ  өгч гэмт хэргийн тоо мэдэгдэхүйц буурсан аж. 

 

  

 

Сэтгэгдэл бичих

arrow icon