Нийтлэл 12 сарын 22, 2015

Colours of Ostrava - Гангийн үйлдвэр, нүүрсний уурхай, рок фестивал тойрсон бяцхан яриа

Colours of Ostrava гэж нэртэй коксжих нүүрсний уурхай, гангийн үйлдвэр байсан газарт болдог рок фестивалийн тухай төв Европт амьдардаг залуус сонссон байх. Гангийн үйлдвэрийг Dolní Vítkovice гэдэг. 1911 онд баригдсан үйлдвэрийн байгууламж нь зэс голдуу оролцуулж хийсэн тул ган хайлуулах тогоо нь хүртэл зэсэн хадаастай этгээд чамин харагддаг юм билээ. Гангийн үйлдвэрийг барих хөрөнгийг европын бизнес гэр бүл Ротшильдийн оролцоотойгоор анх босгосон ажээ.

Dolní Vítkovice нь XX зууны эхэн үеийн нэн сонирхолтой үйлдвэрлэлийн байгууламж тул UNESCO-гийн дэлхийн өвийн жагсаалтад орсон. Үйлдвэрийн байгууламжийг одоо орчин үеийн уран зургийн үзэсгэлэн, концертын танхимуудтай болгожээ. Ostrava гэж хот нь тийм сайхан хот биш. Ерөнхийдөө манай Улаанбаатар хот маягийн, Зөвлөлтийн үеийн хурдан барьсан бетонон байшингууд голдуу хот.

Гангийн үйлдвэр 1998 онд хаагдсан. Коксжих нүүрсний уурхай нь одоо болтол ашиглалтад байгаа ба уурхайг Lakshmi Mittal гэх дэлхийн тэргүүн баячуудын нэг энэтхэг бизнесмений удирддаг, хувь эзэмшдэг ArcelorMittal гэх олон улсын гангийн тэргүүлэгч компани ашигладаг.

Хэдэн жилийн өмнө нэг рок концертийн үеэр Dolní Vítkovice-г очиж үзсэн. Гангийн үйлдвэрийн төмөр байгууламжийн дунд рок хөгжим янзтай гоё сонсогдоно. Рок хөгжим хаанаас эхтэй вэ? гэдгийг ойлгуулж, сүр сүлд нь хаана байдаг вэ? гэдгийг ой тойнд буутал мэдрүүлж билээ. Рок концертыг үзэх гэж урт үстэй, хар хувцастай залуус цуларсан байсан нь өнөөг хүртэл ийм залуус тийм олноороо байдгийг харуулж гайхшрал төрүүлж, инээд хүргэж билээ.

Dolní Vítkovice нь үйлдвэрийн музей тул ган хайлуулах тогоо, коксжих нүүрс ачиж буулгах байгууламж зэргийг үзэж болно.

Dolní Vítkovice үзээд буцах замдаа Острава хотоос Прага хот орох галт тэргэнд 60 орчим насны эмэгтэйтэй хамт суув. Тэр эмэгтэй намайг герман сэтгүүл уншиж байгааг хараад яриа өдөж, бид хоёр хууч хөөрсөн юм. Эгч Острава хотынх ба социализмын үед гангийн үйлдвэрт ажиллаж байсан юм билээ. Уул гарал нь герман хүн боловч бүүр өвөө эмээгийн үеэс Остравад суурьшсан аж. Жаахан хууч хөөрч байгаад би эгчээс “Танай коксжих нүүрсний уурхайг Энэтхэгийн компани эзэмшдэг юм байна. Чех хүмүүс үүнд дургуйцдэг үү?” гэж асуувал, “Манай улс угаас Европын нэг хэсэг л байсан. Хэн нь хэдэн хувиар юу эзэмшиж байгааг жирийн бид нар ойлгодоггүй. Бид нарт ч энэ нь ямар хүртээлтэй байхав. Социализмын үед ч, одоо ч Острава хотынхон бусад чехүүдээс илүү амьдарч байсангүй. Гэхдээ уурхайн буянаар бид нар ажилтай байсаар ирсэн.” гэж эгч хариулж билээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon