Нийтлэл 01 сарын 28, 2016

Хар тамхитай хэрэглээ талаас нь тэмцэх хэрэгтэй

Олон улс түүхийнхээ явцад төрөл бүрийн хар тамхины хэт хэрэглээнд нэрвэгдэж, тэр хэт хэрэглээнээсээ ангижирсан байдаг. 19-р зууны дунд үеийн Манж Чин улсын опиумны хэт хэрэглээ, АНУ-ын 20-р зууны дунд үеэс кокаин, героин, сүүлийн үед метамфетамин, крак героин зэрэг синтетик хар тамхи зэрэг бодисуудын хэт хэрэглээ нь өсдөг, тархдаг байдлаас харахад хар тамхины асуудал нь ямар ч нийгэм, аль ч цаг үед байсан, байгаа, байсаар ч байх сэдэв юм. Харин тэр хэт хэрэглээ нь тодорхой хугацааны дараа буурдаг зүй тогтол нь юу вэ, яаж ашиглаж сурах вэ, буурч эхлэх тэр үеийг хэрхэн ойртуулах вэ? Монголд  хар тамхины хэрэглээ өсөлттэй байгаа өнөө үед энэ нь чухал сэдэв юм. 

Нийгэм дэх хар тамхины хэрэглээний өсөлт нь тухайн нийгмийн социологийн, эдийн засгийн эмзэг байдлын хөрсөн дээр буусан физиологийн үзэгдэл гэж үзэж болох байх. Харин хэрэглээ хар тамхины хор таашаалаасаа хэтэрснийг ойлгосноор буурч эхэлдэг гэж боддог юм. Монголд хар тамхины хэрэг сүүлийн үед их гарч байгаа нь хэрэглээний өсөлтийн шатанд байгаагийн шинж. Харин хар тамхины тухай, хор хөнөөлийн талаар мэдээлэл байхгүй байгаа нь хор хөнөөл гарах хугацааг уртасгах болно. Хүүхэд залуучуудын дунд хар тамхины талаар мэдээлэл хангалттай байгаа эсэх талаар 2010 онд 'Монголын өсвөр үе, залуучуудын дунд хар тамхи, мансууруулах бодисийн хэрэглээ,ойлголт' танадалт судалгааг Мансуурлын эсрэг үндэсний төвөөс хийсэн байна.  Энэ судалгаагаар хүүхдүүдийн хар тамхины талаарх мэдлэг хангалтгүй гэж дүгнэжээ.

Хар тамхитай тэмцдэг хууль хяналтынхан ч гэсэн мэдээлэл түгээх шаардлагатай талаар бичдэг.  Гол хэрэглэгчид нь хор хөнөөлийнх нь талаар зөв мэдээлэл байхгүй байгаа нь гэнэдэх, гэмт хэрэгтнүүдэд хууртаж хэрэглэх, өөрсдөө гэмт хэрэгтэн болох үндсийг тавьж байна.

Үүнээс гадна жижиглэнгийн борлуулагчдыг барьсан ч гэсэн хэрэгцээ нь байгаа учир хар тамхи бөөний нийлүүлэгчид нь ямар нэгэн байдлаар борлуулалтын шинэ арга зам олсоор байх болно. Харин хүүхдүүд гэмт хэрэгтнүүдийн мэхэнд орохгүй, эцсийн хэрэглэгч болох нөхцөлийг нь бууруулж чадвал хамаагүй үр дүнтэй тэмцэл болох юм. Энэ талаар нийслэлийн боловсролын газар хар тамхины сэдэвтэй сургалт зохион байгуулдаг ч ерөнхий хүний эрхийн сэдвийн хүрээнд явагддаг болохоор хүүхдүүдэд хангалттай мэдээлэл хүргэж чадахгүй байна. Энэ талаарх сургалтыг ЕБС-н хөтөлбөрт оруулж цагдаа, сэтгэцийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар сургалт боловсруулж, хүүхдүүдэд хичээл заах хэрэгтэй. 

Эмч нар зарим хүмүүс мансуурах хүсэлтэй, донтох илүү өндөр магадлалтай байдгийг хүүхдүүдэд тайлбарлахад үүрэг нь оршино. Сэтгэцийн эрүүл ахуй талаас нь яаж мансуурах хэрэгцээ гаргахгүй байх талаар, донтолтын хор хөнөөлийн талаар тайлбарлаж, донтолтын шинж тэмдгүүд юу байдаг, ойр дотны хүмүүс аливаа бодисонд донтож байвал яах талаар хүүхдүүдэд сургах хэрэгтэй.

Харин цагдаагийнхны үүрэг бол хар тамхины наймаачид хүүхдүүдийг яаж хуурч мансууруулах бодис хэрэглүүлдэг, яаж сэргийлэх, хэнд хэлэх талаар мэдээлэл авах нь чухал. Нийслэлийн боловсролын газраас энэ бүгдийг зохицуулах ёстой.  

Ийм сургалтыг тогтмол явуулж чадвал зөвхөн хар тамхины хэрэглээг бууруулаад зогсохгүй өөр дам эерэг үр дүн ч гарна. Монголд 2014 онд эрэгтэй хүмүүсийн амиа хорлолтын тоо нь эмэгтэйчүүдийнхээс 4.7дахин их байжээ. Эмэгтэйчүүд амиа хорлохдоо үр дүн муутай арга хэрэглэдэг нь (эм уух г.м.) энэ тоонд нөлөөлдөг ч эрэгтэйчүүд амьдралд зохицох, бэрхшээлийг давах чадвар сул байгааг харуулж байна гэж бодож байна. Сэтгэцийн эрүүл ахуйн ач холбогдлыг хүүхдүүдэд багаас нь суулгаж өгөх юм бол зөвхөн эрэгтэйчүүдийн сэтгэцийн эмгэгийг сэргийлэхээс гадна бүх нийтийн сэтгэцийн эрүүл ахуйн боловсролыг дээшлүүлж нийгэмд үр өгөөжтэй байх юм. 

Нөгөө талаас хар тамхины тухай ойлголтыг илүү нарийсгавал хор хөнөөл ихтэй төрлүүд дээр нь хууль хяналтынхны анхаарал төвлөрч, хөнөөл багатай олсны төрлийн ургамлын хяналтад хөрөнгө зарахгүй, тэрийг хэрэглэсэн хүмүүсийг гэмт хэрэгтэн болгохгүй байх талаар дэвшил гарах байх гэж бодож байна. Цаашид  хар тамхины хэрэглээ нь Монголд хуулиар зохицуулагдаж, татвар төлдөг энгийн бизнес болох  тал руу хандахыг ч үгүйсгэхийн аргагүй.

Хар тамхитай зөвхөн хууль, хүчний байгууллагын чиглэлээр тэмцээд дийлдэхгүй нь ойлгомжтой. Хар тамхитай сэтгэцийн эрүүл ахуйн үүднээс бас хандах нь зайлшгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүний хамгийн эхний алхам нь зөв, тэнцвэртэй, мэргэжлийн мэдээллийг зорилтот бүлэг болох хүүхэд, залуучуудад аль болох хурдан хүргэхэд оршино гэж бодож байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon