Нийтлэл 11 сарын 13, 2017

Г.Энхтамир: Бид үндсэн цалингаа нэмүүлэхийг хүссэн болохоос 516 мянган төгрөг нэхээгүй

Цалин нэмүүлэх шаардлага тавьсан багш нар өнөөдрөөс эхэлж ажил хаяад байна. Хугацаагүй ажил хаялтад улсын хэмжээнд 177 сургууль, 217 цэцэрлэг, Шинжлэх ухааны 11 байгууллага оролцож байна. Нийслэлийн хэмжээнд ажил хаялт 90 орчим хувьтай явагдаж байгаа бол орон нутагт харьцангуй бага байгааг үйлвэрчний эвлэлээс мэдэгдлээ. Энэ удаагийн ажил хаялтад нийслэлийн цэцэрлэг, сургууль, ШУ-ны байгууллагууд маш өндөр хувьтайгаар оролцож байгаа юм.  Ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн 2 цаг тутамд ажил хаялтад нэгдэхээр бэлдэж байгаа сургууль, цэцэрлэгүүдийг бүртгэж, тоон мэдээллийг гаргаж ажиллаж байна. Зарим цэцэрлэг сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Тухайлбал нийслэлийн 84, 5-р 4-р сургуулиуд өнөөдөр хичээллэсэн бөгөөд хуулийн дагуу ажил олгогчид бичгээр мэдэгдээд маргаашнаас мөн ажил хаялтад нэгдэх юм байна.

 Бид Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн багш нарын төлөөллөөс ажил хаялтын явцыг тодрууллаа. Нийслэлийн 50-р сургуулийн хувьд нийт багшаа гурван хэсэгт хувааж, гурван ангид оруулжээ. Гурван ангид суусан багш нар бичгийн цаасан дээр “Дэвтэр засалтын мөнгө олгох хэрэгтэй”, “Багш нарын хөдөлмөрийг бодитоор үнэлье”, “Цалин нэмэгдүүлэхийг шаардаж байна” зэргээр төрийн түшээдэд хүргэх үзэл бодол, нийгмийн байдлаа цагаан дээр хараар буулгажээ. Түүнчлэн 3-р сургуулийн багш нар ч мөн адил бага болон дунд бүлэг зэргээр хуваагдан, багш нарт тулгамдаж байгаа асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байлаа. Тэд бүх багш нараас гарсан саналаа нэгтгэн албан бичгээр ҮЭ-ийн хороонд хүргүүлэх юм байна.

Ч.Урангоо ЧД-ийн 50-р сургуулийн Математикийн багш


Танай сургууль ажил хаялтад хэдэн хувийн ирцтэй оролцож байна вэ?

Манай сургууль ажил хаялтад 100 хувийн ирцтэй оролцож байна. Бид өөрсдийнхөө аж амьдарлаас гадна Монгол улсын ирээдүйн боловсролын төлөө зайлшгүй ингэж тэмцэх шаардлагатай байна.  Гэхдээ бид хичээлээ зааж чадахгүй хүүхдүүдээ хохироож байгаадаа маш их эмзэглэж байгаа. Энэ асуудлаа даруй шийдвэрлүүлж хэвийн хичээллэхийг л хүсэж байна.

Ажил хаяж буй асуудлаар эцэх эхчүүдийн зүгээс ямар хандлагатай байна вэ?

Эцэг эхчүүдийн зүгээс одоогийн байдлаар ямар нэгэн санал гомдол ирээгүй. Харин ч маш тэвчээртэй хүлээцтэй хандаж байгаа. Мэдээж бид хүүхдүүддээ ажил хаях тухайгаа албан ёсны мэдэгдэл өгч эцэг эхчүүдийнхээ гарт аюулгүй байлгах талаас бүрэн хариуцуулсан гэж үзэж байна.

Ажил хаялтаа цаашид хэдий хугацаанд үргэлжлүүлэх вэ?

Ажил хаялтаа зогсоох уу? Эсвэл цаашид үргэлжлүүлсээр байх уу гэдгийг төр засаг л шийднэ. Өөрөөр хэлбэл төр засгийн зүгээс бидний хүсэлтийг хэр нааштайгаар шийдэхээс шалтгаална гэсэн үг. Цаашид ямар нэгэн шийдвэр гарахгүй эсвэл ойлгомжгүй шийдвэр гарвал ажил хаялт үргэлжлээд магадгүй дараагийн шатны арга хэмжээг авахыг ч үгүйсгэхгүй.

 Г.Энхтамир ЧД-ийн 50-р сургуулийн Түүх, нийгмийн багш

Залуу багш нарын хувьд ажил хаялтад хэрхэн дуу хоолойгоо илэрхийлж байна?

Залуу багш нарын дуу хоолой сайн байна. Өнөөгийн нийгэмд багшийн цалин үнэхээр хаана ч хүрэлцдэггүй. Залуу үеээ дэмжинэ л гээд байдаг.  Гэтэл ямар ч бодит дэмжлэг байхгүй. Залуу багш нарын хувьд цалингаараа 8 хувийн зээлд хамрагдаад байртай болох ямар ч боломжгүй. Тэр тусмаа эрэгтэй багш байна гэдэг айл гэрийн ноён нуруу гэрийн эзэн хүн эхнэр хүүхдээ тэжээх гээд асуудал маш их. Монголд эрэгтэй багш цөөхөн байдгийн гол шалтгаан нь ердөө цалингийн асуудал л байдаг.

Багш нарт  516 мянган төгрөгийг өгнө гэсэн асуудал яригдаж байна. Та болон танай хамт олны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

Тэр 516 мянган төгрөгийн хувьд 300 мянган төгрөг нь угаасаа төрийн албан хаагчдад өгөх төрөөс төсөвт суусан  мөнгө. Харин 216 мянган төгрөгийн хувьд бид нарын урамшууллын 45 хувьд өгдөг мөнгө. Гэхдээ үүнийг 35 хувь болгож бууруулсан. Тэгэхээр энэ бол угаасаа бидний авах ёстой мөнгө.  Харин бидний илүү цагийн мөнгийг  огт ярихгүй байгаа.  Ер нь бидний хүсэж байгаа гол зүйл бол үндсэн цалингаа 50 хүртэлх хувиар нэмүүлэх. 

Багш нар ажил хаяснаар эцэг эхчүүд хүүхдүүдээ яах вэ гэдэг асуудал, үүн дээр нэмээд хүүхдүүдийн сурах, хөгжих эрх хязгаарлагдаж байна. Төр тодорхой арга хэмжээ авахгүй, байдал энэ хэвээр үргэлжилбэл яах вэ? Байдал энэ хэвээр үргэлжлээд сургууль цэцэрлэгүүд хичээл сургалтын үйл ажиллагаагаа зогсоосон хэвээр байвал хамгийн ихээр 1-р ангийн шинэхэн  сурагчид хоцрогдоно гэдгийг багш нар ярьж байлаа. Хамгийн гол нь төр энэ асуудлыг шийдвэрлэх гэж үзэхгүйгээр нүглийн нудийг гурилаар хуурах гэсэн оролдлогууд хийгээд байгаа нь олон олон багш нар ажил хаялтанд нэгдэх үндсийг бүрдүүлээд байгаа юм.

Сэтгэгдэл бичих

    • ganaa
    • 2017-11-14

    Zowoo zow ugasa demjij bna ert oroi bolhol asuudal harinch oroitoj bna bvh ard tvmen negdej ene ve veiin tor barij irsen nohdvvdees yagad iim ih baylagtai baij iim baidald orowoo gej asuuh heregtei

arrow icon