Нийтлэл 12 сарын 07, 2017

Б.Батзориг: Хууль шинэчлэгдэн батлагдсанаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг ангиллын дагуу оновчтой хуваарилах боломж бүрдэнэ

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг эдийн засгийн хөгжил, улс орны байдлаас шалтгаалан  зайлшгүй өөрчлөх, шинэчлэн найруулах шаардлага гарсан. Үүнтэй холбоотойгоор ХХААХҮ-ийн яамнаас  Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг  зохион байгууллаа.

 Жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр 51,917 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 719,172 хүн энэ салбарт ажиллаж байгаа.  Нийт ажиллах хүчний 57%-ийг жижиг дунд үйлдвэрийн салбар эзэлдэг. Түүнчлэн  ДНБ-ний 17,8%,  экспортын бүтээгдэхүүний 2,3%-ийг үйлдвэрлэдэг.  Жижиг, дунд үйлдвэрүүд нь борлуулалт болон ашгийн хувьд том компаниудтай харьцуулахад бага хэдий ч илүү олон хүнийг ажлын байр, амьдралын баталгаагаар  нь хангадаг. Хэлэлцүүлгийн үеэр ХХААХҮ-ийн салбарын хувьд “жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид”-ийг бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Тэгвэл дээрх хууль шинэчлэгдэн батлагдвал жижиг дунд үйлдэрлэгчдэд хүрэх үр өгөөж болоод энэ салбарт гарах ахиц дэвшлийн тухай тодруулсныг хүргэе.

Б.Батзориг: Хууль шинэчлэгдэн батлагдсанаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг  ангиллын дагуу оновчтой хуваарилах боломж бүрдэнэ

Эхний ээлжид  энэ салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэн баталгаажуулж, зээл олгох сангийн хөрөнгийг нэмэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжийн төлдөг 10 хувийн  татварыг нэг хувь болгохоор ярилцаж байна. Хуулийн  хүрээнд дээрх асуудлыг шийдэж чадвал олон мянган иргэдийн ажлын байрыг  хадгалахаас гадна нэмж ажлын байрыг  шинээр бий болгох нөхцөл бүрдэнэ . Хууль шинэчлэгдэн батлагдсанаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг  ангиллын дагуу оновчтой хуваарилах боломж бүрдэнэ. Бичлээс жижиг, жижгээс дунд, дундаас томоохон үйлдвэр, үйлчилгээ эрхлэлт рүү шилжих боломжтой. Улмаар  жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадвар,  нэмүү өртгийн сүлжээнд оролцогсдын тоо нэмэгдэнэ. Цаашлаад эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөж импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих үүд хаалга нээгдэх боломжтой.  Ингэснээр татвар төлөгчдийн тоо, ажлын байр нэмэгдэж, эдийн засгийн  хөгжилд дэвшил гарч, улсын төсөвт тодорхой хэмжээний өсөлт гарах эерэг нөлөө үзүүлнэ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon