Нийтлэл 02 сарын 26, 2016

Өнөөдрийн эдийн засгийн тойм: 2016.02.26-ны өдрийн эдийн засгийг 90 секундэд

Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болсон байна. Энэ нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс 1.6 дахин их далд хөрөнгө ил болсон гэсэн үг ажээ. Далд эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувьтай тэнцэхээр байна гэж хуучнаар Татварын Ерөнхий газар үзэж байсан юм. Өмнө нь 2008 онд энэ төрлийн арга хэрэглэж, 4.5 их наяд төгрөгийн хөрөнгийг ил болгож байжээ. Үүнтэй харьцуулахад энэ удаад 7.7 дахин их хөрөнгийг ил болгосон байна. 

-Казахстаны “International Media Service” компанийн хийсэн судалгаагаар 2015 онд Монголын медиа зах зээл 12 сая ам.доллар болж, сүүлийн гурван жилийн хугацаанд 2.5 дахин буурсан байна. 

-Засгийн газрын 480 дугаар тогтоолоор улсын нөөцөд 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгож байна. Мөн 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгож байгаа юм.  

-Moody's” агентлаг “Rio Tinto” группийн зээлжих зэрэглэлийг нэг шат бууруулж, ВАА1 болголоо. Хэдийгээр тус компани оны эцэст ногдол ашгаа бууруулна гэж мэдэгдсэн ч энэ нь ханшийн уналтын нөлөөг бууруулахад хангалтгүй гэж “Moody's” үзжээ.  

-Авто худалдааны цогцолбор"-ын эхний ээлж болох 30.4 га талбайд 6375 бага оврын автомашины зогсоол ашиглалтад ороод байна. 

-Холбооны Нөөцийн банкны шинжээчид Төв банкны бодлогын хүүг нэмэхийн өмнө инфляцийн төлвийг тооцох ёстой гэж мэдэгдлээ. АНУ-ын Төв банкны удирдлага гуравдугаар сарын 15-16-ны өдөр хуралдаж мөнгөний бодлогоо зөвлөлдөнө. Шинжээчид энэ хурлаар бодлогын хүүг нэмэх магадлалыг ердөө 10 хувиар үнэлсэн юм. 

-Улсын хэмжээнд бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 60.9 хувь буюу 411 мянга гаруй тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon