Нийтлэл 10 сарын 19, 2017

Их тайгын хар сувд “Хагийн хар нуур”

“V” телевиз болон “Trends.mn” сайт үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй, хамтын ажиллагааны хүрээнд бид  “V”  телевизийн дэлгэцэнд буусан сонирхолтой, хүртээмжтэй нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна. Бид энэ удаа “V” телевизийн сэтгүүлч Б.Болдбаатар Монгол орны үзэсгэлэнт газруудаар аялан байгалийн сонин содон тогтоц, тухайн газар нутгийн хүмүүсийн аж амьдрал, байгалийн үзэсгэлэнг дэлгэцнээ буулгадаг “Болдко тэмдэглэл” нэвтрүүлгийн “Хагийн хар” нуурын үзэсгэлэнт байгаль, болон ойр орчмын бартаат замаар дөрвөн дугуйт мотоциклоор хоёр хоногийн турш аялсан сонирхолтой, экстрим аяллыг хүргэж байна

“Болдко тэмдэглэл” нэвтрүүлгийн баг  нийслэл хотоос минь зүүн тийш 180 км-д  орших Хэнтийн их Тайгын хар сувд болон гялалзах Хагийн Хар нуур луу жолоо мушгин олон бартаат замыг туулжээ. Уулан дунд эргэн тойрон мод, ногоон нугаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт энэ хавийн газар бол Монгол орны хамгийн ариун дагшнаараа үлдсэн үзэсгэлэнт газруудын нэг юм.  Энэ нутагт буга, хандгай, бор гөрөөс, хүдэр, хүрэн баавгай, чоно, шилүүс, нохой зээх, булга, олон төрлийн зэрлэг ан амьтан хүнээс айх аюул багатай амгалан оршдог.

Мөстлөгийн гаралтай уг нуурын ойролцоо олон тооны цэнгэг уст үзэсгэлэнт нуурууд бий ч хамгийн том талбайтай нь Хагийн хар нуур юм. Социализмын үеэс л уг нуурыг чиглэсэн аяллын маршрут хөтөлбөр боловсруулж газарзүйн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид газарзүйн болоод аялал жуулчлалын нөөц чадамжийг судалдаг байжээ. Хагийн хар нуурыг чиглэх замд торлог, намаг, том жижиг олон гол горхи, уулын унанги мод гээд л байгалийн бартаа саад бишгүй тааралдах аж. Нэвтрүүлгийн багийнхан ч энэхүү бартаат замаар бороо, мөндөрт цохиулан, дөрвөн дугуйт мотоциклийн дугуйг далд ортол намаг шаварт шигдэж хоёр хоногийн турш адал явдлаар дүүрэн аялжээ.

Нуураас зүүн хойш 10 гаран км-ын цаанатай ойн гүнд Анхдугаар Богд Занабазарын байгуулж байсан Сарьдгийн хийдийн туурь бий. Улаанбаатар хот түүхэндээ эл газар байсан гэдгийг зарим эрдэмтэд бичиж тэмдэглэдэг авч өнөөг хүртэл бодит түүх нь өөрийн хэрмэн ханын хамт нууц байсаар. Бөглүү тэр болгон очоод байх боломжгүй энэ газрыг сонгон хийд байгуулж байсан ч хожим Ойрадын Галдан бошгитын цэрэг очиж хийдийг дуусахаас өмнө сүйтгэжээ. Хийд баригдаж дуусгаагүйг илтгэх шавар цац, бурхан урлаж байсан зуухын үлдэгдэл өнөө ч тодхон үлдсэн байдаг байна.

Хагийн хар нууранд очих хэд хэдэн замнал бий бөгөөд нэвтрүүлгийн багынхан Тэрэлж тосгоноор дайран өнгөрч Туул, Хагийн голоо өгсөн очих, эргээд Хэнтийн нуруунаас уруудаж Хэнтийн даваа гэх газар аяллаа өндөрлөжээ.

 “Болдко тэмдэглэл нэвтрүүлгээс” “Хагийн хар” нуур орчмын бартаатай замаар аялсан экстрим аяллыг сонирхоорой.

Сэтгэгдэл бичих

arrow icon