Нийтлэл 10 сарын 12, 2017

Маргаашдаа бэлдсэн үү?

Өглөө өмсөх хувцсаа шийдэж ядсаар эсвэл авч явах зүйлсээ хайсаар ажил хичээлээсээ хоцрох үе байдаг. Яарч сандарсандаа өглөөний цайгаа олигтой уулгүй гарна. Олон ам бүлтэй айл бол өглөөний энэ их бужигнааны дараа гэрт үлдсэн хүн эмхлэж цэвэрлэх ажилд үнэтэй цагаа зарцуулах болдог.

Хүүхдээ үргэлж ажлаасаа хоцордог, салан задгай нэгэн болгохгүйн тулд унтахынхаа өмнө МАРГААШДАА БЭЛДДЭГ хэвшилд сургаарай.

Доорх хэдэн зөвлөгөөг хүүхдэдээ уншиж өгөөрэй. Эсвэл бүр өөрсдийн гэр бүлийн соёл, хүүхдийнхээ хичээл сургуулийн онцлогт нийцүүлэн нэмж хасаж өөрчлөөд, түүнийгээ хэвлээд гэртээ сайн харагдахаар газар наачихвал амар байж магадгүй.

Энэ зөвлөгөө мэдээж ямар ч насны хүүхдэд хамаатай. Үдээс хойш хичээлтэй хүүхдэд ч хамаатай.
Эхний хэдэн сар ээж аав, эх эгч нь тусалж болно. Тэрнээс хойш хүүхэд ганцаараа бие дааж хийгээд сурчихна.

*****
УНТАХЫНХАА ӨМНӨ МАРГААШДАА БЭЛДЭЭРЭЙ

1/ ГЭРИЙН ДААЛГАВРАА ХИЙХ
Цагийг нь тулгаж болохгүй. Жишээ нь, 2 дахь өдөр шалгуулах даалгаврыг 1 дэхийн орой биш, ядаж 2 хоногийн өмнө дуусгахыг хичээгээрэй.

2/ ЦҮНХЭЭ БЭЛДЭХ 
- Хичээлийн хуваариа харж хэрэгтэй сурах бичиг, дэвтрүүдээ цүнхлэх: Маргааш хэд дэх өдөр вэ? Ямар хичээл орох вэ? Бүх даалгавраа хийсэн үү?

- Харандаагаа үзүүрлэх, хэрэгтэй үзэг бал, бичгийн хэрэгслүүд бүрэн байгаа эсэхийг шалгах

- Нусны алчуур, сальфетка цүнхлэх: Энэ хоёрыг өдөр болгон авч явах ёстой шүү.

3/ ХУВЦСАА БЭЛДЭХ
Юу өмсөхөө сонгоод эвхэж тавиарай. Оймс, гутал гээд бүх хувцсаа шүү. Цамцаа индүүдсэн үү? Маргаашийн цаг агаарын мэдээ харвал хэр нимгэн зузаан хувцаслах тухай баримжаа авна. Биеийн тамирын хичээлтэй бол бэлтгэлийн хувцас, пүүзээ бэлдээрэй.

4/ СЭРҮҮЛЭГ ТАВИХ
Өглөө унтаад хичээлээсээ хоцрох вий. Тиймээс сэрүүлэг тавиарай. Ухаалаг утсан дээр сэрүүлэг тохируулах бол утсаа орноосоо хол тавиарай. Эсвэл гэрийнхнээсээ “Би өглөө ... цагаас хичээлтэй. Намайг тэдэн цагт сэрээгээрэй” гэж гуйж болно.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon