Нийтлэл 03 сарын 16, 2016

Та ч, таны хүүхэд ч “ДАЛД САХАР”-т хордсоор байна

Сүүлийн жилүүдэд монголд гэлтгүй дэлхий нийтийн асуудал болоод байгаа таргалалт, даралт ихдэх өвчин, чихрийн шижин, хорт хавдрын өвчлөл ихсэж байгааг эрүүл бус хоолны хэрэглээтэй холбон үздэг. Хорт хавдрын улмаас л гэхэд жилд дунджаар 14.1 сая хүн өвчилж, 8.2 сая нас бардаг гэсэн статистик тоо бий. Манай улсад ч гэсэн хавдрын өвчлөл жил ирэх тусам нэмэгдсээр 2013 онд 5255 хүн шинээр хавдартай хэмээн бүртгэгдэж, 3660 өвчтөн нь нас барсан гэсэн үзүүлэлт бий. Ер нь жил бүрийн дунджаас харвал хорт хавдраар өвчилсөн нийт өвчтний 60-70 хувь нь тэр жилдээ нас бардаг. Тэгвэл улс нийгмийн аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд шилжсэн хорт хавдар болон ахимаг насны хүмүүсийн дунд хэвийн үзэгдэл мэт болсон чихрийн шижин өвчнүүдийн гол шалтгаан нь сахарын илүүдэл хэрэглээ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Сахар бол нишингэ, чихрийн манжингаас олон шат дамжлагаар цэвэрлэн гаргаж авдаг цэвэршүүлсэн бүтээгдэхүүн .Цэвэрлэгээг хийх явцад нишингэ, чихрийн манжинд агуулагдаж байсан биологийн идэвхт бодисууд,  эрдэс амин дэмүүд нь бүгд цэвэрлэгдэж сайхан амтнаас өөр зүйлгүй хоосон илчлэг болон хувирдаг. Гэтэл үүнийг хүмүүс өдөр тутмын заавал хэрэглэх хүнс гэж ойлгон ширээн дээр саваар нь тавин цай, кофенд хийж уудаг. Түүнчлэн манайхан талхан дээр нунтаг цагаан сахар дангаар нь түрхэж иддэг нь маш буруу зуршил.

Мөн бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнд хүртэл сахар их, бага хэмжээгээр агуулагдсан байдгийг мэргэжлийнхэн “далд сахаргэж нэрлэдэг.

Тухайлбал хүн өдөрт дунджаар хүнсний бүтээгдэхүүнээс дараах байдлаар далд хэлбэрээр сахарыг хэрэглэдэг.

 

Тэгвэл ДЭМБ-аас  сахарын зохистой хэрэглээг хоногийн нийт илчлэгийн 5% ба хамгийн ихдээ 10%-иас хэтрүүлэхгүй хэрэглэхийг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл хоногт 2000 ккал илчлэг авдаг хүн 25 гр, ихдээ 50 гр сахар хэрэглэх нь зохистой гэсэн стандартыг тогтоожээ. Гэхдээ үүний дагуу хэрэглээгээ хянадаг хүн ховор биз.     

Сахарын хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөө

Төрөл бүрийн чихэрлэг ундаа, үйлдвэрт бэлтгэсэн жимсний нухаш, чанамал, төрөл бүрийн чихэр, амттан зэрэг нь хүүхдийн тань эрүүл мэндийг сүйтгэгч хамгийн том дайсан гэдгийг  эцэг эхчүүд сайн ойлгох хэрэгтэй. Түүнчлэн бага насны хүүхдийн шүд хорхойтох хамгийн том шалтгаан бол сахарын илүүдэл хэрэглээтэй нь шууд холбоотой. Учирлавал сахарын үлдэц шүдэнд наалдсанаар нян үржих таатай орчинг бүрдүүлж, шүд, буйлны өвчинг үүсгэдэг. Мөн бодисын солилцооны алдагдал үүсгэснээр кальцийн шимэгдэлтийг бууруулж, шүдийг хэврэгшүүлдэг зэрэг нь наад захын сөрөг нөлөө юм. Хамгийн анхаарах ёстой нэг зүйл нь таны хүүхэд ойр ойрхон ханиад хүрээд байгаа бол та сахарын хэрэглээгээ нэг анхаарч үзэхэд илүүдэхгүй.

Насанд хүрсэн хүнд үзүүлэх нөлөө

Сахарын илүүдэл хэрэглээ нь өөх тосны солилцооны алдагдалд хүргэж, судасны ханыг нарийсгаснаар зүрх судасны өвчин, цусан дахь инсулины хэмжээг бууруулж чихрийн шижин өвчин үүсгэдэг. Түүнчлэн сахар нь хавдар, зөнөгрөх  зэрэг мэдрэл болоод сэтгэцийн олон өвчний эрсдлийг араасаа дагуулдаг нь батлагдаад байна.

Сахарын хэрэглээгээ бууруулахын тулд 

Сахарын илүүдэл хэрэглээтэй байгаа бол доорх зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэндээ хамгаална уу.

  1. Сахарын агууламж хамгийн өндөртэй бүтээгдэхүүнүүд болох жүүс, гаазтай ундааг цэвэр ус болон сүү, сахаргүй органик шүүсээр солих мөн та худалдан авах гэж буй бүтээгдэхүүний шошго дээрээс уг бүтээгдэхүүний 100 гр тутамд агуулагдах сахарын хэмжээг харж сонголт хийгээрэй.
  2. Торт, амтлаг жигнэмэгийн оронд сахарын агууламж багатай жигнэсэн боов эсвэл төрөл бүрийн жимс болон чихэрлэг ногоог хэрэглэж болно. Чихэрлэг ногоонд лууван, шар, хүрэн манжин, эрдэнэшиш зэрэг ордог.
  3. Чихэр болон төрөл бүрийн амттанг өдөр тутамдаа биш зөвхөн баяр ёслолын үеэр тохируулан хэрэглэх нь сахарын хэрэглээгээ багасгах нэг алхам юм.
  4. Тараг, аарц, хоормог гэх мэт исгэг цагаан идээг хүнсэндээ түлхүү хэрэглэснээр гэдсэн дэх хэвийн бичил биетүүдийг дэмжиж, дархлааг сайжруулдаг.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2021-05-05

    Үүнтэй холбогдолтой суурь судалгаа байна уу

arrow icon