Нийтлэл 08 сарын 10, 2017

СОНГОДОГ УРЛАГ: Густав Климтийн модерн урсгалд оруулсан хувь нэмэр

 

Густав Климт нь XIX зууны үеийн Австрийн нөлөө бүхий зураач бөгөөд Венийн урлагийн Салан тусгаарлах хөдөлгөөний тэргүүлэгчдийн нэг билээ.

Климт 1862 онд Венид Моравиан гаралтай нийгмийн дунд ангийн нэгэн гэр бүлд мэндэлжээ. Түүний эцэг сийлбэрчин, алтны дархан хүн байсан тул амьдралд хүрэлцэхээргүй бага хэмжээний мөнгө олдог байв. Зураачийн хүүхэд нас ядуу зүдүү амьдрал дунд өнгөрсөн ч тэрбээр насан туршдаа гэр бүлдээ санхүүгийн туслалцаа үзүүлсээр ирсэн.

Густав аавынхаа замаар сийлбэрчин, уран дархан болохоор хоёр ахын хамт Венийн Урлаг, гар урлалын сургуульд сурахаар явсан бөгөөд тухайн үед урлаг, гар урлалын сургууль Венийн Дүрслэх урлагийн академийн доодост зориулагдсан хувилбар нь байжээ. Гэсэн хэдий ч сурагчдадаа маш сайн боловсрол олгон, урлагийг түүхийн болон техникийн бүх талаас нь сайн заадаг байлаа. Түүнчлэн сайн суралцсан оюутнуудад Академид элсэн орох боломжийг олгодог байв.

Климт тун удалгүй өөрийн авьяас билгээ харуулж хорин насандаа хэд хэдэн томоохон хэмжээний чимэглэлийн бүтээл туурвиж амжжээ. Густав 1879 онд өөрийн дүү Эрнест Климт болон тухайн үеийн бас нэгэн нэртэй зураач Франц Матчийн хамт Эзэн хаан Франц Жозеф болон хатан Элизабетийн хуримын 25 жилийн ойн ёслолын ажиллагаа явагдах Фестзугийн зохиомж дээр амжилттай ажилласан билээ.

Сургуулиа дүүргэсний дараагаар Матч болон Эрнест Климтийн хамтаар өөрийн гэсэн урлангаа нээлээ. Тэд барилгын тэр дундаа театрын дотоод декорацийн чиглэлээр голчлон ажилладаг байв. 1880 он гэхэд өөрсдийн ур чадвар болон театрын дотоод засал, чимэглэлийн бүтээлээрээ Австри-Унгарын эзэнт улсад тэдний нэр алдар нь байсан юм. Өнөө хэр нь тэдний бүтээлүүдийг Австри, Унгарт харж болно. 1885 онд тэд хатан хаан Элизабетийн Венийн ойролцоох Вилла Хермес дэх зуслангийн байрыг барих даалгавар авчээ. 1886 онд зураачид Венийн Бургтеатрын заслыг хийх урилга авсан ба аль хэдийн Австрийн хамгийн шилдэг засалч, чимэглэгчид болсон байв. Энэхүү төсөлд Климтийн “Тесписийн мухлаг”, “Тармониагийн театр” зэрэг бүтээлүүд багтсан байдаг.

1888 онд театрын засал дууссаны дараахан зураачдыг Алтан загалмайгаар шагнаж, харин Климт хожим түүнийг алдрын оргилд хүргэх бүтээл болсон Хуучин Бургтеатрын гол танхимыг зурах урилга хүлээн авсан байна. Гэрэл зурагнаас ялгархааргүй гүйцэтгэлтэй уг бүтээл нь натуралист чиглэлийн хамгийн шилдэг бүтээлийн нэг юм. Уг бүтээлийг туурвисны дараа Климт Эзэн хааны шагнал хүртэж, дээдсийн хөрөг зураач төдийгүй тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг уран бүтээлч болжээ. Тэрбээр классизист зураачдын хүрч чадаагүй итгэмээргүй амжилтанд хүрсэн цөөн уран бүтээлчдийн нэг. Климт өөрийн амжилтандаа сэтгэл ханахгүйгээр улам шаргуу хөдөлмөрлөж, цаг ямагт шинэ урсгал, хэв маяг эрэлхийлдэг байв.

Энэ үед Климт дотны хоёр хүнээ зэрэг алдаж,  нийтийн амьдралаас дайжин Япон, Хятад, эртний Египтийн болон Миссирийн уран барилга, чимэглэлийн хэв маягуудаас гадна орчин үеийн урлагийн хэв маяг, жанруудыг судлан туршихад бүхнээ зориулах болжээ. 1893 оноос Венийн Их сургуульд зориулсан “Гүн ухаан”, “Анагаах ухаан” болон “Хууль зүйн ухаан” бүтээлүүдээ туурвиж эхэлсэн байна. Эдгээр гурван зургийг 1900 он гэхэд бүрэн дуусгасан ч зурагнуудад илэрхийлэгдсэн үндэсний хэт үзлээс болж ширүүн шүүмжлэлд өртсөн гэдэг. Харамсалтай нь эдгээр бүтээлүүд Дэлхийн II дайны үед устгагдсан ба зөвхөн хар цагаан хуулбар нь л үлдсэн байна.

Дараагийн 5 жилийн хугацаанд Климт маш цөөхөн бүрэн хэмжээний бүтээл туурвисан хэдий ч энэ үед зурсан зурагнууд нь түүний уран бүтээлийн хувьслыг тодорхойлдог “Хайр”, “Хөгжим” зэрэг бүтээлүүд багтана.

Климт тухайн үеийн Австрийн уран бүтээлчдийн эсрэг ганцаараа тэмцэж байгаагүй юм. 1897 онд 40 гаруй уран бүтээлчдийн хамтаар Урлагийн Академиэс татгалзаж “Австрийн зураачдийн эвлэл” нэртэй байгууллага байгуулсан бөгөөд удалгүй “Салан тусгаарлалт” нэрийг олжээ. Климт дараахан нь байгууллагынхаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд энэхүү байгууллага нь тодорхой нэг урсгал, хэв маягийг дэмжих зорилгогүй байсан ч классизмын эсрэг үйл ажиллагаа явуулдаг байлаа.

Тэд 1898 онд анхны үзэсгэлэнгээ гарган ихээхэн амжилт олсон юм. Эзэн хаан Франц Жозеф үзэсгэлэнд өөрийн биеэр морилж, Салан тусгаарлагчид уран бүтээлээ үргэлжлүүлэн туурвих санхүүгийн дэмжлэг үзүүлэгчтэй болжээ. 1898 онд Салан тусгаарлагч Климт анхны томоохон хэмжээний захиалгаа хүлээн авлаа. Тэрбээр Венид амьдардаг Грек худалдаачин Николаус Думбагийн харшид хөгжмийн өрөөг тохижуулан өрөөний доторх тавилга, эд зүйлсийн зохиомжийг гаргаснаас гадна “Хөгжим” болон “Шуберт төгөлдөр хуурын ард” гэсэн хоёр зураг зуржээ. Харамсалтай нь энэ хоёр зураг устаж үгүй болсон.

Яг энэ цаг мөчид Климт бидэнд үлдээсэн хамгийн үнэтэй дурсгалууд болох гайхамшигт хөрөг зургуудаа зурж эхэлсэн байна. Эдгээр бүтээлүүд нь “Сониа Нипсийн хөрөг”, “Серена Ледерерийн хөрөг” юм. Климт төгс дүр төрхийг гаргаж зурдаг байсан бөгөөд хөрөг зурах бүртээ хэдэн зуун ноорог зураг зурдаг байлаа. Өөрөөр хэлбэл зуруулж байгаа хүний сэтгэл нь ханатал дахин дахин зурдаг байжээ. Өөрийн олж авсан боловсрол нь Климтийг сонгодог зураг зурахад хүргэдэг байсан гэж болно. “Паллас Афин”, “Нүцгэн Веритас” зэрэг бүтээлүүдийг дурьдаж болно.

Түүний сонгодог бүтээлүүдийнх нь өгүүлэмж уламжлалт зурагнуудаас ялгаатай байсан нь эргээд шүүмжлэлд өртөх нэг сэжүүр болдог байв. Яг энэ үед Венийн их сургуульд зориулж зурсан гурван зургаа бүрэн дуусгасан нь тухайн үеийн дуулиан шуугианы бай болжээ. Эдгээр шүүмжлэл, дуулиан шуугианы хариулт болгож илүү өдөөн хатгасан маягтай нүцгэн хүмүүсийг дүрслэсэн “Алтан загас” бүтээлээ туурвин, 1900 онд Парист болсон үзэсгэлэнгээс “Гүн ухаан” зураг нь алтан медаль хүртсэн гэдэг. Климт 1902 онд “Бетховен Фриез” бүтээлээ туурвисан бөгөөд энэ бүтээлээрээ Бетховений Есдүгээр симфонийг зургаар илэрхийлэхийг зорьсон байна. Энэ үед Климт Венийн дээгүүрт тооцогдох загварын пүүсийн эзэн, олон жилийн харилцаатай амраг бүсгүй Эмилле Флогийн байшингийн зохиомж дээр ажиллаж байлаа. Энэхүү ажил нь түүний зургийн хэв маягт маш их өөрчлөлт авч ирсэн юм. 

1903 онд тэрбээр Италид хоёронтоо зорчсон ба Равеннагийн алтан шигтгэмэл зураг түүнд маш ихээр нөлөөлсөн. Энэ нь түүний “алтан хэв маяг”-ийнх нь эхлэл байлаа. Мөн онд Бельгийн худалдаачин Альфонс Стоклет түүнийг хамгийн сүүлийнх нь ханын чимэглэлийн бүтээл болох Стоклетийн Фриезийг бүтээх санал тавьжээ.

Энэ үед Климтийн байгалийн бүтээлд Ван Гогийн хэв маяг ихээр нөлөөлөх болсон ба “Хөдөөний цэцэрлэг”, “Наранцэцэгийн цэцэрлэг” болон “Наранцэцэг” бүтээлүүдээс харж болох юм.

Климт 1904 оноос 1908 оны хооронд өөрийн хөрөг зурах арга барилаараа үргэлжлүүлэн зурсаар байсан. Түүний зурсан хөрөг зурагнуудаас дурдвал “Хермайн Галлия”, “Маргарет Стонбороу-Витгенштейн”, “Фритза Риедлер”. Энэ үед зурагдсан алтан стилийн зурагнуудад “Данае”, “Найдвар 2”  болон түүний хамгийн алдартай зурагнуудын нэг болох “Үнсэлт” ордог.

1909 онд Жюдит II үзэсгэлэнгээ гаргаад, тэр намраа Парисыг зорьжээ. Парист тэрбээр зураач Анри де Тулу болон Фауве бүлэг зэрэг пост-импрессионист уран бүтээлчидтэй танилцсан. Тэдгээр зураачдын бүтээл Климтэд маш их таалагдсан бөгөөд өөрийн алтан хэв маяг нь дулимаг болохыг олж харав. Түүний “Малгайтай хатагтай” хэмээх бүтээлийг Парист хийсэн аялалынх нь тусгал гэж хэлж болно.

1910 онд Климт өөрийн Алтан хэв маягаасаа татгалзсан. Энэхүү хэв маягаар зурагдсан сүүлчийн бүтээлүүдийн нэг нь “Үхэл ба амьдрал" юм. Уг бүтээлээ 1911 онд Ромд зохион байгуулагдсан олон улсын үзэсгэлэнд танилцуулсан бөгөөд уг үзэсгэлэнгийн тэргүүн байранд шалгарч байжээ. Гэсэн хэдий ч зураач өөрийн бүтээлдээ сэтгэл хангалуун бус байлаа. Ингээд 1912 онд зургийн арын дэвсгэр өнгөө алтан бус цэнхэр болгон сольжээ.

1911 онд Стоклет Фриез бүтээлээ Брюселлийн Стоклет харшид сүндэрлүүлэв. Хэдийгээр зургийн ихэнх элементүүд нь түүний уран бүтээлийн эхэн үеийн шинжийг хадгалж байсан боловч зураачийн хожуу үеийн бүтээлүүдэд нь зөөлөн, дулаан өнгөний холимгууд давамгайлж байлаа. 1913 онд Климт “Цэвэр ариун” бүтээлээ Мюнхенд танилцуулж, Будапештэд үзэсгэлэнгээ гаргажээ. 1914 онд Прага хотод өөрийн хамтрагчдын хамтаар үзэсгэлэн гаргав.

1915 онд хайрт ээж нь насан өөд болсон нь зураачид маш хүнд цохилт болсон. Тэрбээр илүү гунигтай, хар бараан өнгөөр зурж эхэлсэн ба “Барбара Флог”, “Шарлотте Пулитзер”, “Фриедирек Мария Бир” нарын хөрөг зураг, “Бэр” болон “Адам Ева хоёр” зэрэг бүтээлүүдээс нь харж болно. Харин сүүлийн хоёр бүтээлээ бүрэн дуусгаж чадаагүй юм.

Австрийн нэрт зураач Густав Климт тархины цус харвалтаар 1918 онд насан өөд болсон бөгөөд амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл уран бүтээлээ туурвиж байсан ч олон тооны бүтээлээ дуусгаж чадалгүй насан эцэслэжээ.

arrow icon