Нийтлэл 10 сарын 11, 2017

АМЬДРАЛ САЙХАН: Дуртай ажлаа хийхэд бэрхшээл тохиолдсон ч жаргалтай байдаг

Бидний амьдарч буй энэ хотын амьдрал өдөр бүр завгүй ачаалалтай өнгөрдөг. Эргэн тойрон бужигнасан сандралдсан олон хаашаа ч юм яарцгааж юунд ч юм зовнин бас догдлон алхдаг. Тэгвэл эдгээр завгүй хүмүүсийн амьдралын хэмнэл ямар бол, энэ завгүй хотод хэрхэн аж төрдөг бол. Бид Улаанбаатар хотод амьдарч буй хүмүүсийн гэрэл гэгээтэй сайн сайхнаас эхлээд амьдралын эрээн бараан бодит дүр зургийг сурвалжлан хүргэдэг билээ. Манай энэ удаагийн зочноор Unuudur.mn сайтын сэтгүүлч Г.Уранчимэг оролцож өөрийн жаргалтай амьдралынхаа нэгээхэн хэсгийг  хуваалцсан юм.

“Намайг Уранчимэг гэдэг. Би Монгол улсын их сургуулийг сэтгүүлч, утга зохиол судлаач мэргэжлээр төгссөн. Сэтгүүлч гэх энэ мэргэжил маань миний өдөр тутмын  амьдралыг адал явдалтай, сонирхолтой болгодог. Өдөр бүр өөр өөр хүмүүстэй уулзаж, шинэ зүйлсийг сурч заримдаа бүр эрсдэл рүү ч түлхэх үе байдаг. Энэ хэрээр өөрийгөө зоригжуулж өөрийн үзэл бодол хандлагаа төлөвшүүлж байх ёстой. Гэхдээ миний үзэл бодол, хандлага бусдад жаахан сонин санагдаж магадгүй. Тухайлбал ихэнх хүмүүс амьдралыг маш том жүжгийн тайз гэж үзвэл би тэр жүжгийнхээ гол дүр нь гэж боддог байх. Би харин үргэлж энэ амьдралын үзэгч нь байхыг хүсдэг. Бусдыг хөндлөнгөөс ажиглаж тэднээс суралцаж, бас туслахыг хичээдэг. Энэ бусдыг ажиглаж сонжих гэсэн сониуч зан минь намайг сэтгүүлч мэргэжил рүү хөтөлсөн болов уу?. Би сэтгүүлчийн мэргэжилдээ маш их хайртай намайг энэ мэргэжилд дуртай болгож энэ мэргэжлээр хоолоо олж идэж, үүнээс аз жаргалыг мэдрэхэд МУИС-ийн багш нарын хичээл заах арга барил салшгүй холбоотой. Багш нар маань онолын хажуугаар амьдралын арга ухаан, бусадтай харилцах ур чадвар,  тэр тусмаа манай тэнхим монгол ахуйг зааж, төлөвшүүлж чаддаг юм. Энэ нь бидэнд ажлын байраа олж нийгэмд хөлөө олоход илүү дөхөм байдаг юм.

 Мэдээж хэрэг шинэ төгсөгч бүрт ажилд ороход бэрхшээл тохиолддог. Надад ч бас тохиолдсон. Анх ажилд орохын тулд өөрийгөө илэрхийлэх ямар нэгэн юм бич гэсэн даалгавар аваад үндсэн ажилтан болох үгүй маань шийдэгдэх гэж байсан юм. Тэгээд би өөрийнхөө тухай би хэн бэ гэхээс илүү МУИС гэж ямар сургууль юм тэндхийн оюутан багш нар ямар хандлагатай ямар хүмүүс байдгийг “Миний мэдэх МУИС” гэж нийтлэл бичсэн маань ажилдаа тэнцэхэд нөлөөлсөн. Ер нь миний амьдралын гэрэл гэгээтэй сайхан дурсамж бүхэн МУИС-тай холбоотой байдаг юм. Биднийг 4-р курст байхад ӨМӨЗО-руу дадлагаар явуулж тэндхийн оюутнууд хэрхэн суралцдаг бидний амьдралын хэмнэл хятад хүний амьдралын хэмнэлээс юугаараа ялгаатайг бид тэднээс юуг суралцаж болох тухайг мэдэх боломж олгож оюутан насны минь нэгээхэн дурсамжийг нэмж өгсөн. Ингээд бодохоор би МУИС-аас зөвхөн диплом өвөртлөн гараагүй, ёс суртахуун хүмүүжил, хүн чанар, амьдрах арга барил гээд олон зүйлийг МУИС-д сурах дөрвөн жилийн хугацаанд багш нар, найз нөхөд, сургуулийн орчноос олж авсан. Оюутан байхдаа багш нарын өгсөн үүрэг даалгаварт өөрийн үзэл бодол хандлага чиглэлийг тусгаж даалгавраа гүйцэтгэдэг байсан. Үүнийг маань багш нар маш сайн дэмжиж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, Уранчимэг гэдэг хүн юу хийж чадах ямар давуу талтайгаа мэдэх боломжийг би МУИС-ийн эрдмийн их өргөөнөөс суралцсан. Тиймдээ ч одоо ажил дээр минь асуудал гардаггүй. Манай ажлын хамт олон маш хөдөлмөрч хүмүүс байдаг. Оюутны ширээнээс дөнгөж гарсан би тэдний дунд орж ажиллах тийм ч амар биш байсан. Мэдэхгүй чадахгүй зүйлс олон учир би ажлын хамт олноосоо өдөр бүр суралцаж өөртөө улам итгэлтэй болж байгаа. Энэ бүхэн надад өдөр бүрийг эрч хүчтэй жаргалтай өнгөрөөхөд сэтгэлийн их дэм болдог юм. Хүн ер нь өөрийн дуртай ажлаа хийгээд өөрийнхөөрөө амьдрахад бүх юм сайхан байдаг. Хайртай хүнтэйгээ байхад замын түгжрэл хүртэл сайхан санагддаг шиг ажлаа хийж  явахад бэрхшээл тохиолдсон ч би жаргалтай байдаг”.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon