Нийтлэл 10 сарын 03, 2016

Улс төрийн ЛИБЕРАЛИЗМ ба Монголын дүр төрх

Монголын ардчилал нь эргэн сэргэсэн оюун ухааны үр дүн болох нь

Cоциалист төрийн он жилүүдэд Монгол түмний оюун ухааны амин сүнс нь зайлуулагдсан байсан гэж хэлж болно. Харин 1989-1990 онд бусдын ил, далд хүч, эрхэнд жаргаж буй мэт хиймэл оюун сэтгэхүйт, боол мэт үхмэл дүрд хувиргасан хүн сүрэг байхыг хүсээгүй, харин зовсон ч өөрсдийн эрхээр, бор гэртээ богд буюу тусгаар улсынхаа бүрэн эрхт, эрх чөлөөт иргэд, өөрсдөө өөрсөддөө эзэд байхыг туйлаар хүсч, эрх чөлөө, шударга ёсны төлөө боссон билээ.    Ингэж 1990 онд Монгол түмний уугуул оюун ухаан амин сүнстэйгээр эргэж ирэв, энэхүү эргэж ирсэн олон түмний оюуны хүчээр хуучин Монгол шинэ Монгол болов.

 

“Төр, ниймийг удирдан чиглүүлэх хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог МА(Х)Н мөн” гэсэн нь хүчингүй болж, харин     “Төр, ниймийг удирдан чиглүүлэх хүч бол бүхнээс тодорсон ардчилсан онол, үнэт зүйлсийг үйл ажиллагаандаа удирдлага болгодог, олноо түгсэн ухаалаг үзэлт олон түмэн мөн” гэж үзсэн билээ. Гэвч  улс орны хөгжлийн байдал шальдир, бульдир, дороо хий эргэсэн, дампуурлын ирмэгт буй одоогийн байгаа байдал, дүр төрх нь улс төрийн либерализмаас хүсэн хүлээсэн үр дүн мөн үү?

Төрийн хувалзууд түмний зовлон болов,яагаад ? Хаана байна тэр ардчилсан үзэлт мэдлэг чинь, мэдлэгт суурилсан мэргэн ухаан чинь? гэж зүй ёсны үзэл асууж байна.

 

Монголд ухаалаг, сайн зохион байгуулалттай, Үндсэн хуульт ардчилсан нийгэм оршиж байна уу?  

Үндсэн хуульт ардчилсан нийгмийн бүрдлүүд:

・Эрх чөлөөт, тэгш эрхт иргэд: Улсын бүрэн эрхт гишүүн бөгөөд бусдын боол мэт үхмэл хүн биш 

Бурхан хүмүүст нэгийгээ захирах эрх өгөөгүй. (Ж.Локк).

Бусдаар удирдуулж, бусдад хөтлөгдөж явах биш, өөрт заяагдсан оюун ухаандаа эзэн болох ёстой. (И.Кант).

Гагцхүү бие хүний эрх чөлөө, өөрийн үзэмжээр хувь заяагаа сонгох боломж л нийгэм өөрийн бүх чадавхиа шавхан урагшлах нөхцлийг бүрдүүлнэ. (М.Фридман).

・Бие даасан, хараат бус шүүхийн тогтолцоо : Төрийн эрх мэдлийн тулгуур багана, ардчилсан засгийн хэмжүүр, эрх зүйт төр оршихуйн нотолгоо,

・Шударга хууль : иргэний суурь эрх, эрх чөлөөний шударга, тэгш хэрэгжилтийн баталгаа. Шударга  хууль бол түмэн олны хүсэл зориг, төрийн ой санамж, залгамж чанарын дээд илэрхийлэл, харин улс төрийн бүлэглэлийн, хэн нэг эрх мэдэлтний дур  зорго биш.      

Хуулиудыг үйлдвэрлэх нь чухал биш, харин хууль шударга, амьд үйлчлэлтэй байх нь чухал.  Хууль нь иргэдийн амьдралаас зохиомжлогдон бичигдэх ёстой ба ардчилал, Үндсэн хуульт ёс, эрх зүйт төр, шударга ёсны онолын үзэл баримтлал, шалгуур үзүүлэлт,  олон түмний ба төрийн хүсэл зоригийн зохистой давхцлыг олсон нөхцөлд тухайн хуулийг эрх зүйт, шударга хууль гэж ойлгож болно.

・Олон түмний олноо түгсэн ухаалаг оюуны хүч:  Төрийн ой санамж нь саруул сэтгэхийн амин үндэс, дарангуйлалд гарах гарц үл олгох оломгүй далай болно.Олон түмний оюун ухааны агуулга нь улс төрийн намын гишүүдийн олонхоор биш олон түмэн иргэдийн ардчилсан Үндсэн хуульд нийцсэн улс төрийн ухаалаг ойлголт, үзэл санаа байна.

・Ардчилсан нийгэм тогтвортой орших бололцоог бүрдүүлэгч санал нэг тохироо

・ Ардчилсан, шударга тогтолцоо болох суурь бүтэц зэрэг ардчилсан нийгмийн үнэт зүйлс, шалгуур үндэс, тэдгээрийн хэрэгжилт, баталгаа ямар түвшинд байна вэ ?

 

Түмэн олны нүдэнд ил харагдаж байгааг үл харагдаж буй мэт дүр эсгэх ёсгүй

Улс төрийн либерал бодлогыг тээгч, ухаалаг үзэлт, түгээмэл зарчим, чин эрмэлзэл, стандарт бүхий улс төрийн нам төлөвшиж чадаагүй, улс төрийн намын үйл ажиллагаа хууль зүйн хувьд нарийвчлагдан журамлагдаагүйгээс “нам, намын фракцийн гишүүн бол иргэн баян”, “нам баян бол улс баян” гэсэн уриагаар улс төрийн нам гэх бүтэц нь шударга хууль, олон түмний хяналтгүйгээр “ашгийн төлөөх сүлжээний пирамид тогтолцооны компани, бүлэглэлийн бохир бодлого, схем, технологи”-оор ажиллаж байгаа тохиолдолд ухаалаг, сайтар зохион байгуулагдсан, Үндсэн хуульт ардчилсан засаг орших бололцоогүй байна.    

Улс төрийн либерализмд :

Хувийн, бүлгийн үзлээ хүчээр тулгах, өөрсдийнхөөс нь өөр боловч ухаалаг сургаалыг дарах, хувь, бүлгийн ашиг сонирхлоо “төрийн бүтэц”-ээр дамжуулан гүйцэлдүүлэхэд улс төрийн эрх мэдлийг хэрэглэх нь “ухаалаг бус” болно гэдгийг төгс баримтлах,   

Ард түмний тусын тулд aрд түмний мэдэлд байх засгийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэхийн тулд улс төрийн намын бүхий л үйл ажиллагаа ардчилсан, тунгалаг байх, тодорхой үүрэг, хариуцлага хүлээдэг байх зэрэг асуудлыг олон түмний оюуны хүч, санал нэг тохироогоор нарийвчлан зохицуулсан байх нь амин чухал байна.   

 Дээд эрэмбийн эрх ашгийг зөв эрэмбэлэн хамгаалах, хөгжлийн хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, хэрэгжилтийг хангах, нийтлэг эрх ашиг нэрийдлээр явцуу сонирхлоор түмний хөрөнгийг цөлмөх, үр ашиггүй зарцуулахгүй байх нь ардчилсан засгийн гол үүрэг байна.  

Хөгжил, аюулгүй байдлын хүн төвтэй үзэл баримтлал гэдэг нь эрх мэдэлд улайрсан явцуу сонирхлоор “халамж хайр, бидний хишиг” нэрийдлээр татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашиггүй үрэн таран хийх, хувь иргэд, хувийн хэвшлийнхэн хийчих ажлыг төрийн эрх мэдэлтэн булаан авах, бялуу хуваах, мөнгө босгох санаархлаар төрийн албыг зохиомолоор данхайлгах, нам, бүлэглэл, гэр бүл, садан төрөл, нутаг нугын “сүлжээ” үүсгэх зэрэг элдэв бусармаг арга замаар түмний хөрөнгийг цөлмөх, эцсийн дүндээ улс орон, хүн ардыг өрийн дарамт, ядуурал, дампуурал, хараат байдалд хүргэх бодлого биш байна. Төрийн үүргийг Адам Смит оновчтой тодорхойлж, шударга ёс болсон зүй ёсны үзэл санаа бүхэлдээ ардчилсан иргэн, төр, хувийн хэвшлийнхний хөдөлмөрийн зөв хуваарь буюу чиг үүрэгт хамааралтай олон талт асуудлыг дэвшүүлсэн байдаг.

Бидэнд ямар арга зам байна вэ ?

Бид маш харилцан хамааралтай, уялдаа холбоотой дэлхий дээр амьдарч байна. Улс орны тусгаар тогтнол харилцан сөргөлдөөнтэй хөгжлөөр өөрчлөгдөж байна. Ф.Тоффлерын тодорхойлсноор хүн төрөлхтний аюулгүй байдлаа баталгаажуулах үе шат булчингийнх хүчээр тулгах, булчингийн хүчээр тулгахаас мөнгөний хүчээр тохиролцох, мөнгөний хүчээр тохиролцохоос оюун ухааны хүчээр зөвшилцөх арга замаар явж байна. Өнөө цагт дэлхийд оюун ухаан ноёлох болж байх ба хөгжил, аюулгүй байдлын хүн төвтэй үзэл баримтлал чухал байр суурь эзэлж байна. Хөрш орны удирдлага их зохиолчийн “Миний нутаг“ шүлгийг уншлаа гээд алга ташаад байх нь биш, цаадах утгыг нь эргэцүүлэн сэтгэх, сэрэх нь чухал.  Оюун ухааны эрин зуун, шинэ цаг үеийн шаардлага, хандлагыг зөвшөөрч, сэтгэлгээ, арга барил, хандлагаа эрс шинэчлэх, өнөөгийн засаглалын ил, далд аюул, согогийг зөв оношлон залруулах, зөв гольдролоор явуулахад чиглэгдсэн “зөв, цогц бодлого, арга хэмжээ” хэрэгжүүлэх замаар “харанхуй, клептокраци засаг, бусдын урхи, хавх, хүлээс”-ээс ангижран урагшаа тэмүүлж, хөгжих, дэвжих шаардлагатай болоод байна.   

 

Г.ГАНБААТАР

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • 5000
    • 2017-01-08

    manangiin gahainuud

    • Зочин
    • 2017-01-05

    'Ф.Тоффлерын тодорхойлсноор хүн төрөлхтний аюулгүй байдлаа баталгаажуулах үе шат булчингийнх хүчээр тулгах, булчингийн хүчээр тулгахаас мөнгөний хүчээр тохиролцох, мөнгөний хүчээр тохиролцохоос оюун ухааны хүчээр зөвшилцөх арга замаар явж байна' gejee. Really nigga?

arrow icon