Нийтлэл 10 сарын 17, 2017

Ерөнхийлөгчид Ч.Хүрэлбаатарыг эсэргүүцэх эрх бий, мэдэл байхгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр батлагдах засгийн газрын сайд нараас Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж ерөнхий сайдад саналаа хүргүүлжээ. 

65 гишүүнтэй эрх баригч намын хувьд дотроо эв зүйгээ олчихсон л бол Сангийн сайдад горилогч Ч.Хүрэлбаатарыг дэмжих боломжгүй гэсэн ерөнхийлөгчийн байр суурь цаасан дээр л тэмдэглэгдэн үлдэж байна.

1996 онд Монголын ардчилсан холбоо эвслээс 3 дахь засгийн газрын ерөнхий сайдаа тодруулахаар хүсэлт тавих үед Ерөнхийлөгч Н.Багабанди Ганхуяг, Бат-Үүл нарыг нэг удаа, Да.Ганболдыг долоон удаа буцааж байсан юм. Элбэгдоржийн Засгийн газар огцорчихоод хэдэн сар болж, ялсан нам ерөнхий сайдаа томилж чадахгүй байсан үйл явдал дээр үндэслэн 2000 оны 12-р сарын 14-ны өдөр Үндсэн хуулинд “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ” гэж өөрчлөлт оруулсан юм. 2000 онд Үндсэн хуулинд орсон энэхүү өөрчлөлт нь эрх барьж байгаа намын эрх мэдлийг төвлөрүүлэн, баталгаажуулж, нөгөө талаас эрх барьж буй намын шийдвэрт гаднаас хяналт тавих боломжийг хязгаарласан юм.

Тиймээс У.Хүрэлсүх кабинетаа сааталгүй байгуулж, Ч.Хүрэлбаатар сангийн сайдад сааталгүй томилогдох эрх Үндсэн Хуулиар олгогдсон. Нэгэнт хөдөлсөн галт тэргийг зогсоох хүч Ерөнхийлөгчид ч, сөрөг хүчинд ч байхгүй.

Сэтгэгдэл бичих

arrow icon