Нийтлэл 07 сарын 15, 2017

ОБЕГ-аас иргэдийг дураараа түймэр унтраах ажилд явахгүй байхыг анхаарууллаа

Сэлэнгэ, Төв аймгийн сумдад гал түймэр гараад байгаатай холбоотойгоор Фэйсбүүк олон нийтийн сүлжээнд "Гал сөнөөгчдөд туслах групп" байгуулагдаж, нэг өдрийн дотор 50 мянга орчим иргэд нэгдээд байна. Тус группын зүгээс Онцгой байдлын ерөнхий газартай холбогдож, түймрийн талаарх мэдээлэл болон иргэдэд хүргэх анхааруулга зөвлөмж авсныг хүргэж байна.  

Долдугаар сарын 15-ны Бямба гараг, 14 цагийн байдлаар улсын хэмжээнд Сэлэнгэ аймгийн  Ерөө, Мандал сумын Түнхэл тосгон, Хүдэр суманд 8 түймрийн голомт, Төв аймгийн Батсүмбэр сум, түүнчлэн Хан Хэнтийн дархан цаазат газрын Асралт хайрхан зэрэг уул нуруудад 4-5 түймрийн голомттой байгаа аж. ОБЕГ-ын зүгээс иргэдэд сайн дураараа түймэр унтраах ажилд явахгүй байхыг санууллаа. Түймрийн голомтод салхины чиг тогтворгүй, урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөл байдал үүсэх эрсдэл өндөр учраас иргэдийг өөрийн амь бие, эрүүл мэндийг аюулд учруулж, бэлтгэлгүй, зөв мэдээлэлгүйгээр  нэг нэгийгээ уриалах, хувийн унаа хөсгөөр түймэр унтраах газар руу очихгүй байхыг анхааруулжээ. Засгийн газрын тогтоол, албан ёсны шийдвэр гарч байж иргэдийг түймэр унтраах ажилд дайчилдаг дүрэмтэй агаад одоогоор тийм шийдвэр, удирдамж гараагүй байна. Харин хүмүүнлэгийн тусламж, хүнс, хувцас техник хэрэгслийг ОБЕГ-ийн холбогдох албанд албан ёсоор хандаж хүргүүлэх боломжтой аж. 

Өнөөдөр Засгийн газар шуурхай хуралдаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс шаардлагатай тохиолдолд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс хүн хүч, техник хэрэгсэл дайчлах боломжийг бүрдүүлэхийг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд үүрэг болгосон байна. 

arrow icon