Нийтлэл 01 сарын 13, 2016

Өнөөдрийн эдийн засгийн тойм : 2016.01.13-ны өдрийн эдийн засгийг 90 секундэд

Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд

Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас “Газрын цахим бирж”-ийг ажиллуулж эхэлсэн байна. Одоогоор туршилтын журмаар ажиллаж байгаа тус биржийн журмыг Засгийн газрын хуралдаанаар батлах, мэргэшсэн багийг бэлдэх зэрэг ажил хүлээгдэж байна.

Засгийн газар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. Энэ удаад олборлолтын явцад гарсан овоолгыг дахин ашиглах эрх зүйн орчинг бүрдүүлэх өөрчлөлтийг хуульд оруулахаар төлөвлөжээ. Сүүлийн жилүүдэд нийт 40-45 тонн алт, 13 орчим сая тонн нүүрс, 500 мянган тонн жоншны хүдрийг овоолж, хаясан гэсэн тооцоо гарсан байна.

Хөгжлийн банкны эх үүсвэрээс жижиг, дунд үйлдвэрт олгох зээлийн хүүг 9 хувиар тооцохоор болсон байна. Үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор болсон юм.

Орон сууцны үнийн индекс 2015 оны 12 дугаар сард 5.5 хувьтай гарсан байна. Үүнийг өмнөх сартай харьцуулахад 1.1 хувиар, жилийн өмнөхтэй харьцуулахад 11.3 хувиар буурсан үзүүлэлт болж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн Орон Сууцны Корпорацийн захиалгаар Улаанбаатар болон орон нутагт барьж ашиглалтад оруулсан 929 айлын орон сууцыг Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon