Нийтлэл 01 сарын 08, 2018

ОХУ-ын хуурай замын цэрэг 2017 онд

2018 он олон сонин, содон үйл явдлаар эхлэж байна. ОХУ-ын Хуурай замын цэрэгт 2017 онд гарсан онцлог үйл явдлыг та бүхэнд хүргэж байна. 

 

Оросын 3, 42, 144, 150 дугаар мотобуудлагын дивизүүдийг бүрэн хэмжээгээр дэлгэж байгуулах ажил дуусан байлдааны тугаа хүлээн авчээ. Эдгээр дивизүүд байлдааны үүрэг гүйцэтгэхэд бэлэн болсноор Оросын хуурай замын цэргийн бэлэн байдалд нэмэгдлээ.

Өнгөрсөн онд 14 дүгээр армийн корпус, 236 дугаар артиллерийн бригад, 171 дүгээр агаарын десантын батальон, 2 бие даасан өөрөө явагч артиллерийн дивизион, тэнгисийн явган цэргийн бригадын 5 танкийн ротын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулав. 90 дүгээр танкийн дивик, 30 дугаар мотобуудлагын бригад, шүхэр-десантын цэргийн хүчинд 6 нэгж бие даасан танкийн ротуудыг байгуулах ажил дуусчээ. 
Ингэснээр одоогийн байдлаар оросын хуурай замын цэрэг, хими, биологи, үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах, инженер, шүхэр-десант, тэнгисийн явган цэрэгт мотобуудлагын, агаарын десантын, пулемёт-артиллерийн, огнемётны, инженер-дайралтын, шүхэр-десантын 245 орчим батальон байгаа гэнэ. Түүнчлэн 82 танкийн батальон, 16 бие даасан танкийн рот, 130 гаубицын артиллерийн дивизион, 39 тийрэлтэд артиллерийн дивизион/Град, Торнадо-Г/, 47 танк эсэргүүцэх артиллерийн дивизион, 8 бие даасан өөрөө явагч том калибрын артиллерийн дивизион, 8 бие даасан өөрөө явагч/НОНА-С, НОНА-СКВ, Хоста/, 191 миномётын батарей үүрэг гүйцэтгэж байгаа бололтой. 
Сүүлийн нэг жилийн хугацаанд Т-72Б/Т-72Б3/Т-80БВ загварын 400 орчим нэгж танкийг сайжруулах ажил хийгдсэн байна. Тухайлбал "Уралвагонзавод" үйлдвэрээс 51 нэгж "Т-72Б3" танк, харин 61 дүгээр хуягт танкийн засварын завод нь 49 нэгж "Т-72Б" танканд сайжруулалт хийж зэвсэглэлд нийлүүлжээ. 


Шинээр байгуулагдсан артиллерийн анги, нэгтгэлүүд 152 мм-ийн калибрын "2А65 Мста-Б"/чирэгч/, "2С19 Мста-С", "2С3 Акация"/өөрөө явагч/ артиллерийн их буугаар зэвсэглэсэн. Гэхдээ их бууны системүүдийг шинэчлэх ажил тун чамлалтай явагдаж байгаа ажээ. Тухайлбал өнгөрсөн онд дөнгөж 20 нэгж сайжруулсан "2С19М2" өөрөө явагч их буу, 30 нэгж "2С3М", "2С19М1" загварын их бууг хүлээн авчээ. Хуурай замын цэрэгт ойролцоогоор 1700 нэгж артиллерийн систем байгаагийн 400 орчим нэгжид л өнгөрсөн жилүүдэд сайжруулалт хийгдсэн байна. 
2017 онд хуурай замын цэрэг 100 нэгж БМП-3 , 62 нэгж БМД-4М, 20 нэгж БТР-МД , 100 нэгж БТР-82А хуягт тээвэрлэгч зэвсэглэлд хүлээн авчээ. Түүнчлэн цэрэгт техникийн их засвар, сайжруулалт хийгдсэн 400 нэгж БМП, БМД, БТР хүлээн авсан гэнэ. Тухайлбал өнгөрсөн жил 81 дүгээр хуягт танкийн засварын завод нь 160 нэгж БТР-80/82АМ хуягт тээвэрлэгчид бүтэн засвар хийжээ. Шинээр эмхлэн байгуулагдсан 3 болон 144 дүгээр мотобуудлагын дивизүүд 20 гаруй нэгж "Торнадо-Г" тийрэлтэт артиллерийн систем хүлээн авчээ. 
Хойд хөршийн эдийн засгийн байдал, хүн ардын аж амьдрал хүнд байгаа хэдий ч зэвсэгт хүчнээ шинэчлэх, орчин үеийн зэвсэг, техник, онгоц, нисдэг тэрэг, усан онгоцоор хангах ажил тасралтгүй явагдаж байна. Урд хөрш ч гэсэн батлан хамгаалах салбартаа асар их хөрөнгө оруулалт хийж байгаа нь нууц биш. Энэ бол бидэнд өгч буй хамгийн наад захын дохио гэж ойлгож байгаа. Учиргүй онгоц, нисдэг тэрэг, их буу худалдаж авдаггүй юмаа гэхэд ядахдаа буудлагын зэвсгээ ялангуяа гадаадад үүрэг гүйцэтгэж буй цэргүүдийнхээ буудлагын зэвсгийг нэн түрүүнд шинэчилчихвэл тун буянтай ажил болохсон.

Сэтгэгдэл бичих

arrow icon