Нийтлэл 06 сарын 27, 2017

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? 2067 оны дэлхийн эдийн засаг

Дэлхийн банкны ахлах эдийн засагч асан Каушик Басу (Kaushik Basu) дэлхийн эдийн засгийн ирэх 50 жилийн дүр зураг ямар байх талаар таамаглал дэвшүүлжээ. Тэрээр технологийн салбар дахь Дижитал хувьсгал ирэх 50 жилийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болохын зэрэгцээ гол сорилт болно гэжээ.

Дэлхийн эдийн засаг аажим хямралын мөчлөгт байна гэж олон экспертүүд үзэж байна. 2008 онд эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямрал орчин үеийн хамгийн удаан үргэлжилж буй эдийн засгийн зогсонги байдал юм. Ерөнхийдөө бүх дунд ба өндөр орлоготой орнуудын ДНБ-нд эзлэх цалингийн хэмжээ сүүлийн 40 жилийн турш тастралтгүй буурсаар ирсэн байна. Тэгвэл ирэх 50 жилд яах вэ?

Өнөөдөр нөхцөл байдал бүрхэг харагдаж байна. Эдийн засгийн зогсонги байдал болон тэгш бус байдал нэмэгдэж буй нь өндөр хөгжилтэй орнуудад ксенофоби (гадаад хүмүүсээс айх айдас-Орч.), үндэсний үзэл сэргэхэд нөлөөлж байна. Үүний жишээ болж Их Британи Европын Холбооноос гарахаа санал хураалтаар шийдсэн, АНУ-ын Ерөнхийлөгчөөр Доналд Трамп сонгогдсон ба одоо тэрээр Парисийн уур амьсгалын хэлэлцээрээс гарах шийдвэр гаргасан зэрэг явдал юм. Нөгөө талд дэлхийн хөгжиж буй орнуудын томоохон хэсэг болох Ойрхи Дорнод, Хойд Африк сөргөлдөөнөөр дүүрч, төр нь нурах эсвэл оршин тогтнох эсэх дээр дэнчигнэж байна.

Ийм тогтвортгүй байдал ойрын ирээдүйд үргэлжлэх хандлагатай байгаа ч үүнээс цааш юу болох талаар төсөөлөл бараг алга. Нуулгүй хэлэхэд урт хугацааны дүн шинжилгээ нь тэнэгүүдийн хийдэг ажил. Жон Мейнард Кейнс 1930-аад онд өнөөгийнхтэй ойролцоо ээдрээтэй цаг үед алдарт “Бидний ач, гуч нарын эдийн засгийн боломжууд” нэртэй эссэгээрээ урт хугацааны таамаглал хийх гэж оролдсон юм. Гэхдээ тэрээр буруу таамаглал дэвшүүлсэн.

Ямартай ч Кейнсийн оролдлого эдийн засгийн ирээдүй рүү өнгийх боломжийн суурь болсон. Ингээд би ирэх 50 жилийн дэлхийн эдийн засгийг зураглаж байна. Би дэлхийн ДНБ жилд 20%-ийн өсөлттэй байх бөгөөд орлого, хэрэглээ дөрвөн жил эсвэл түүнээс их хугацаа тутамд хоёр дахин нэмэгдэх болно.

Эхлээд сонсоход энэ хувилбар бодит биш юм шиг харагдана. Гэхдээ одоогийн байдлаар дэлхийн эдийн засаг жил бүр 3%-иар (сүүлийн хэдэн жил үүнээс дордсон ч гэсэн) өсч байна.

Гэвч дэлхийн эдийн засаг анх удаа ер бусийн өсөлт рүү шилжих гэж байгаа юм биш. Ангус Маддисоны (Angus Maddison) хожим боловсруулсан мэдээллийн дагуу 1500-1820 оны хооронд дэлхийн эдийн засгийн жилийн өсөлт 0,32% байсан бөгөөд дэлхийн нилээдгүй хэсэгт ямар ч өсөлт байсангүй. Энэ үед Хятадын нэг хүнд ноогдох орлого 600$ байв. Тухайн үед амьдарч байсан хүмүүсийн хувьд өнөөдрийн бидний сэтгэлийг гонсойлгох 3%-ийн өсөлт төсөөлөшгүй зүйл байсан. Тэд 1820-2003 оны хооронд дэлхийн эдийн засгийн жил бүрийн өсөлтийг 2,25% хүргэсэн Аж үйлдвэрийн хувьсгалыг яаж урьдчилан харах билээ?

Өнөөдөр Дижитал хувьсгал эдийн засгийн өсөлтийг шинэ түвшинд хүргэнэ гэх хүлээлттэй байна. Мөн бид дэлхийн өнцөг булан бүрийг холбож буй дижитал технологийн хөгжил, технологийн аажим хувьсалын нэг хэсэг болж байна. Үр дүнд нь ажилчид илүү их хөдөлмөрийн бүтээмжтэй болоод зогсохгүй ажил олох илүү өргөн боломжтой болж байна. Жишээ нь хөгжиж буй орнуудын иргэд үндэстэн дамнасан корпорациудад ажиллах боломжтой болсон. Мөн илүү олон ажилчид хөдөлмөрийн зах зээлд оролцож байна.

Энэ трэндийн эдийн засгийн үр нөлөө бүхэлдээ эерэг биш. Жишээ нь АНУ-д ажилгүйдэл 4,3% болж нэмэгдсэн ч дундаж цалин бараг өсөөгүй байна. Бага цалинтай ажилчид гадаадад ажиллах боломжтой болж автомат машинууд илүү их ажил хийж эхэлсэнээс үүдэн технологи “максимум цалингийн тааз”-ыг бий болгож байна.

Энэ таазыг нэвтэлж гарах арга нь хүмүүсийн ажил эрхлэлтийг өөрчлөх явдал юм. Илүү сайн боловсрол, сургалт мөн илүү үр дүнтэй дахин хуваарилалтаар бид автомат машинууд ойрын ирээдүйд хийж чадахгүй урлаг, шинжлэх ухааны судалгаа зэрэг олон салбарт илүү бүтээлч ажил хийх боломжтой.

Нэг томоохон шинэчлэл хийхэд зарцуулах цаг хугацаа, оролцох хүмүүсийг харгалзаж үзвэл ийм ажил хийх нь дэмий юм шиг харагдаж магадгүй гэхдээ нэг шинэчлэл бүх хүний амьдралын стандартыг дээшлүүлэх эхлэл болдог. Цаашлаад бүтээлч салбар өргөжсөнөөр өсөлт араас нь залгаж явах болно.

Энэ үр дүнд хүрэх нь бүрэн тодорхойгүй. Үүнийг хийхэд бидний эдийн засаг, нийгэмд суурь өөрчлөлт явагдах шаардлагатай.

Эхлээд бид ажилчдыг илүү бүтээлч ажил руу хүндрэлгүй шилжих боломжийг бий болгохоор ажиллах хэрэгтэй. Үүний тулд насанд хүрэгчдийг дахин сургалтанд хамруулах зэргийг багтаасан боловсролын системийн суурь өөрчлөлт хийх хэрэгтэй. Мөн ажлаа алдсан хүмүүст санхүүгийн зөөлөвч бэлдэх бодлого, хөтөлбөрүүдийг хийх хэрэгтэй. Үүнийг хийхгүй бол автомат машинуудын эзэд, хувьцаа эзэмшигчид технологийн сөрөг үр дагавараас ашиг олж эдийн засгийн бялуунаас илүү том хэрчим авах болно. Дэлхийн улсууд дотооддоо орлого хуваарилах ямар нэг хэлбэрээр энэ үр дүнд хүрч болно. Тодруулбал ажилчид улсын нийт орлогын 15-20%-ийг “эзэмшдэг” байх хэрэгтэй юм.

Мөн хэрэглээний хэлбэр өөрчлөгдөх хэрэгтэй. Хэрвээ дөрвөн жил тутам хэрэглээ хоёр дахин нэмэгдвэл зэрэгцээд авто машинуудын тоог нэмж, зам уртасгаж, нисэх онгоцнууд илүү их нисэх хэрэгтэй болох бөгөөд бид дэлхийн нөөцийн хязгаарыг давах болно. Дундаж наслалт ихсэж хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлж буйтай холбогдон энэ байдал илүү бодит болох юм. Үүнд тохирсон зөв хамгаалалт нь баялагийн үлэмж хэсэг эрүүл мэнд, хүрээлэн орчны тогтвортой байдал руу чиглэсэн байх ёстой.

Хэрвээ бид ирэх жилүүдэд иймэрхүү бодлогын өөрчлөлт хийж чадахгүй бол ирэх 50 жилд дэлхийн эдийн засаг эсрэг туйл руугаа очих болно. Үйл явдал ийм байдлаар өрнөвөл 2067 онд илүү их тэгш бус байдал, зөрчил, эмх замбараагүй байдал гаарч айдас, гутрал дээр тоглосон удирдагчдыг сонгосоор байх болно.

1967 онд дэлхийн эдийн засаг, эрүүл мэндийн салбарт том инновациуд (Лондонд анхны ATM суурилуулсан, Өмнөд Африкт зүрх шилжүүлсэн суулгах мэс заслыг анх удаа амжилттай гүйцэтгэсэн) нэвтэрсэн. Хэрвээ 2067 он энэ шинэчлэлүүдийн зуун болно гэвэл одоогийн хүндрэл нь дэлхийн удирдагчдыг илүү хөгжилтэй, тэгш, тогтвортой ирээдүйд хүргэх шинэ бодлогуудыг хөгжүүлэх, хэрэжүүлэх урам зориг болох ёстой.

Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.project-syndicate.org

 

Сэтгэгдэл бичих

arrow icon