Нийтлэл 06 сарын 24, 2015

Монгол ялах уу, ялагдах уу? - Цахим эдийн засаг ба суурь боловсрол

Эдийн засаг сэтгэл хөдлөл дээр, худалдаа сэтгэл ханамж дээр тогтдог. Цахимжсан, үргэлж шинэчлэгдэж, ширүүн өрсөлдөж байгаа өнөөгийн цагт монголчуудад дэлхийн зах зээлд гарах боломж бий. Энэ эрин үед харилцааны чадвар, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж хамгаас чухал. Ийм чадварыг хэн, хаана олгох вэ? Гэр бүл, суурь, дунд боловсрол, ажил олгогч.

Манай улс иргэддээ харилцааны чадвар олгох, ирээдүйд сайн худалдаачин болох боломжийг олгож байна уу? Үгүй. Дөчөөс тавин хүүхэдтэй ангид бусдаас түрүүлж дуугардаг сэргэлэн хэд нь л өөрийн ойлгож байгааг амаар, бичгээр шаламгай илэрхийлэх, зөв харилцахыг сурна. Уг нь хүүхэд бүр л ийм чадварыг эзэмшиж дунд сургуулиа төгсөх ёстой юм.

Өсөн дэвжиж байгаа өмнөд хөршийн эдийн засгийг дагаад монголчуудад олон боломж бий болж байна. Харамсалтай нь бид нар энэ боломжийг ашиглах чадалгүй байна. Гадны хэдэн компани, төсөлд сайн суурь боловсролтой, гадаадын их, дээд сургуульд сурсан цөөхөн хэдэн монгол залуус маань ороод монголын шилдэг боловсон хүчин үндсэндээ дуусаж байна.

Дотоодын компаниудыг гадаад зах зээлтэй холбож хөгжүүлье, англи хэл гэж шаардахгүйгээр орчуулагч давхар ажиллуулъя гэхээр монгол хэлээрээ шаламгай, оновчтой бичдэг, соёлтой харилцдаг мэргэжилтэн, мэргэжилтний туслах олох сорилттой тулгарч байна. Үйлчлүүлэгчтэй мэргэжлийн харилцаж, соёлтой үйлчилгээ үзүүлэх хөгжсөн орны жишгийг бизнес эрхлэгчид ажилтнууддаа зааж өгч болно. Харин тэдний суурь боловсролоор олж аваагүй өөрийн санааг бичгээр илэрхийлэх, бичих чадварыг нөхөж олгох боломжгүй. Ажиллах хүч, нөөц боломжиндоо тааруулж монголын компаниуд ажил, үйлчилгээ авна. Ажиллах хүчгүй, нөөцгүй бол компанийн бизнес өсөхгүй, өргөжихгүй. Өөр илүү авхаалж самбаатай, ажиллах хүчтэй улсын компаниуд бидний аман дээр орж ирсэн шар тосыг шүүрэн авах болно. Ингээд манай улс өрсөлдөх чадваргүй, өсөн дэвжих боломжгүй байсаар байх болно. 

Цахимжсан эдийн засгийн өнөө цагт урьд хараагүй, хэзээ ч уулзахгүй зөвхөн имэйл хаяг, нэрээр нь мэддэг хүмүүстэй худалдаа хийж байна. Энэ цаг үед бид, манай улсын компаниуд өөрийгөө таниулах, үнэлүүлэх нэрийн хуудас бол бичгийн чадвар. Эх хэлээрээ сайхан бичдэг болбол гадаад хэлээр мөн л адил чанартай бичнэ.

Хэдий чинээ уншина, төдий чинээ бичгийн чадвар дээшлэнэ. Уншсан зүйлийнхээ тухай бусдад ярьж, өөрийн санааг бичгээр илэрхийлж дасгал хийж байж бичгийн чадвартай болно. Бичгийн чадварыг бага балчираас эхэлж, сайн багш нараар заалгаж, удирдуулж, багш нар нь хүүхэд бүртэй тулж ажиллах боломжтой орчинд уйгагуй уншиж, ярьж, бичиж байж сурна.

Ангидаа дѳчѳѳс тавь, нэг ширээнд гурваас дѳрвүүлээ, ном сурах бичгийн чанар болон багшийн ур чадвар, сурах орчин гэх мэт олон бэрхшээлийн дунд монголын хүүхдүүд сурч байна (http://www.trends.mn/n/3509). Энэ хүүхдүүд бичгийн чадвар сурч, бүх дэлхийтэй холбогдож үйлчлүүлэгчтэй харилцах чадалтай болох уу?  Монгол Улсынхаа эдийн засгийн харьцангуй хараат бус байдлыг дэлхийн олон оронтой худалдаа хийх замаар хангах боломж маань үүгээр хязгаарлагдаж байна. Бодит байдал ийм байхад сайхан ирээдүйн тухай дэврүүн сэтгэлээр ярьвал гэнэн тэнэгийн шинж.

Иргэддээ чанартай суурь, дунд боловсрол олгох, шинээр сургууль барих, сайн багш нарыг бэлтгэх тухай өдөр бүр ярьж, шийдвэртэй алхам хийж байж манай улс хөгжинө. Заримдаа зориудаар монголчуудад гэнэн мөрөөдөл өгч, манлайлагчид, шилдгүүд олноор гаргаж ирж хоосон найдвар тарааж, жирийн иргэний хүүхдүүдэд санаатайгаар боловсрол, боломж олгохгүй байж байгаад өөрсдийнхөө хүүхдүүдэд улс орноо өмчлүүлэх феодолжсон заль яваад байдаг юмуу гэсэн хардлага ч төрнө. Манай хэд ч хардуулах ажлаа хийчихээд байдаг юм шиг байгаа юм.

Сэтгэгдэл бичих

    • Bichgiin hun
    • 2015-06-30

    Хvн бvрийн амны уншлага болсон санаа л байна. Бичгийн чадвартай хvний тухай хендсен бол еерее vлгэрлэх нь битгий хэл, санаагаа цэгцтэй гаргаж ирээгvй, vг найруулга нь ядуу, агуулга нь энд тэнд vсжиж замбараагvйтсэн, галзуу хvний едрийн тэмдэглэл шиг, логикгvй бичсэн байх юм. Яг хэлэх гээд байгаа чинь тодорхой байж гэмээнэ, сая юм бичиж сурна. Та бичсэн сэдвийнхээ тов тодорхой золиос юм байна гэдгийг хараад еревдев. Vлгэрлэх л хэрэгтэй дээ. Vг, найруулга чинь хунд vзvvлэхэд ичмээр ч дамшиг юм даа, хеерхий. Бичих дуртай бол чи яав ч бvтэхгvй.

    • Зочин
    • 2015-06-26

    Tani yarij bgaa zuiliin sanaag oigoloo Gehdee zochon biznesiin utgaar l hun saihan bichij surdag gesen asuulgaar handaad bhiim bol mash buruu tegeed ch ooriin tani bichvert nairuulgiin aldaa neleed baihiim aa anhaaraarai

    • Зочин
    • 2015-06-26

    zuv zuv

arrow icon