Нийтлэл 02 сарын 04, 2016

Өнөөдрийн эдийн засгийн тойм : 2016.02.04-ний өдрийн эдийн засгийг 90 секундэд

Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд

АНУ-ын “Heritage Foundation” байгууллагаас “Эдийн засгийн эрх чөлөөний индекс”-ийг танилцууллаа. 2016 онд Монгол Улсын "Эдийн засгийн эрх чөлөөний индекс" 59.4 нэгжээр хэмжигдэж, дэлхийн 178 орноос 100 дугаар байрт жагссан байна. Энэ нь өнгөрсөн оныхоос дөрвөн байраар ухарсан үзүүлэлт боллоо.

Газрын тосны салбарын тэргүүлэгч компаниудын олон арван жилийн туршид хадгалж байгаа зээлжих өндөр зэрэглэлүүдийг үнэлгээний “S&P” агентлаг ээлж дараалан бууруулж эхэллээ. Даваа гарагт “Shell” тэргүүтэй Европын олборлогчдын зэрэглэлийг шинэчилсэн бол сүүлийн 30 жилд өөрчлөгдөөгүй байсан “Chevron”-ийн "AA" зэрэглэлийг нэг түвшнээр бууруулжээ.

Дэлхийн 100 гаруй улсад 5000 гаруй зочид буудлын сүлжээг эзэмшигч “InterContinental Hotels Group” Монгол Улсад салбараа нээхээр болоод байна. Тус группын томоохон брэнд болох “Holiday Inn” зочид буудлын франчайзингийн эрхийг “Макс” групп эзэмшиж, энэ оны III улиралд буюу АSЕМ-ийн дээд хэмжээний уулзалтаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Иргэн болон хуулийн этгээдийг баталгаажуулах зориулалттай цахим гарын үсгийг иргэдэд ирэх гуравдугаар сарын 1-нээс, хуулийн этгээдүүдэд дөрөвдүгээр сарын 1-нээс олгохоор болсон байна.

Ойрын таван жилд багтаж гэр хорооллын халаалтыг нүүрсгүй горимд бүрэн оруулах төлөвлөгөө гаргахыг УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооноос Засгийн газарт чиглэл болголоо.

Сэтгэгдэл бичих

arrow icon