Нийтлэл 09 сарын 06, 2015

Хүмүүс яагаад Сирээс дүрвэх болов?

Сирээс дүрвэгсдийн цуваа Европыг хэрж, амиа төлсөн бяцхан хүү элэг эмтрэм зурагаар дэлхий дахиныг хүмүүнлэг дэлхий өөд уриалан дуудаж буй өдрүүд. Яагаад дайн ингэтлээ газар авч, яагаад ийм олон хүн эх орон газар нутаг гэр орноо орхин дүрвэх болов? 

Сири нь тусгаар тогтносон улсуудын дунд харьцангуй шинэ гишүүн агаад 1920-оод онд Европын их хүчнүүд хэд хэдэн этник үндэстний болон шашны бүлгийг хольж хутгах замаар байгуулсан түүхтэй. 1970-аад оны сүүлээс хойш тэдгээр жижиг бүлгийн нэг болох Шиа Алавитийнхэн буюу Ассадууд харгис дарангуйллын гараар энэ улсыг удирдаж ирсэн. Башар ал-Ассад 2000 оноос хойш эрх мэдлийг атгаж буй.

Башарын дэглэм тогтвортой харагдаж байсан ч Арабын Хавар эсэргүүцэл эхлэхэд тийм биш байсан нь тодорхой болсон юм. Хүн амын хамгийн том бүлэг болох Сунни Арабууд үргэлж хоёрдогч байхаас, Сирийн коррупц, харгислал, тэгш бус байдлаас залхаж дууссан байж. Тэр хавраа эсэргүүцэл эхэллээ.

Гуравдугаар сарын 18-нд Сирийн хүчний байгууллага өмнө зүгийн Дераа хотод энх тайван замаар жагсаж байсан эсэргүүцэгчид рүү гал нээж гурван хүний амь үрэгдсэнээр, эсэргүүцэл ширүүсч, түүнийг дагаад хүчирхийлэл ч нэмэгдэв. Ассадын цэргүүд жагсагчдыг буудаж, идэвхтнүүдийг хулгайлж, тамлаж, тэр байтугай хүүхдүүдийг хороох болжээ.

Эцэстээ Сирийн иргэд өөрсдийгөө хамгаалахын тулд зэвсэг барихаас өөр аргагүй байдалд хүрсэн билээ. Ассадын дэглэмийг орхиж гарагсад иргэдтэй нэгдэв. 2012 оны эхэн гэхэд эсэргүүцлийн жагсаал иргэний дайн болж хувирав. Ассад хэрцгий түрэмгий хүч ашиглан бослогыг дарах бодлого барьж, засгийн газрын зэвсэгт хүч хүн амын аль ч хэсгийг ялгалгүй бөмбөгдөж, дэлбэлэх болов.

Тэрээр Сирийн исламын шашинт олонхи болох Сунни бүлгийг нэн ялангуяа хараандаа авч, хомроголон хөнөөх болов. Зорилго нь шашны цөөнхийг өөрийн талд татах, төрийн хүчирхийллийн эсрэг олон нийтийн эсэргүүцлийг шашны дайн болгон хувиргаж, зөрчлийг шашинжуулах, шүтлэгтэн хоорондын зөрчлийг хурцатгахад оршиж байлаа. Энэ нь хэт даврагсдыг босогчдын талд гаргаж, дэлхий дахин Ассадын ялагдлаас айхад хүргэх үр дүнтэйг тэр мэдэж байв.  

Ассад санасандаа хүрчээ. 2013 он гэхэд хамгийн хатуу сахилт Сунни мусалменчууд Саудын Араб болон Катар зэрэг мөн урсгалыг шүтдэг орнуудаас дэмжлэг авдаг Ассадын эсрэг хамгийн гол дайчид болж ирэв. Харин Ираны Шиагийн засгийн газар Ассадыг мөнгө, зэвсэг, цэрэг дайчдаар хангаж байв. Ингээд энэ дайн нэг талаар Шиа ба Сунни урсгал хооронд дэгдсэн Ойрх Дорнодын шашны дайн болж хувирчээ.

Энэ зуур 2007 онд томхон ялагдал хүлээсэн Ирак дахь Сунни урсгалын хэт даврагсдын ал-Каеда бүлэглэл дахин бэхжих ажлаа үргэлжлүүлж байв. Энэ бүлэглэл Ассадын дэглэмийн эсрэг томхон хүч болж, хожим нь хойд Иракийг ISIS хэмээх шинэ нэрийн дор хяналтдаа авав.

Ийнхүү 2014 он гэхэд Сири улс засгийн газар, босогчид, ISIS, тусгаар тогтнолын төлөө өнө удаан тэмцэж ирсэн этник цөөнх Күрдүүд болж хэдэн хэсэг хуваагджээ. Эргээд эвлэх аргагүй шаазан шиг болсон байв. Иргэд дайны хөлд хамгийн их үрэгддэг, Сирийн иргэд бүүр ч ихээр үрэгдэж байна.  Ассад тэднийг баллон баллон бөмбөг, химийн зэвсгээр бөмбөгдөж, ISIS болон бусад бүлэглэлүүд хот тосгодыг эзэлмэгц хүний ёсноос гадуур харгис, хэрцгий хүчирхийллийн галаар хяргах болов.

250 мянга орчим хүн амь үрэгдэж, хүн амын тал нь гэр орноо орхиж, 4 сая нь цагаачлан дүрвэж байна.

Ихэнх дүрвэгсэд ойр орчмын орнуудаар ядуу, бөөгнөрсөн хуаранд орогнож дуусна. Эргээд харих итгэл бараг байхгүй гэр бүлүүд Европт шинэ амьдрал хайн бэдрэх авч тэдний энэ аян үнэтэй, тодорхой бус, ихэнхдээ амь насыг нь авч одсоор.

Ийм их эрсдлийг үүрээд ч болов дүрвэж байгаа нь ямархан хэмжээний аймшиг, гамшгаас зугтаж байгааг нь, хонгилын үзүүр дэх гэрэл хэчнээн бүрхэг, хэчнээн хол ч хамаагүй үр хүүхдийнхээ төлөө өөр ирээдүйг эрэн хайх итгэл найдварыг нь харуулнам.

Эх сурвалж: vox.com

Дээрх нийтлэлд Сирийн дотоодод өрнөсөн зөрчлийг тоймлосон буй. Бусад улсын оролцоо, зэвсэг хангамжийн талаар эндээс уншина уу. 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-09-07

    үүний гол буруутан АНУ. Эсэргүүцэгчдийг нь зэвсэглээгүй бол ийм асуудал үүсэхгүй л байсан.

arrow icon