Нийтлэл 12 сарын 12, 2016

ҮЛ ХӨДЛӨХ: Дахин нэг сүнстэй хот үүсэх үү?

Сингапуртай хил залгах, Малайзын Жохор Бару хотыг тун удалгүй дараагийн Шэнжэнь болно гэх хүлээлт их байна. Тус хотод “Forest city Johor” хэмээх 100 тэрбум ам.долларын өртөгтэй, 13.8 км.кв газар бүхий шинэ хотхоныг Хятадууд барьж байгаа юм.

“Forest city” нь дөрвөн хиймэл арлаас бүрдэх бөгөөд 700,000 гаруй хүнийг орон сууцаар хангана. Тус хотхонд оффис, парк, зочид буудал, худалдааны төвүүд, олон улсын сургуулиуд байрлаж, өвс ургамлаар чимэглэсэн байх юм. Төсөл хэргэжихэд 30 жилийн хугацаа шаардлагатай. Энэ хоёрдугаар сард барилгын ажлаа эхэлснээс хойш өдгөө 8,000 гаруй байр зараад байгаа гэж төсөл хэрэгжүүлэгч компани нь мэдээлжээ. Ийнхүү нэгэн зэрэг 1000, 1000-аар нь барьж байгаа нь  олон хүнд айдас төрүүлж буй аж. Axis-REIT компанийн захирал Siva Shanker хэлэхдээ “Хот баригдаж дуусмагц хэн энэ бүх байшинг худалдаж авахыг, цаашлаад хэн тэнд амьдрахыг бурхан л мэдэх байх” гэжээ. CH Williams Talhar & Wong-н мэдээллэж буйгаар өнгөрсөн жилд Жохор Бару хотод дахин худалдаж буй томоохон байрнуудын үнэ аль хэдийнээ 10 хувиар унасан байна.

Хятадын хотуудын өсөлт саарч байгаатай холбоотойгоор Хятад компаниуд гадаад зах зээл дээр үйл ажиллагаа явуулах болсон. Тэдгээр компанийн нэг нь  Сингапураас 3 дахин том, Азийн урд хэсэгт байрлах эдийн засгийн хувьд маш онцгой энэхүү газрыг олж хөгжүүлж байгаа аж.

Тус төслөөс иргэд болон үл хөдлөхийн салбарынхан айх шалтгаан бас бий.  Өмнө нь энэ мэтээр хотхон хотхоноор нь барьж, эрэлтгүйн улмаас бүтэлгүйтсэн төсөл цөөнгүй. Үүний хамгийн том, хамгийн ойрын жишээ нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос хотын Канбаши дүүрэг юм. 500 мянган хүнд зориулан барьсан тус дүүрэг ӨМӨЗО-ы чимэг болох учиртай байсан. Гэтэл баригдаж дууссаны дараагаар зөвхөн 2 хувийн дүүргэлттэй үлдэж, орчин цагийн сүнстэй хот гэж нэрлэгдэхэд хүрсэн. Ийнхүү хүнгүйдэх шалтгаан нь эрэлт бага үед их хэмжээний нийлүүлэлт хийсэнтэй холбоотой. Эрэлт гэдэг нь зөвхөн хурдацтай өсч буй эдийн засаг, хүн ам биш ажээ. Үүнд тухайн бүсийн ажил олдоц, үйлчилгээний хүртээмж зэрэг хамааралтай байдаг. Засгийн газраас эрэлтийг бий болгохын тулд төрийн байгууллагууд, эмнэлэг болон хамгийн шилдэг сургуулиудыг Канбаши  руу нүүлгэх арга хэмжээ авсан. Үүний үр дүнд 2015 оны эцсээр 100,000 гаруй оршин суугчтай болсон албан бус мэдээлэл байгаа юм.

Хэдий энэ хоёр хотод ижил төстэй онцлогууд байгаа ч, ялгаатай талууд бас байгаа. Ижил төстэй шинж чанарын хувьд Хятадын компанийн хийж буй ээлжит огцом нийлүүлэлт, өндөр өсөлттэй Азийн зах зээл. Харин ялгаатай нь  Канбаши дүүргийн хувьд бараг цөлд хийгдсэн бүтээн байгуулалт, “Forest city” нь Сингапуртай хил залгах эдийн засгийн өндөр ач холбогдолтой бүс. Маркетингийн идэвхижүүлэлтийн хувьд ч “Forest city”-ын төслийг үзүүлэхээр онгоцны аялал зохион байгуулах зэргээр ялгаатай талууд ажиглагдаж байгаа.   5-р сард нисгэсэн анхны онгоцны хувьд 180-н суудлаас 150-н хүн ирж, үүнээс тал нь худалдан авалт хийгээд буцсан байна. Гэсэн хэдий ч төсөл амжилттай хэрэгжих үү, дараагийн Шэнжэнь,  дараагийн Канбаши болох уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. Учир нь Малайзын хөрөнгө оруулалт буурч, эдийн засгийн өсөлт энэ оны 3-р улиралд 2 хувьд хүрч буурсан. Өнгөрсөн жил орон сууцны борлуулалт 11 хувиар, Жохор Бару хотод 32 хувь буурсан үзүүлэлттэй байгаа юм.

 

Эх сурвалж: Bloomberg.com, Forbes.com

Сэтгэгдэл бичих

    • BoldbaatarS
    • 2016-12-17

    taraan bairshuulah l gej

    • BoldbaatarS
    • 2016-12-17

    nuulgen jshiljuuleltiig hiih beltgel baidag yum shig bna.Kanbashi ch addil

arrow icon