Нийтлэл 05 сарын 08, 2015

Ялалтын Орос сэлэм

 

Зөвлөлтийн ард түмний Аугаа Эх орны Дайнд байгуулсан ялалт болон Европыг фашизмаас чөлөөлсөнд зориулж босгосон хамгийн алдартай цогцолбор нь гарцаагүй “Чөлөөлөгч дайчин”-ы хөшөө юм.  Берлин хотын Трептов хүрээлэнд байдаг цогцолборын үндсэн баримал нь баруун гартаа барьсан сэлмээ хагарсан хас (фашизмын билэг тэмдэг байсан) дээр буулгаж зүүн гартаа бяцхан охиныг тэвэрсэн Зөвлөлтийн дайчны хөшөө билээ. Кемеров мужийн Тисул дүүргийн Вознесенки тосгоны уугуул, зөвлөлтийн цэрэг Николай Масановын 1945 оны 4дүгээр сард Берлин хотыг эзлэх үеэр герман охиныг аварсан үйлдлээс сэдэвлэн энэхүү баримлыг бүтээсэн байна. Энэ хөшөөг хиймлээр бий болгосон өндөрлөг дээр барьсан ба хөшөөний суурь хүртэл өгссөн шаттай. Хөшөөний суурь дотор дурсгалын дугуй танхимтай ба танхимын ханыг зураач А.А.Горпенкогийн бүтээсэн өнгөт чулуугаар хийсэн зургаар чимсэн байна. Уг зурагт зөвлөлтийн дайчдын булшинд цэцэг өргөж буй улс үндэстнүүдийг, тэр дундаа Кавказ, Дундад Азийн орнуудын төлөөлөгчдийг дүрсэлжээ.

Зурагны дээд хэсэгт орос, герман хэлээр “Зөвлөлтийн ард түмэн өөрийн мятаршгүй тэмцлээр Европын соёл иргэншлийг фашистын түрэмгийлэгчдээс аварсныг өдгөө бүгд хүлээн зөвшөөрч байна. Хүн төрөлхтний түүхэнд оруулсан зөвлөлтийн ард түмний агуу их гавъяа чухам үүнд оршино” (Октябрийн хувьсгалын 27 жилийн ойд зориулсан И.В.Сталины илтгэлээс авсан ишлэл) гэж бичжээ. Танхимын гол хэсэгт өнгөлсөн чулуугаар хийсэн куб хэлбэртэй суурин дээр туузаар чимсэн алтан хайрцагтай дурсгалын дэвтэр байрлуулсан байдаг. Энэ дэвтэрт Берлин хотын төлөөх байлдаанд амь үрэгдсэн зөвлөлтийн дайчдын нэрсийг бичсэн байдаг. Танхимын оройг 2.5 метрийн голчтой бадмаараг болон болор шигтгээтэй “Ялалт”-ын одонг дүрсэлсэн гэрлийн бүрхүүл чимж байдаг. Дурсгалын цогцолборт Берлин хотыг чөлөөлөхөд амиа алдсан 75 мянган дайчдын 7 мянгынх нь шарилыг оршуулжээ. Хөшөөг 1949 оны 5 дугаар сарын 8-нд нээсэн ба түүнийг барималч Е.В.Вучетич, зураач А.В.Горленко, инженер С.С.Валериус нар бүтээсэн байна. Хөшөөний өндөр нь 12 метр, жин нь 70 тонн.

Чөлөөлөгч дайчин”-ы хөшөө нь гурвалсан дурсгалт хөшөөний сүүлчийнх гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй билээ. Энэхүү гурвалсан хөшөөнүүдийн нэг нь Сталинградын тулалдааны баатруудад зориулан Волгоград хотын Мамаев толгой дээр сүндэрлүүлсэн дурсгалт цогцолборын цөм нь болсон “Эх орон дуудаж байна” хөшөө, нөгөө нь Магнитогорск хотод байдаг “Ар тал фронтод” хөшөө юм. Эдгээр гурван хөшөөнд сэлэм дүрслэгдсэн байдаг нь Ялалт, Энх тайван, Бүтээн байгуулалтыг бэлгэдэж байгаа юм байна.

 

“Ар тал фронтод” хөшөө нь ажилчин болон дайчин цэргийн дүрсээс бүтсэн байдаг. Ажилчин нь Магнитогорскийн төмрийн үйлдвэрийн зүг, дайчин цэрэг нь Эх орны Дайны гол дайсны зүг харснаар бүтээжээ. Энэ хөшөөний бүрэлдэхүүнд анар-од цэцгийн хэлбэртэй мөнхийн гал багтдаг.

Дайны үед Зөвлөлтөд үйлдвэрлэсэн  нийт танкны хоёрны нэг, зэвсгийн гуравны нэгийг магнитогорскийн металлаар хийсэн статистик мэдээ байдаг тул энэ хөшөөг Магнитогорскт байгуулахаар шийдвэрлэжээ. Урал голын эрэг дээр 18 метрийн өндөртэй хиймэл толгой байгуулж түүний суурийг төмөр бетоноор бэхэлсэн байна. Энэ хөшөөг Ленинградын хөшөө баримлын үйлдвэрт хийж 1979 оны 6 дугаар сарын 29-ны өдөр нээсэн байна. Аугаа Эх орны Дайнд ЗХУ-ын Баатар цол хүртсэн магнитогорчуудын нэрсийг бичсэн хүний өндрийн хэмжээтэй хоёр хана хөшөөний бүрэлдэхүүнд багтдаг. Түүнчлэн Эх орны Дайнд амиа алдсан магнитогорчуудын нэрсийг (14мянга гаруй нэр) сийлсэн хоёр гантиг гурвалжинг хөшөөний нэмэлт болгож 2005 оны 5 дугаар сарын 9-нд нээжээ. Хөшөөг барималч Л.Н.Головницкий, архитектор Я.Б.Белопольский нар урласан ба өндөр нь 15 метр, жин нь 83тонн бөгөөд хүрэл, гантигаар хийсэн.

 

 “Эх орон дуудаж байна” хөшөө нь дэлхийн хамгийн өндөр хөшөөнүүдийн нэгт тооцогддог.  Сталинградын тулалдаанд зориулсан дурсгалт цогцолборын цөм нь бөгөөд гартаа сэлэм барьж тэмцэлд дуудаж буй эмэгтэйг дүрслэн харуулжээ. 

Эх орон дуудаж байна” хөшөөг цутгалтын залгаас холбоосгүй хийхийн тулд тасралтгүй цутгаж хийсэн тул цав огт гараагүй гэдэг. Төмөр бетоноор хийсэн бa 5500 тонн бетон, 2400 тонн төмөр хийц орсон байна. Хөшөөний сэлмийг 30 метрийн урттай, 14 тонн жинтэй болд гангаар хийжээ. Энэ баримлыг 26 метр зузаан суурин дээр байрлуулсан хэдийч ердөө хоёр метрийн өндөртэй тавцан газрын дээр харагддаг. Энэ хөшөөг 1967 онд нээсэн байна. Барималч Е.В. Вучетич, инженер Н.В. Никитина нар урласан ба өндөр нь сэлэмтэйгээр 85 метр,сэлэмгүйгээр 52 метр, жин нь 8000 тонн. Хийц нь төмөр бетон болон болд ган. Цогц, үргэлжилсэн санааг илэрхийлсэн гурвалсан хөшөөний дундах нь болох

Ар тал фронтод” хөшөөнд ажилчны дайчин цэрэгт шилжүүлж буй хүчит сэлмийг Сталинградад өргөж, “Чөлөөлөгч дайчин” Берлинд буулгасан энэхүү санааг эдгээр хөшөөгөөр илэрхийлсэн байна.

 

Сэтгэгдэл бичих

    • монгол
    • 2016-08-31

    гайхалтай

arrow icon