Нийтлэл 06 сарын 08, 2016

Рио Тинто 3 тэрбум ам.долларын бондоо буцаан худалдан авна

Энэ жил компаниуд өөрийн бондыг буцаан худалдаж авах явдал түгээмэл гарч байна. Дэлхийн түүхий эдийн зах зээл сайнгүй байгаа өнөө үед Рио Тинто компани 3 тэрбум ам.долларын үнэлгээтэй өөрийн компанийн бондыг буцаан худалдан авч өрийн дарамтаа багасгах зорилготой байгаа ажээ. Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани сарын өмнө 1.5 тэрбум ам.долларын үнэлгээтэй бондоо худалдан авсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь нийт өрийн хэмжээг бууруулах богино хугацааны хөрөнгийн удирдлагын арга хэрэгсэл юм хэмээн мэдэгдсэн байна. Шинжээчдийн таамаглаж байгаагаар хоёрдугаар сард Рио Тинто компанийн зүгээс илүү уян хатан ногдол ашгийн бодлого баримтлахаар төлөвлөсөн ба 2015 онд орлогын түвшин хоёр дахин буурсаны дараагаар 3 тэрбум ам.долларын өглөгийн хөрөнгийг удирдах зардлыг бууруулах арга замыг эрэлхийлж эхэлсэн гэжээ.

Өөрийн бондыг буцаан худалдан авах явдал зах зээл дээр нийтлэг үзэгдэл болж байгаа бөгөөд түүхий эдийн үнэ доод цэгтээ хүрсэн өнөө үед хөрөнгийн удирдлагаа зохистой хэрэгжүүлж тэсч үлдэх нь компаниудын гол бодлого болсон байна.

Хоёрдугаар сард Англо Америк компани 1.3 тэрбум долларын бондыг худалдан авахаа зарласан бол гуравдугаар сард Genel Energy 750 сая ам.долларыг бондоо буцаан худалдан авчээ. Гуравдугаар сарын дунд үе хүртэлх Европын компаниудын бондоо бэлэн мөнгөөр худалдан авсан нийт дүн 83.5 тэрбум евро болсон нь 2015 оны эхний улирлын дүнтэй харьцуулахад 4 дахин өссөн дүн бол 2014 оны эхний улирлын дүнгээс 8 дахин их дүн ажээ.

Энэ оны эхний үед бондын үнэ уналттай байгаа нь компаниудад бондоо буцаан худалдан авах боломжийг олгосон байна. Хоёрдугаар сард Deutsche банк 5.4 тэрбум ам.долларын бондоо буцаан худалдан авах оролдлого хийсэн нь хувьцаа, бондын үнэ унасан байгаа үед Европын санхүүгийн групп компаниуд томоохон өрийн дарамтаа багасгах бодлого баримталж буйг баталсан үйл явдал болсон юм.

Сэтгэгдэл бичих

arrow icon