Нийтлэл 12 сарын 16, 2015

Ипотекийн зээлийн орчин энэ ондоо багтаад эргэж сэргэх найдвар байна

Үндсэн хуулийн цэцээс үл хөдлөх хөрөнгийн барьцаатай холбоотой нэр бүхий хуулийн зарим заалтыг хүчингүй болгосонтой холбогдуулан арилжааны банкнууд ипотекийн зээл болон бусад төрлийн  зээлийг түр зогсоогоод байгаа. Энэ төрлийн маргааныг тойрсон үйл явдлын өрнөл болон цаашид зээл нэгмөсөн зогсох эсэх тухай мэдээллийг цаглабар болон 8 хувийн зээл тэр чигтээ зогсох уу нийтлэлээр хүргэсэн. Өнөөдөр нэр бүхий банкны удирдлагын багаас энэ асуудлын цаашдын явц, шийдлийн талаар зарим тодруулгыг авлаа. 

 -Зээл олголт зогсоод байгаа гэж үнэн үү? Цэцийн дүгнэлт зээлийн эрсдэлийг тийм ихээр хөндсөн гэсэн үг үү?

-Үнэн, ерөөсөө аливаа үл хөдлөх хөрөнгийг зээлийн баталгаа болгох эрхзүйн боломжгүй болчихлоо. Банкинд барьцаанд байгаа хөрөнгө давхар барьцаалах, худалдах боломжтой болохоор нэг хөрөнгө тойрсон талуудын маргаан, шүүх зарга гээд хэцүү асуудал олноор бий болно.

-Цэцийн талаас хэн ч барьцаалсан, өмчилсөн бай барьцааны хөрөнгийн хувьд улсад бүртгэлтэй хөрөнгө, банкны барьцаанд хэвээр байна. Ямар нэг илүү, нэмэлт эрсдэл үүсэхгүй гэдэг тайлбар хэвлэлийн бага хурлаар өгсөн. Энэ талаар таны бодол?

-Хөрөнгө давхар барьцаалаад байхад эрсдэл өөрчлөгдөхгүй байж болох уу, шүүхийн процедур хэр удаан билээ. Нэг хөрөнгө тойроод шүүх зарга болоход л банкны бизнест маш их ачаалал, өртөг үүснэ.

-Тэгвэл худалдах, барьцаалах, шилжүүлэх гэх мэтийг ялгаж салгаад эрхзүйн зохицуулалт хийх ёстой биш үү? Давхар барьцаалах дээр хамгийн их асуудал үүснэ гэж ойлгож болох уу?

-Худалдах шилжүүлэхийн хувьд ч ялгаагүй. Гэрээ, бичиг цаасны хатуу тогтсон жаяггүй орчинд банкны барьцаанд байгааг нь мэдэж авах, мэдэхгүй мөнгөө өгчих худалдан авагч гарах гэх мэтээс өгсүүлээд бодит амьдрал хэзээ ч тийм хялбар байхгүй. 

-Одоо тэгээд яах вэ? Эрхзүйн орчинд эргээд зохицуулалт хийгдэх найдвар байна уу?

-Эрхбиш шийдвэр гаргагчид, улс төрийн хүрээнд энэ янзаараа болохгүй нь гэдэг ойлголт, чиг хандлага байгаа.Энэ ондоо багтаад ямар нэг шийдэл, нэмэлт өөрчлөлт хийгдэх байх гэж найдаж байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon