Нийтлэл 09 сарын 07, 2016

Rokit Bay-ийн тухай А-Я

Пуужин Баяраагийн тухай А-Я

Авьяаслаг Монголчуудын сезон эхлэхэд яах аргагүй Rokit Bay-гийн тухай яриа өрнөх юм. Энэ залууг Монгол даяар, магадгүй дэлхий даяар таньдаг болж эхэллээ. Rocket Bay байхгүй бол энэ шоунд нэг л зүйл дутах байсан.

Баяраагийн жинхэнэ нэр Одонгийн Баярсайхан. Харин Rocket Bay нэр 3 утгатай. Эхнийх нь Rock it Bay буюу “Доргиогоод өг, Баяраа”. Хоёр дахь нь Rocket Bay- Пуужин Баяраа. Сүүлийнх нь Raw kit Bay буюу хөгжмийн амьд дуугаралт.

Bе брэндийн нүүр царай. Эрх чөлөө тэднийг нэгтгэсэн. Бас залуусын дуу хоолой. Мобиком Rocket Bay-тэй хамтарч ажилласан нь маркетингийн сайн сонголт байв.

Гэр бүл. Тэр эх орноороо бахархдаг. Америкаас ирээд эх орон гэдэг гэр орон юм байна гэдгийг мэдэрсэн гэдэг. Эх хэлээрээ бахархдаг. Уран бүтээлээ хийж байхдаа монгол хэлээ биширдэг. Бас ээж эгч хоёртоо хайртай. Сургуульд ороогүй байхад аав нь нас барж, ганц хүүгийнхээ хүүг эмээ нь хир халдаалгүй өсгөсөн гэдэг. тэр мэдээж эмээгийн хайртай хүү.

Дуучин Нисванисын Амгаатай “Зугаатай байлаа” гэж үглэн залуусыг жинхэнэ хуйлруулсан. Цэлмүүнтэй /Viva/, Уянгатай /Эвдэрхий хүн/, төрийн соёрхолт Д.Болдтой /Үүлэн домог/, Gee, Тулгатай /Микрофоны ард/ зэрэг дуунуудыг хамтран дуулсан.

Есийн тоонд дуртай бололтой  Тэр 9 сарын 9-нд “Хариуцлага” тоглолтооо хийхээр зар тарааж, тасалбар нь хэдийнэ дууссан гэнэ. 

Жүжигчин.Тэр шаггүй жүжигчин. Түүний дэлгэцийн анхны уран бүтээл нь Лос Анжелест 2009 онд бvтээгдсэн “Маргаашгvй” кино байсан. Харин дараа нь "Big fish", "Алтан ус", "Эцсийн зогсоол Э цэг", “Зоорь” зэрэг кинонд тоглоод амжсан.

 Тэр залхуурахгүй. Үүний ачаар л бусдаас ялгарсан. Дууны үгээ бичиж, аяаа зохиож, миксинг, CD-ний cover дизайн, клипнийхээ эвлүүлгийг хүртэл хийчихдэг. Тэр байнга хоёр, гурван ажлыг зэрэг амжуулахыг хичээдэг.

Их уншиж, их бодно.Баяраа эмээтэйгээ номын дэлгүүрээр орж зузаан зузаан номыг хашраадаг байснаа, сartoon network-ын улаан фен байснаа дурсдаг. Зургийн хичээл, англи хэлний хичээл, биеийн тамирт дуртай байсан хүү хэв маягаа эвдэж, бусдаас өөр байхыг хүсэж эхэлжээ.

Концерт. Rockit Bay “Нэг өдрийн хаан” анхны тоглолтоо 2011.11.03-нд UB palace-д хийсэн. Үүнээс хойш яг хоёр жилийн дараа хоёр дахь тоглолт нь Влю Скайн Вегас клубт болж, “Эвдэрхий хүмүүс” цомгийн баяраа “iLoft”-д 2-р сарын 6-нд хийж байлаа. Харин 2015 онд Ве брэндтэй хамтран Дархан-Уул, Дорнод, Ховд аймагт амьд тоглолтоо зохион байгуулж, мянга мянган залуусыг хип хоп урсгалын үнэнч фен болгоод амжив. Харин ТУН УДАХГҮЙ “Хариуцлага” тоглолтоо паркт тэслэнэ…

Луужин буюу зүг чиг нь түүний мөрөөдөл байлаа. Энэ дэлхийд урьд өмнө байгаагүй зүйлийг зохион бүтээгээд баатар болох мөрөөдлөө биелүүлж, яг зохион бүтээгч шиг ажиллаж байгаа. Нийгмийн бүх үзэгдлийг муу хүн болж өөрөөрөө дүр бүтээгээд эргээд нийгэм рүү дуулж баатар болж байна.

Маркетинг. Love is dead гэсэн бичигтэй цамц, бор арьст Гамп, эвдэрхий хүн, Пуужин, үсний засалт, саравчтай малгай гээд түүнийг илэрхийлж болох бүхэн өөрийнх нь санаа байдаг. Тэр хүрч болох зүйлээ мөрөөддөг. Харж байгаа зүйлээ төлөвлөдөг. Төлөвлөсөн зүйлийнхээ төлөө өнөөдрийнхөө амьдралыг эвдэн “хайрцагнаасаа” гарч чаддаг.

Нэг өдрийн хаан” бол Rocket Bay-н нэрийн хуудас юм. Магадгүй Монголын хип хоп ертөнцийг сэрээж, нэгэн шинэ залууг таниулсан бүтээл. Тэр үүгээрээ Татар, Ice top, Люмино, Дижитал, Guys 666, Дайн ба Энх, Gee, 2 хүү, Опозит, Монтареп, Цэцэ, S&I, Click Click Boom, Vanquish, Мөнхийн реп, Quiza,  Баабар, тэр ч бүү хэл Эминэмийг хүртэл баярлуулсан байж болох л юм.

Олон сайн найзаараа бахархдаг. Өөрийнх нь өмнөөс өөрийгөө золиосолж мэдэх найзууд түүнд байдаг гэдэгт итгэдэг.

Өөрт нь зориулагдсан зүйлээ олтол хүн маш олон сонголт хийдэг. Rockit Bay ч мөн адил. ШУТИС-д оюутан байлаа. Дараа нь КТМС-ийн компьютер графикийн ангид орсон. Тэгээд АНУ-д 5 жил сурсны эцэст ирэх ёстой газраа ирсэн.  

Парти буюу фенүүдтэйгээ анх 2015 оны 4-р сард /Mongolian Cover Group/ Нью-Йорк ресторанд хамгийн ойроос нүүр тулан уулзсан. Сошиалд харин жилийн өмнөөс хаяг нээсэн ба анхны жиргээ нь “ene yadiin?” 3-хан цагийн дотор 67 retweet, 140 гаруй like авч байжээ.

Реппер GEE, Rockit Bay хоёр өрсөлдөгчид үү?. Төстэй зүйл олон бий. Хип хоп чиглэлээр дуулдаг. Кинонд тоглосон. Амьдралыг үзэх үзэл, дуулах арга, бусдад үгээ хэлж байгаа нь яах аргагүй тэднийг нэгтгэдэг. Ялгаа нь: Gee толгойд орсноо шууд буулгадаг. Харин Rocket Bay юм бодогдуулж, арай сонирхолтой болгож буулгадаг.

Солиотэй ээээ... Үнэн гоё эсвэл тасарчжээ гэсэн үг. 2015 оны трэнд хэллэг. Яаж хэлэхээс  бас шалтгаална аа. Жаахан хүч нэмээд солиотэй-ээ, хэлэх үггүй болтол алмайрсан үед нүдээ аньж байгаад ссоллиоотэээйй эээ... гэж уянгалуулан хэлнэ.

Тэр үглээд л байвал уурлаж байна гэсэн үг. Нийгэмд болж байгаа, бухимдуулж байгаа бүхнийг ингэж илэрхийлдэг. Сэтгэл нь тогтворгүй үедээ илүү бүтээлч болж, тэгээд супер дуунууд нь төрөн гардаг. Тэр мэдрэмжээ өдөр хоногтой нь савлаж дараа нь уран бүтээлдээ ашигладаг.

Уран бүтээл бол ажлаас арай өөр. Ажил бол мөнгө олох хэрэгсэл. Харин уран бүтээл бол түүний “амьдрах орчин”. Энэ бол түүний нэг өдрийн хаан шиг насан туршийн амьдрал нь.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мод тарих challenge-д Rockit Bay өнгөрсөн жил нэгдсэн. Тэрээд “агаар магаар нь аймаар болчихсон” Улаанбаатарын экологийн асуудалд хувь нэмрээ оруулахын тулд Авьяаслаг Монголчууд шоуны 3 шүүгчээ мод тарих давалгаанд дуудсан билээ.

Форум. Зарим нь санах байх. 2007 оны үед асуулт форумаар тэр од болохдоо “Nevalast” нэртэй байсан бөгөөд энэ нэрээр нь сонсогч фэнүүд нь андахгүй гэнэ.

Хайр гэдэг үг ороогүй хайрын дууг Rockit Bay  зохиолоо. Экс найз охиндоо зориулан “Бид хоёр” гэж дуулав. Дуусаж байгаа дурлалыг үүнээс өөрөөр яаж илэрхийлэхэв гэмээр дуулсан.

Цомог. 2011 онд “Пуужин Баяраа” цомог гарав. Цомгийн “Нэг өдрийн хаан” дуу Монголын хөгжмийн нэвтрүүлгүүдийн жагсаалтыг хагас жилийн турш тэргүүлсэн. 2013 онд “Эвдэрхий хүмүүс” цомог гарч, “Эвдэрхий хүн” дуу нь хамгийн богино хугацаанд youtube-ийн 1,000,000 хандалт авсан монгол клипээр тодорсон. Мөн 2013 оныхоо UBS мюзик Авардсын 5 номинацид нэр дэвшиж, 3 номинаци /шилдэг найруулга, шилдэг зураач, Монголын хамгийн их YOUTUBE хандалттай клип/-ийн шагналыг авч урлагийн ертөнцөд рекорд тогтоов.

Чөлөөт цагаараа кино үзнэ. Бас дота тоглоно. Түүний хип хоп од болох, телевизийн шоунд оролцох хүсэл биелсэн. Харин час хийсэн кино хийх мөрөөдөл нь үлдээд байгаа бололтой. Кино үзэх дуртай ч солонгос сериал нэгийг ч үзэж байгаагүй.

Шивээс. Rocket Bay  баруун мөр, зүүн гарын бугуйндаа содон шивээстэй.

Эмээдээ сайн яваагаа харуулж чадаагүйдээ харамсдаг. Миний эмээ дэлхийн хамгийн цоглог эмээ байсан гэж дурсана. “Манай эмээ хэлдэг байсан” гэдэг үг түүний үгийн санд нэлээд хувийг эзэлдэг.

Юүдэнтэй цамц, малгай бол түүний хобби. Малгайны бүхэл бүтэн цуглуулгатай гэж болно.

Ямар эмэгтэй таалагддаг бол? Олон охид Рокит Бэйн найз охинтойгоо авахуулсан зургуудыг хараад гонсрох шиг болсон. Мэдээж тэр эмээгийнхээ “Миний хүүд ухаалаг эмэгтэй хань болно шүү” гэсэн захиасыг биелүүлэх нь дамжиггүй. Дүр эсгэсэн, бүдүүлэг охидыг тоохгүй гэдгээ хэдийнээ хэлсэн. Өөр юу хэлэхэв, амьдралын утга учир болсон хайртай бүхнийхээ төлөө ТУЛТАЛ АМЬДАР,  БАЯРАА!

Сэтгэгдэл бичих

    • нэргүй
    • 2018-05-02

    үнэхээр гоё

arrow icon