Нийтлэл 03 сарын 11, 2016

АМИА ХОРЛОЛТ-ыг МЕДИА-гаар сурталчлахгүй байхад анхааръя!

Амиа хорлох нь дэлхий нийтийн үхлийн 15 том шалтгааны нэгт багтдаг аюулт үзэгдэл бөгөөд (Монгол улсын хувьд 16 дахь том шалтгаан, 2015 онд гарсан нийгмийн хөгжлийн индексээр 100 мянган хүнд ногдох амиа хорлолтын түвшнээр дэлхийд 48-д жагсдаг) насны ангиллаар задлавал 15-19 насны өсвөр насныхны хувьд нэг номерын үхлийн шалтгаан болдог байна. Өөрөөр хэлбэл 15-19 насандаа нас барсан хүүхдүүдээс хамгийн олон нь амиа хорлож нас бардаг гэсэн үг. Манай улсад өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл гутрал, амиа хорлолт юм уу амиа хорлох оролдлого өсөх хандлагатай байгаа талаар мэргэжлийн байгууллагаас саяхан анхааруулга гаргаж байсан. Үүнд гэр бүлийн асуудал, кибер доромжлол, ганцаардал гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг байж таараа ч ямар нэг асуудалтай тулгарсан хүүхэд цаашид бусдад хандаж шийдвэрлэх оролдого хийх үү амиа хорлохоор цаашлах уу гэдэгт масс медиа томоохон нөлөө үзүүлдэг байна.

Медиад амиа хорлолтыг дүрсэлснээс өсвөр насныхны дунд “халдвар” тараахыг(насанд хүрэгсдэд ч нөлөөтэй ч, харьцангуй тэсвэртэй) suicide contagion, сopycat suicide гэхчлэн нэрлэдэг. Хамгийн эмгэнэлтэй нэг жишээ, 1980-аад онд Вена хотод вагоны урдуур орж амиа хорлох талаар зураг дүрслэлтэй мэдээ цацсанаас хойш 3 жилийн дотор мөн аргаар амиа хорлох хэрэг нэмэгдэж, 1987 оноос медиа салбарынхан амиа хорлолтын тухай  мэдээлэх арга замд өөрчлөлт хийх  арга хэмжээ авахад хүрч байжээ. Медиа дүрслэл, хандлагыг өөрчлөх арга хэмжээ хэрэгжүүлээд 6 сарын хугацаанд амиа хорлолт 80 хувь багассан үр дүн гарсан аж. Зөвхөн мэдээ төдийгүй кино, драма, жүжиг , уран зохиол зэрэг бусад агуулга ч ялгаагүй агаад том том зурагтай нүүр мэдээ цацах зэрэг өөрийгөө егүүтгэх арга, аргачлалыг дэлгэрэнгүй, тод томруун үзүүлэх тусмаа сэрэмжлүүлэг биш сурталчилгаа болдог байна. Уламжлалт медиа дээр сүүлийн үед соошил медиа нэмэгдэж, дайран дээр давс нэмэгдэж байгаа гэж хэлж болно. Манай улсад 90-өөд онд гарсан Агшин кино хит болсны дараа нийгмийн ороо бусгаа цаг байсныг хэлэх үү амиа хорлолт огцом нэмэгдсэн гашуун сургамж ч байдаг.

 Энэ талаар  тулхтай судалгаа явуулж зөвлөмж, дүгнэлт гаргасан эрүүл мэнд, их сургуулийн судалгааны бүтээл олон гарч, тэдгээрийн үр дүнгээс медиа салбарт авч хэрэгжүүлснээр олон улсад энэ төрлийн мэдээнд няхуур, мэргэжлийн байр суурьнаас хандах хандлага төлөвшиж иржээ. Сэрэмжлүүлэх, урдчилан сэргийлэх, сэтгэлзүй, учир шалтгааныг тодруулах, шуурхай мэдээлэх, сенсаацлах. Энэ бүхнийг хэрхэн баланслах талаар эрүүл мэнд, мэргэжлийн байгууллагаас сэтгүүлчдэд хандаж гаргасан зөвлөмж, гарын авлага ч зөндөө(Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан англи хэл дээрх зөвлөмж: энд) .

Өнөөдөр гэтэл нэг залуу охин эрдэнэт хүний амь биеэ эрсдэлд оруулж өндөр байшингийн орой дээр зогсож байгаа зурагаар Монголын медиа амьсгаллаа. Вэбүүд, фэйсбүүк, твиттерт тэр зургийг постлохгүй хүн алга, ярихгүй хүн алга. Нэг хүүхэд амиа хорлохоор байшин дээр гарвал сенсаац, нэлээн хэд нь амиа хорловол зүгээр л статистик. Өсвөр насныхны амиа хорлох оролдлого нэмэгдэж байгаа чиг хандлага, учир шалтгаан, сэргийлэх арга замыг хэлэлцэхгүй гэхэд дуу дуугаа авалцан мэдээ, зураг түгээж мянга мянгаараа соошил медиа сахиад сууж байгаа хүүхдүүдэд сайхан сурталчилгаа хийж өглөө.  Цаашид энэ мэт асуудалд мэргэжлийн байр сууринаас, цензуртай, бодлоготой хандаж байх талаар медиа сувгууд болон тэднийг нэгтгэсэн бодлогын холбоод, түүнчлэн хүн бүр гартаа медиа багажтай мэдээлэгч болсон иргэний медиа ч мөн анхаарч үзээсэй гэх бодлын үүднээс үүнийг тэмдэглэв. Амьдрал 10 хувь нь юу тохиолдохоос, 90 хувь нь хэрхэн хандахаас бүрддэг гэх үг бий.  Юу тохиолдох буюу өсвөр насны хүүхдүүдийн амьдран буй орчин нөхцөл 10 хувь нь угаасаа авах юм алга. Аймар орчин бүрдүүлж өгөөд, амиа хорлолт руу 90 хувийн хандлагыг нь чиглүүлсэн шиг сууж байж болохгүй биз дээ, томчууд!!!

Сэтгэгдэл бичих

arrow icon