Нийтлэл 02 сарын 14, 2016

Cекс борлуулалт (2)

Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг завхай, зайдангаар нь дуудна. Эмэгтэйчүүд садарлвал улс сүйрнэ гэж эрчүүд нь айлдана. Эрэгтэйчүүд үнэхээр тийм жигшмээр амьтад уу? Эмэгтэйчүүдийн бэлгийн амьдрал нь улсын аюулгүй байдалтай үнэхээр шууд холбоотой юу? Эсвэл энэ асуудалд бодолцох ёстой ямар нэгэн өөр хүчин зүйл байна уу?

Бүгд үржихийг хүснэ

Ричард Докинс “Хувиа хичээсэн ген” гэдэг номондоо бичсэнээр бол амьд организм болгон нь зөвхөн өөрийн удмын үржлийг хариуцсан зуурдын бүтэц байдаг бөгөөд амьтныг цаанаас нь удирдаж байгаа жинхэнэ “эзэн” нь түүний ген гэж үзсэн байна. Ийм туйлын үзлийг хэтэрхий явцуу гэж үзлээ ч цаана нь байгаа үндсэн санаа буюу

“Бүх амьд амьтны үйлдлийн угт аль болох хурдан, олон үржиж удмаа үлдээх сэдэл байдаг”

гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу. Галзуугийн вирус хүртэл үржих хүсэлтэй. Үржихийн тулд тээгч амьтныхаа шүлсээр нь ялгарч, араншинг нь өөрчилж бусад амьтан руу дайрахад түлхдэг.

 

Вирус, бактери нь энгийн хуваагдлаар үрждэг. Энэ нь хялбар, хурдан гэх мэт давуу талтай үржлийн арга боловч  халдвар, гэмтэлд эмзэг,  устахад хялбар, хүмүүс бидний уудаг эмэнд устахаар болгодог. Жишээ нь  хүнд байдаг, төрөлхийн дархлаанд үүрэг гүйцэтгэдэг TLR гэх рецепторууд нь бактерийн хананы энгийн загварыг таньдаг бөгөөд үүнтэй адил үүрэгтэй рецепторууд одоогийн ялаанд  хүртэл байдаг байна.

Ийм эмзэг нөхцөл байдлыг даван туулахын тулд байгальд амьтдын удмын материалыг тогтмол хольж, клон бус амьтан гаргах үржлийн арга хувьсаж бий болжээ. Анхны хэлбэр нь мөн л бактериудад үүсч, хоёр нас бие гүйцсэн бактерийн хооронд удмын материалыг зөөдөг фааг гэх бүтэц бий болов. Одоо болтол бактериуд энэ аргаар удмын өөр материал шинээр олж авдаг бөгөөд антибиотикт тэсвэртэй чанар тараадаг фаагууд хүртэл байдаг байна. Үржлийн энэ арга нь харьцангуй дэвшилттэй, байгальд олон эст амьтан үүсэх боломжийг олгов. Гэхдээ популяцийн эмзэг байдлыг бүрэн шийдэж чадаагүй болхоор хувьслын нөлөөгөөр бэлгийн үржил бий болжээ.

Бэлгийн буюу шинэ амьтан үүсэх болгонд өөр өөр амьтны удмын материал холилдож, өвөрмөц удмын материал үүсэх тусам дээрх нийтлэг эмзэг талууд арилна. Хувьсал үргэлжилсээр эр, эм хүйс үүслээ.  Нэгнийх нь удмын бойжилтод зарцуулах хугацаа, чадал нөгөөгөөсөө өөр болох тусам хүйсүүдийн хоорондын нөхөн үржлийн стратеги асар өөрчлөгдөв. Ялангуяа хүнд асар их ялгаатай байдаг. Эхлээд эмэгтэйн үржлийн тухай товч тоймлоё.

 

Эмэгтэйчүүд хэнтэй сексдэх хүсэлтэй вэ?

Эмэгтэй хүний нөхөн үржлийн хэрэгцээний үүднээс харах юм бол хоёр том шаардлага байдаг. Эхнийх нь сайн удмын материалтай эцэг олох (хүүхдүүд нь ирээдүйд үржих магадлал сайтай). Дараа нь тэр хүүхдээ сайн асрамжилж, ирээдүйн эцэг эх болгон бойжуулах чадвартай эцэг. Даанч энэ хоёр шалгуурыг нэг зэрэг хангах эрэгтэй цөөн байдаг. Тэгэхээр, зарим биологичдийн үзэж байгаагаар, эмэгтэй хүнд дээрх хоёр чанарын давуу талуудыг нэг дор хүртэх нөхөн үржихүйн өвөрмөц зохилдолгоо үүссэн байдаг байна. Энэ онолын дагуу жишээ нь эртний нийгэмд, тайван нөхцөлд амьдарч буй эмэгтэй хүн нөхөн үржлийн хамгийн боломжийн вариантыг сонгохын тулд халамжтай, гэхдээ удмын матераил муутай нөхөртэй хамт амьдарч, тэр хоорондоо сайн удмын материалтай, гэхдээ халамжгүй өөр эрэгтэйгээс хүүхэдтэй болж халамжтай нөхрөөрөө өсгүүлэх зохилдолгоо үүссэн жишээ байдаг аж. 

 

Сайн удмын материал гэж юу вэ?
Сайн удмын материал гэдгийг чанартай ген, өвөрмөц ген, нийцтэй ген гэж тодорхойлоод биеийн болон нүүрний симметри буюу тэгш хэмт байдлаар хэмжиж үзэж болдог байна. Нэг хүний нүүрийг компютерээр засаад асимметрик буюу тэгш хэмийг нь алдуулахад  л эмэгтэйчүүдийн анхаарал татагдах байдал буурч байгааг ажиглаж болдог. Түүгээр ч барахгүй, удаан хамтран амьдарч байгаа хосуудыг туршихад ч дээрхтэй адил үр дүн гарчээ. Ялангуяа, хос нь тэгш хэмгүй нүүртэй тусмаа сайн удмын материалтай хүний зурганд илүү өндөр оноо өгдөг байна. Эмэгтэй хүний бэлгийн мөчлөгийн өөрчлөлтийн дагуу сайн удмын материалд татагдах байдал нь ч өөрчлөгддөг болохыг нэг бус судалгаа харуулдаг. Лютейны фаазын оргил үе буюу өндөглөж, жирэмсэн болох магадлал өндөртэй үедээ эмэгтэйчүүд тэгш хэмтэй нүүр бүхий эрэгтэй хүний зурганд өндөр оноо өгөх магадлал мөчлөгийн бусад үетэй харьцуулахад өндөр байдаг. Энэ үзэгдэл зөвхөн царайгаар зогсохгүй бас үнэр дээр илэрнэ. Тэгш хэмтэй нүүртэй эрэгтэй хүмүүсийн хувцсыг мөчлөгийнхөө янз бүрийн үед яваа эмэгтэйчүүдэд үнэрлүүлэхэд жирэмслэх магадлал оргил дээр байгаа бол тухайн үнэр тааламжтай байна гэж мэдэгдэх магадлал их байдаг байна. Үржлийн энэ стратеги өргөн дэлгэрээгүй ч хүний нийгэмд байдаг практик юм. Эцгүүдийн 2-4 хувь нь өөр хүний хүүхэд өсгөдөг талаар ч судалгаанууд байдаг. 

Нөгөө талаас, нүүр нь тэгш хэмтэй эрэгтэйчүүд бэлгийн хамтрагчийн тоо дундажаас өндөр байхаас гадна эмэгтэйчүүдийн хувьд зуурдын хос гэж дүгнэгддэг байна.

 

Эрэгтэйчүүд яагаад эмэгтэйчүүдээ харамладаг вэ? 

Хослолын онолын дараагийн нэг баримт нь, эмэгтэй хүн нөхрөө өөр эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсныг мэдээд шаналахаас илүүтэйгээр сэтгэл урвахад илүү их эмзэглэдэг тухай судалгаа байна. Өөрөөр хэлбэл, тэжээгч, халамжлагчаа алдах нь эмэгтэй болон хүүхдийнх нь цаашдын амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг учир илүү их стресс үүсгэж байгаа юм. Эрэгтэй хүний хувьд харин эсрэгээрээ. Эрэгтэй хүнд хос нь өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсныг мэдэх нь илүү стресс үүсгэдэг аж. Цаад шалтгаан нь ч ойлгомжтой. Эрэгтэй хүн хүний хүүхэд өсгөх магадлал байгаа гэсэн үг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эрэгтэйчүүдийн мэдүүлдэг хамгийн том шалтгаан нь ч мөн бодит юм уу хийсвэр хардалт байдаг байна. Тийм учир эрэгтэй хүмүүс гэр, омгийнхоо эмэгтэйчүүдийг нягтлан хянаж, гаднын юм уу өөр эрэгтэй хүнийг өөрийн эмэгтэйд ойртуулахгүй байх нь түүний нөхөн үржлийн амжилтын үндэс болдог гэж дүгнэж болохоор байна. Эрэгтэй хүний өнцгөөс харахад, хосоос гадуур бэлгийн харьцаанд орох нь нөхөн үржихүйн магадлалыг 50-100% нэмэгдүүлж байгаа мөртлөө биологийн хувьд харьцангуй бага зардал гаргаж байгаа учир ийм авир гаргах магадлалтай. Зөвхөн хүнд ч биш, сээр нуруутай бусад амьтад дийлэнх нь хос болон амьдарч байсан ч хосоос гадуурх харьцаанд ордгийг биологичид баримтжуулсан байдаг. Амьдралынхаа явцад зөвхөн нэг эмэгчинтэй нөхөн үрждэг амьтан голдуу шувууны төрлөөр хязгаарлагдаж байгаа нь ийм нөхөн үржлийн стратеги байгальд тийм түгээмэл биш болохыг харуулж байна. 

Дээр дурдсан нь байгаль дээрх нөхөн үржлийн стратегийн зөвхөн нэг төрөл бөгөөд одоогийн бидний нийгэмд тэр бүр зохицохгүй араншин гэдгийг хэлэхэд ч илүүц байх. Гэхдээ хүний тархи хувьслын явцад олон мянган жилийн турш зохицолдож ирсэн дээрх инстинктуудийг үгүйсгэж чадахгүй байх магадлалтай учир нөхцөл байдлыг хүлээж авахдаа бодолцож үзэх ёстой хүчин зүйлс юм. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн нөхөн үржлийн асуудлыг хянах гэж оролдохоо болихгүй. Эмэгтэйчүүдийг гаднын хүмүүстэй нөхцөлдүүлэхийг эсэргүүцэх инстинкттэй байна. Гэлээ гээд энэ нь орчин цагт зөв гэсэн үг бас биш. Эмэгтэй хүн биеэ дааж шийдвэр гаргах эрхийг нь эрэгтэйчүүд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эмэгтэйчүүд нь ч гэсэн эрэгтэйчүүдийгээ завхай, зайдангаар нь дуудахын оронд мэдлэгтэй, зөв аргаар харилцах нь тустай. Цаг үе өөрчлөгдсөн ч байгалийн өвөө тээсээр буй орчин үеийн хосууд нэг нэгнийгээ хардаж хараах, мөшгих биш хувьслын түүх, биологийн инстинктээ ухамсраараа зохицуулж, итгэл, хүндлэл, хайр, халамжин дээр тогтсон хамтарсан амьдралыг байгуулах хэрэгтэй мэт.

 

Холбоотой:

Сэкс борлуулалт 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon